М.Энхболд:Талийгаачдын ар гэрийнхэн хөшөө босгуулахыг хүссэн
-Та талийгаачдийн гэр бүлийнхнээс хамгийн түрүүн дэслэгч Ч.Намжилдашийн ар гэрийнхэнтэй уулзсан. Таныг очиход ар гэрийнхэн нь хэрхэн хүлээж авч байна. Хүнд байсан байх даа?
-Мэдээж ар гэрийнхэнд нь хэцүү байлгүй яах вэ. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн Онцгой байдлын албаны дэслэгч, Ч.Намжилдаш 38 настай. Албандаа 16 жил зүтгэхдээ аврагч, шүхэрчин, Гал Сөнөөгчөөр ажиллаж байсан.Түүний ар гэрт эхнэр, гурван хүүхэд нь үлдэж байгаа. Биднийг талийгаачийнд очиход Ч.Намжилдашийг гал түймэрт амь эрсэдсэнийг нь дуулаад аав, ээж, ах дүүс нь Улаанбаатараас Чойбалсан хотод ирчихсэн байсан.
Талийгаач Дорнод аймгийн хүргэн болж очоод удаагүй байжээ. Ч.Намжилдаш гал түймрийг ахалж явсан хүн.
Түүний ар гэрт Засгийн газрын нөөц хөрөнгөөс 79,4 сая төгрөгийг тусламж болгож өглөө. Ар гэрийнхэн нь хүлээсэн үүргээ үнэнчээр гүйцэтгэж яваад амь насаа алдсан гурван гал сөнөөгчийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэн хөшөөт цогцолборыг орон нутагтаа барьж өгөхийг хүссэн. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан онцгой байдлын салбарын алба хаагчдын дурсгалыг мөнхжүүлэх хөшөөт цогцолбор Улаанбаатар хотноо байдаг. Тиймээс талийгаачдын ар гэрийнхний саналыг хүндэтгээд асуудлыг судалж үзэн шийдвэрлэхээ амласан.
-ТалийгаачЖ.Одбаярынх лизингээр байр авчихсан байсан гэсэн. Тэдний ар гэрт хэчнээн төгрөгийн тэтгэмж олгов?
-Талийгаач Ж.Одбаяр 28 настай, онцгой байдлын албанд найман жил ажилласан. 2004-2005 онд зэвсэгт хүчний 122 дугаар ангид аврагч, 2005 оноос Дорнод аймгийн Эрэн хайх аврах салбарт аврагчаар ажиллаж байсан дадлага туршлагатай аврагч байсан юм билээ. Талийгаачийнх Чойбалсан хотын орон сууцны 49 дүгээр байранд амьдардаг. Лизингээр байр аваад удаагүй залуу хосууд байсан. Эхнэр Н.Нандинцэцэг нь таван настай охин О.Жаргалмаагийн хамт үлдэж байгаа юм байна. Намайг талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзахад аав ээж, ах дүүс нь ар гэрийнхээ нөхцөл байдлыг танилцуулж, үлдэж байгаа эхнэр хүүхдийнх нь амьдрал ахуйг төр засгаас анхаарч үзэхийг хүссэн. Хамгийн гол нь лизингээр байр авчихсан болохоор зээл төлөх асуудал хүнд байна гэж байсан. Тиймээс талийгаачийн ар гэрийнхэнд Засгийн газраас 80 сая 300 мянган төгрөгийг тусламж болгон олгосон.
-ТалийгаачС.Бат-Эрдэнийн ар гэрийн амьдрал жаахан хүндхэн байгаа харагдсан. Ар гэрийнхэнд нь ямар туслалцаа үзүүлэв?
-Ахлах ахлагч, С.Бат-Эрдэнэ 28 настай долоон жил онцгой байдлын албанд ажилласан. Талийгаачийнх Чойбалсан хотын Цэнхэрийн байранд амьдардаг. Түүний эхнэрийг Ц.Үүрийнцолмон гэдэг. Ар гэрийнхэнд нь Засгийн газраас 69,6 сая төгрөгийг өглөө.
-Онцгой байдлын салбарын алба хаагчид «Миг» даатгалд хамрагдсан байдаг. Даатгалын газраас ар гэрийнхэнд нь хэдий хэрийн мөнгөн тусламж олгосон бол?
-«Миг» даатгалын хамт олон талийгаачдын ар гэрт тус бүр даатгалын 20 сая төгрөгийг олгосон.
-Та Дорнод аймагт онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулсан. Ямар асуудлыг хэлэлцсэн бэ?
-Хуралдаанаар Дорнод аймгийн ИТХ-ын дарга Н.Хүрэлбаатар гал түймрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өгсөн. Түүний хэлж буйгаар гурван гал сөнөөгчийн амь насыг авч одсон Баяндун сумын нутаг Шивэртийн аман дахь түймэр тавдугаар сарын гуравны өдрөөс эхэлж гарсан юм билээ. Гал унтраах ажиллагаанд тус аймгаас 355 хүн, 52 машин, 22 мотоцикл дайчлагдан ажилласан байна. Үүнээс тавдугаар сарын есний өдрийн 19:30 цагт гурван газарт голомтлон ассан түймрийг цурманд оруулсан. Өргөөшөө 45 км, уртаа-шаа 60 км үргэлжилсэн түймрийн улмаас хамгийн их хохирол амссан газар нь Баяндун сум. Хөвд урга-мал ихтэй, хангайн бүс давамгайлсан газар нутгийн онцлогоос хамаарч гуу жалга, ой модны түймрийг унтраахад их хүч дайчилсан гэдэг мэдээллийг өгсөн.
