Ардын нам ардынхаа дунд ажиллалаа
“Бид хамтдаа” аян
2015.06.11

Ардын нам ардынхаа дунд ажиллалаа

МАН хэдхэн хоногийн өмнө удирдах ажилтны зөвлөгөөнөө хийсэн билээ. Энэ зөвлөгөөний үеэр “Бид хамтдаа” аянаа ч эхлүүлсэн.

“Бид хамтдаа” аян зургаан сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд МАН-ынхан айл бүрт захидал бичнэ. Захидлын хариуг хүн бүр бичиж буцааж илгээх хүсэлтийг ч давхар дайж байгаа. Захидлаар иргэдийн санал, бодлыг нь авахаас гадна аймаг, дүүрэг, хороо, баг бүрт намын удирдлагууд очиж уулзалт хийх юм.

Ер нь МАН энэ зургаан сарын хугацаанд Монгол Улсынхаа иргэн бүртэй гар барилцан золгох том зорилготой гэдгийг аяны нээлтийн үеэр тус намын удирдлагууд хэлж байлаа. Тэд хэлээд орхисонгүй, ажилдаа шууд оржээ. Үүний илэрхийлэл болгож өчигдөр “Бид хамтдаа” аяныхаа нээлтийг нийслэлийн дүүргүүдэд эхэлж байгаагаа зарлалаа. Ингэснээр дүүргийн хороо бүрт очиж иргэдтэй уулзалт хийх аж.

Уулзалтын шанг нийслэлийн “зүрх” болсон Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны намын үүрээс эхлүүлсэн нь ч тохиолдлын явдал биш байсан болов уу. Уулзалтад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, Чингэлтэй дүүргийн намын хорооны дарга Д.Ганболд зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Өндөр настан голдуу олон хүн уулзалтад оролцож намын бүлгийн даргын үгийг сонсохоор иржээ. С.Бямбацогт улс орны өмнө тулгамдсан олон асуудал байгааг хэлж энэ бүхэн дээр тэдний санал бодлыг сонсохыг хүсч байгаа гэдгээ илэрхийлсэн юм. Тэрбээр иргэдэд тулгамдаж байгаа  асуудлыг сонсч шийдвэрлэх, шийдэх боломжгүйг нь 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгаж ажиллана.      

Түүнчлэн Засгийн газарт хамтарч ажиллаж байгаагийн хувьд амьдралаас урган гарсан бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байгаа талаар дурдсан. С.Бямбацогт “Манай нам сөрөг хүчин хэвээрээ яваад 2016 оны сонгуульд оролцох боломж байсан. Гэхдээ эрх барьж чадахгүй байгаа АН-д тусалъя, ард түмний амьдралыг бодъё гэж Засгийн газарт хамтарсан. Хамтарч ажиллалаа гээд өргөс авсан юм шиг бүх зүйл гэнэт сайхан болохгүй. Гэхдээ сөрөг хүчин байхад авч чаддаггүй хаалттай байсан ' мэдээллүүдийг авдаг болсон.

Ингэснээр нийгэм, эдийн засагт бидний төсөөлж байснаас илүү аюултай нөхцөл байдал үүссэн байсныг олж мэдлээ. Үүнийг залруулахын тулд ажиллаж байна" гэлээ. Түүнчлэн Үндсэн хуулийн өөрчлөлт, Тавантолгой, Оюутолгой, Гацууртын орд буюу Ноён уулын асуудал, Сонгуулийн хууль гээд шийдэлд хүрч чадахгүй олон асуудал байгааг хэлж, энэ бүхэн дээр санал бодлоо илэрхийлэхийг хүссэн. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх, наториатаар батлуулаад газраа

барьцаанд тавьсан бол шүүхийн шийдвэргүйгээр үл маргах журмаар газрыг нь хураах зэрэг хуулийн төсөл оруулж ирж хэлэлцүүлж байгаад ямар байр суурьтай байгааг иргэдээс асуусан. Уулзалтад оролцогчид намын удирдлагын яриаг сонссоны дараа өөрсдийн санал бодлоо хэлж, асуулт асууж хариултаа ч нэхэж байгаад авсан. Тэднээс төлөөлөл болгон дараах хүмүүсийн байр суурийг сонирхлоо.

Г.Бадарч:   Намын удирдлагууд ирж уулзаж байгаад маш их баяртай байна. Манай нам дээр үед яг ингэж ажилладаг байсан. Ёстой хуучны явдал санагдууллаа. Би 1964 оны гуравдугаар сарын 8-нд намд элсч байлаа. Тэр үед нам маань шударга, хэлсэн ярьсан нь биелдэг. Сонин радиогоор зөвхөн үнэнийг ярьж, бичдэг байлаа. Гэтэл энэ нийгмийн учрыг олохоо байлаа. Үнэн яриад байгаа юм уу ялгаж салгах боломж ч алга болж. Худлаа ярих нь давамгайлаад байх шиг.

