Төсвийн тодотголыг удахгүй УИХ-д өргөн мэдүүлнэ
Төсвийн байнгын хороогоор Монгол Улсын 2016 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Засгийн газраас өргөн мэдүүлж буй төсвийн хүрээний мэдэгдэлд 2016 онд төсвийг алдагдалгүй батлахыг зорино гэж байна. Мөн дотоод зах зээл дээрээс өндөр хүүтэй зээл авч, төсвийн орлого бүрдүүлдэг байдлыг зогсоож, хийсвэр орлого төлөвлөхгүй гэжээ. Өөрөөр хэлбэл, Оюутолгой, Тавантолгой зэрэг том төслүүдийг хөдөлгөх, эсвэл шинээр татвар буй болгох замаар орлого төвлөрүүлэх талаар Төсвийн хүрээний мэдэгдэлд ямар нэгэн зүйл тусгагдаагүй гэж байна. Монгол Улсын 2015 оны төсвийн нөхцөл байдал хүндрэлтэй байгааг Сангийн сайд Ж.Эрдэнэбат хэлж байна Салбарын яамны тооцоолж буйгаар жилийн эцэст төсвийн орлого 400 гаруй тэрбум төгрөгөөр тасрахаар байгаа аж.
Тиймээс Засгийн газрын төвшинд Төсвийн тодотгол хийх асуудлыг ярьж байгаа гэдгийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр мэдэгдлээ. Тэрбээр “Төсвийн орлого дутагдахаар байгаа энэ үед Засгийн газраар асуудлыг хэлэлцэж, төсвийн тодотголыг удахгүй УИХ-д өргөн барина. Уг нь 2015 оны төсвийн тодотголыг хийхдээ Засгийн газраас орлого, зарлагаа 900 орчим тэрбум төгрөгөөр танаж, хөрсөн дээрээ буух байдалтайгаар оруулж ирсэн. Харамсалтай нь, УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд зардал 300 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Үүнтэйгээ уялдаад орлогын төлөвлөгөөнүүдийг ч бас гаргаж ирсэн” гэсэн юм.