Чингисийн хурдны замыг хурдлуулахад төрөөс дэмжлэг үзүүлнэ
Чингисийн хурдны зам
2015.07.10

Чингисийн хурдны замыг хурдлуулахад төрөөс дэмжлэг үзүүлнэ

Үндэсний бүтээн байгуулалтын “Чингис Лэнд Девелопмент Групп” Ази-Европийг холбосон эдийн засгийн томоохон төслүүдийн тооцоо судалгаан дээр сүүлийн зургаан жилийн турш ажиллажээ.

Ингэхдээ зөвхөн Монгол Улсынхаа хэмжээнд бус хөрш орнуудын бизнесийн томоохон групп, корпорациудтай хамтран ажиллаж, төслүүдээ харилцан уялдуулах чиглэлд ихээхэн цаг хугацаа зарцуулсан байна.

Чингисийн зам нь Азийн хурдны авто зам сүлжээний нэг хэсэг бөгөөд хойшоо ОХУ-ын Транс-Евразийн гол замтай нийлэх, урагшаа БНХАУ-ын Бээжин хотоор дамжин Тяньжин боомт хүрэх хурдны замын Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүрх хэсэг юм.

Өнгөрсөн жил гаруйн хугацаанд тус групп нь төслийн зам барилгын ажлын өмнөх бэлтгэлийг хангаж, одоо зураг төсөл боловсруулах ажил дуусах шатандаа явж байна. Энэхүү төсөл нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хийж буй манай улсын хамгийн том төсөл бөгөөд төслийн нийт хөрөнгө оруулалт нь 10-12 тэрбум ам.доллар болох ажээ.

Концессийн гэрээгээр төрөөс санхүүгийн баталгаа шаардахгүй, төсөвт хүндрэл учруулахгүйгээр олон улсын зах зээл дээрээс хөрөнгө оруулалт босгон бүтээн байгуулалтдаа зориулахаар ажиллаж байгаа ба Чингис Лэнд Девелопмент Групп нь уг хурдны замыг гурван жилийн хугацаанд барьж ашиглалтанд оруулах зорилт тавин ажиллаж  байна.

2015 оны долдугаар сарын 6-нд УИХ-ын дарга З.Энхболд Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн  “Чингисийн зам” төслийн ажлын явцтай танилцлаа. Хойд хилээс урд хил хүртэл нийт 1000 км замыг  хоёр урсгал, зургаан эгнээтэй барих ба зам дагуу дэлгүүр, зоогийн газар, зочид буудал бүхий амралт үйлчилгээний цогцолборууд, зам засварын нэгжүүд олноор баригдаж олон мянган ажлын байр бий болно. Мөн зам барилгын ажлын явцад 20-30 мянган түр ажлын байр бий болох бөгөөд мөн манай улсын олон зуун компанид бизнесийн орон зай бүрдэх юм байна.

УИХ-ын дарга З.Энхболд уг төслийн ажлын явцтай танилцаад “Монгол Улс байршил болоод өөрийн баялаг, нөөц бололцоондоо тулгуурлан хөрш орнуудтайгаа хамтран ажиллах, улмаар дэд бүтцийн том бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх, гадаад зах зээлд гарч бусад орнууд руу бүтээгдэхүүн, түүхий эд, эрчим хүч экспортлох боломжтой.

Үүний нэг жишээ нь энэ хурдны авто зам юм. Бид үндэсний компаниудынхаа томоохон төслийн зөв зохистой санаачлагуудыг дэмжин ажиллах болно. “Чингисийн зам”-ын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд засаг төрийн зүгээс гаргах ёстой шийдвэрүүдийг хурдавчлах, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төр бүх талаар дэмжин ажиллах ёстой.” хэмээн уулзалтын үеэр онцлон хэллээ.

Хурдны авто замын энэхүү бүтээн байгуулалтын ажилд Их Британи, Итали, Франц, Испани, БНХАУ болон ОХУ-ын дэлхийн хэмжээний томоохон компаниуд оролцож байгаа ажээ. Уг хурдны зам нь Монгол улсад баригдаж буй хамгийн том бүтээн байгуулалт бөгөөд Туул, Орхон голууд дээр хоёр км орчим урт татлагат гүүр мөн уулархаг газруудад хэд хэдэн хэсэгт туннель барих юм байна.

Тэртээ 1963 онд Энхтайваны гүүрийг барьж байсан бүтээн байгуулалтын дэлхийн шилдэг компани болох СССС компани Туул гол дээгүүр барих хоёр км орчим татлагат гүүрийн зураг төслийг боловсруулах ажил дээр мэргэжлийн туслалцаа үзүүлж байгаа гэдгийг тус группийн инженерүүд хэлж байлаа.

Гадаадад явахдаа л хардаг урлагийн бүтээл шиг гайхамшигт гүүрийг Монголдоо барьж, түүгээр салхи татуулан давхих өдөр ойрхон байна.