Ер нь төр засагтаа итгэх ард түмний итгэл суларч байна. Орооцолдсон утас шиг учир нь олдохоо байсан яачихсан төр засаг вэ гэж хүмүүс халаглаж байна. Үүнийг энэ хүмүүс анхаараасай. Манай намын бодлого зөв явж байгаа. Гэхдээ намын үүр муу ажиллаж байна. Миний үед намын үүр сар бүр тогтмол хурлаа хийж, гишүүдийнхээ саналыг авдаг, дараагийн хурлаар түүнийхээ хариуг өгдөг.

Ямар арга хэмжээ авснаа илэн далангүй ярьдаг байлаа. Одоо бол хүн үгээ хэлж л байх юм. Эргээд хариулт өгнө гэж байхаа больжээ. Үүрийг ажиллуулмаар байгааг удирдлагууд анхаарах биз. Энэ их газрын баялаг, мал сүрэгтэй ийм сайхан байгальтай орон яагаад хямралд орчиховоо. Хямралд оруулсан улстай яагаад хариуцлага тооцохгүй байна вэ. Гэтэл ард түмэн хямруулсан юм шиг иргэд рүүгээ дайраад байх юм. Энэ байдал их эмзэглэмээр санагддаг боллоо.

Ганган машин, өндөр байшин сүндэрлэж байна. Хот суурин газар ингэж хөгжилгүй яах вэ. Гэхдээ юуны түрүүн ард түмнээ бодож, тэднийгээ баяжуулж байж улс орон өөдөлж дэвждэг юм. Өнөөдөр ард түмний амьдрал ядуу байна. Ийм байхад улс яаж баян болох юм бэ. Би насаараа тээврийн байгууллагад ажилласан. Автобус баазыг жолоочтой болгож, халуунд халж хүйтэнд хөрч' бүх насаараа хөдөлмөрлөсөн. 1980 онд намайг “Гавьяат тээвэрчин” шагналд тодорхойлсон. Өдий хүртэл ямар нэг хариулт өгдөггүй юм. Үүнд ах нь гомдолтой явдаг.

М.Нямсүрэн: Сонгуульд бүсчилж оролцмоор байна. Зүүн, баруун, хотын гэх зэргээр бүсчилж болмоор санагдах юм. Намын жагсаалт гэдгийг бүр болих хэрэгтэй. Жагсаалтаар гишүүн оруулж ард түмнээс хэтэрхий холдож амьдралаас тасарлаа. Ирэх сонгуулийн үеэр МАН, МАХН-тай нэгдэж орвол яасан юм бэ. Уул уурхайн хувьд одоо байгаа ашигт малтмалаа бүгдийг нь ухчихаад хойч үедээ юу үлдээх юм бэ.

Тэгэхээр Тавантолгой, Оюутолгойнхоо нэгийг нь л үр ашигтай ашиглаж болдоггүй юм уу. Зургаан настай хүүхдийг сургуульд оруулж байгааг эргэж харахгүй бол болохгүй байна. Манайд арай цаг нь болоогүй юм биш үү. Монголын хөрсөнд буухааргүй өндөр хөгжилтэй орны туршлагыг шууд хуулчихаар хэрэгжихэд хүндрэл үүсгэж байна. Зургаан настай хүүхэд сургуульд ороход арай балчирдаж байна. Ялангуяа хөдөөгийн хүүхдүүдийн эрхийг дэндүү бүдүүлгээр зөрчиж байна шүү.

С.Цэнд-Аюуш:   МАН хийж байгаа ажлаа их тодорхой ард түмэндээ сурталчилмаар байна. Ажлаа сурталчлах нь хоцроод, өрсөлдөгч нам хийсэн бүхнээ бүгдийг нь тайлбарлаад байхаар хүмүүсийн сэтгэхүйд өөр юм үлдээд байна.

Д.Бира: Намын удирдлагууд ард түмний амьдралтай танилцаж өөрсдийнх нь хийсэн ажил иргэдийн амьдралд хэр нөлөөлж байгааг нүдээр үзэх нь сайн хэрэг. Улс орны эдийн засаг хүнд байна. Эхнээсээ төсөв, хөрөнгөө зөв зараагүйгээс ийм байдалд хүрлээ гэж боддог.

Айл өрхийн эзэн анхнаасаа орлого, зарлагаа зохицуулахгүй бол эхнэр хүүхдээ тэжээж чадахаа больдог шиг юм болно гэдгийг анхаарах хэрэгтэй. Өмнө нь ганцхан намын тогтолцоотой байхад санал зөрөх явдал бага байж. Олон намын тогтолцоотой олон хүний саналаар ажил явахад хэцүү. Тэдэн дунд буруу зөрүү олон санаатай хүн ч байгаа.

Тиймээс ирэх сонгуульд маш зөв сонголт хийх хэрэгтэй. Төрийн түшээдэд ч эрдэм мэдлэг, ноён нуруу дутагдаж байна. Ер нь аливааг олон талаас харж чадахгүй байх шиг санагддаг. Ард иргэд ч дандаа төрөөс тусламж хүсэх биш өөрөө амьдралаа зохицуулж сураасай. Зурагтаар эрүүл мэндийн салбарын төсөв хүрэхгүй өрөнд орсон гэж ярих юм. Хүн бүр эрүүл байхын төлөө анхаардаг бол улсад ч ийм дарамт үүсэхгүй шүү дээ.