-Гал түймэр яг юунаас болж гарсан юм бэ. Шалтгааныг нь олж тогтоосон уу?
-Аймгийн Цагдаагийн газрын даргын мэдээлснээр тавдугаар сарын гуравны өдөр тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг «Багын найз» уурхайн захирал Батсуурь татсан тамхиа бүрэн унтраалгүй хаячихаад цаашаа явахад нь гал гарсан гэсэн. Буцаж очоод унтраах гэтэл дийлээгүй юм билээ. Галыг унтрааж дийлэхгүй болохоороо хаяад зугтаж байсныг нь хилийн манаа эргээд явж байсан хоёр хилчин хараад заставын даргадаа очиж хэлсэн. Заставын дарга нь сумын даргад хэлээд мэдээллийг авангуутаа гал унтраах ажиллагаа явуулсан юм билээ. Батсуурийг сэжигтнээр татаж, байцаалт авч байгаа. Сэжигтэн ч хийсэн хэргээ хүлээсэн.
-Талийгаачдыг ажиллаж байсан газарт нь салхины чиглэл өөрчлөгдсөнөөс болж галд түлэгдсэнгэсэн. Энэ үнэн үү?
-Гал гарч буй уулынх нь орой дээр явж байсан Болдбаатар гэдэг жолоочийнхарснаар бол салхины чиг өөрчлөгдөөд, чигээрээ явж байсан гал буцаж хүмүүс рүү эргэсэн юм билээ. Энэ үеэр жолооч сандраад, машинаа асаагаад гал сөрж сигналдаж давхиад 10 хүний амийг аварсан гэсэн. Нас барсан гурван аврагч, түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн хоёр хүн хамгийн их галтай гуу хэсэгт ажиллаж байсан юм билээ. Нөгөө талаар галыг үлээж унтраадаг хэрэгсэл нь дуу чимээ ихтэй. Машины сигналыг сонсоогүйгээс болж галын хуйлрал таван хүнийг хамчихсан юм билээ. Эмнэлэгт хүргэгдсэн хоёр хүн нь галыг сөрж гүйгээд замдаа бүдэрч унаад их түлэгдсэн гэсэн. Нас бардаг гурван хүнийг өргөн хуйлрал дайрснаас болж өөрийгөө хамгаалж чадаагүй түлэгдсэн.
-Түлэгдсэн хоёр хүний биеийн байдал ямар байгаа вэ?
-Эмнэлэгт хүргэгдсэн хоёр хүн 60-70 хувийн түлэгдэлттэй байгаа. Амьсгалын замын дээд эрхтнүүд нь түлэгдчихсэн хүндхэн л байдалтай байна.
-Тэдний эмчилгээний төлбөрт тусламж "үзүүлж байгаа юу?
-Засгийн газрын журмаар эхний ээлжид эмчилгээнд нь зориулж тус бүр 10 сая төгрөг олгосон.
-Баяндун сум хүнсний нөөцийн хомсдолд орсон юмуу?
-Ц.Жанлав дарга хариуцлагагүй ажилласан гэдэг нь харагдсан. Намайг 10-ны өдөр Баяндун суманд очиход хүнсний хомсдолд орчихсон гэж ярьж байсан. Мөн Дорнод аймаг хилийн цэргийн ангитай. Тэгсэн мөртлөө цэргийн ангийнхныг дайчлалгүй сумын энгийн иргэдийг гал унтраах ажиллагаанд дайчилсан. Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр одоо асаж буй гурван галыг унтраахдаа цэргийн ангийнхныг дайчлаад хүчрэхгүй болсон үед энгийн иргэдийг нэмж тат гэсэн үүргийг Ц.Жанлав даргад өгсөн.
-Гал гарах үед техник хэрэгсэл дутмаг байсан юм УУ?
-Гал унтраах ажиллагааны үед техник хэрэгсэл хангалттай байсан гэсэн. Одоо бол онцгой комиссын хэрэгцээнд байсан гал унтраах багаж хэрэгслүүд ихэнх нь эвдэрч, муудсан болохоор дахин хангалт хийхийг ОБЕГ-аас хүсэж байсан.
-Та Дорнод аймгийн Онцгой комисст үүрэг даалгавар өгсөн үү?
-Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 11 түймэр гарч байна. Тэдгээрээс анхаарал татсан голомтын нэг нь Дорнод аймаг. Ер нь сүүлийн жилүүдэд гамшгийн шинж чанартай ослын талаарх УОК-т ирүүлсэн мэдээллээр Дорнод аймаг тэргүүлж байгаа. Тиймээс аймгийн удирдлагууд энэ асуудалд анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн үүргийг өгсөн. Мөн тус аймгийн Онцгой байдлын албаны авран хамгаалагчид ослын үеийн техник тоног төхөөрөмжөө бүрэн дүүрэн ашиглаж чадаж байгаа эсэх, аврагчдыг сургах тал дээр удирдлагууд хир ажиллаж байгаа эсэхдээ анхаарал хандуулах хэрэгтэй байна. Галыг яаралтай унтраах талаар даруй арга хэмжээ авахыг холбогдох байгууллагуудад даалгалаа.