Мэндчилгээ
2015.05.11

Мэндчилгээ

Хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд ачааны хүндийг үүрч, өдөр шөнийг үл огоорон зүтгэж яваа мянга мянган сувилагч нартаа Эрүүл мэнд, спортын яамны Сайдын зөвлөл, яамны хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж мэндчилье.

Орчин үед сувилахуйн шинжлэх ухаан нь бие даасан байдлаа улам бүр хадгалж, арга технологийн хувьд хөгжсөөр олон улсын хэмжээнд хамгийн эрэлттэй мэргэжил болж байгааг саяхан АНУ-ын нэгэн судалгааны багаас “Дэлхийд хамгийн эрэлттэй 100 мэргэжил”ийг жагсаахад сувилагч мэргэжил эхний 10-т жагсаж байгаагаар нь тодорхойлж болох юм. Манай улсын хувьд зах зээлийн нийгмийн нийтлэг шинж чанарын дагуу боловсрол ур чадварын өндөр мэргэжилтэй сувилахуйн мэргэжилтний хэрэгцээ улам бүр өсч байна.

Дэлхийн улс орнууд олон улсын сувилагчийн өдрийг 1965 оноос эхлэн өнөөг хүртэл 49 дахь жилдээ орчин үеийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Флоренсе Найтингелийн төрсөн өдрийг тохиолдуулан, сувилагчдын эрхийг хамгаалах, сувилахуйн тусламж, үйлчилгээг сурталчлах, тусламж, үйлчилгээг сайжруулах хүрээнд тэмдэглэж иржээ.

Эрүүл мэндийн салбарт энэхүү тэмдэглэлт өдрийг 2013 онд зохион зохион байгуулсан тэргүүний сувилагчдын улсын зөвлөгөөнөөс тухайн жилд үйл ажиллагаагаараа шалгарсан байгууллага хамт олныг түшиглэн зохион байгуулж байхаар шийдвэрлэсний дагуу бид 2014 оны нэгдсэн арга хэмжээг Өвөрхангай аймагт зохион байгуулж, салбарын 10000 орчим сувилагчдын төлөөлөл, тэргүүний хамт олон хуран цугларч, алдаа оноогоо хэлэлцэн, хүрэх зорилтоо тодорхойлсон билээ.

Тус яамнаас “Сувилахуйн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх стратеги”-ийг салбарт анх удаа батлан 32 бүлэг ажлыг хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж нэлээдгүй амжилтад хүрээд байна. Стратегийн хэрэгжилтийг хангах хүрээнд бид энэ оны сувилагчдын өдрийн нэгдсэн арга хэмжээг Сэлэнгэ аймагт “Сувилахуйн шинэчлэлийг удирдагчаас” сэдвийн дор сувилахуйн удирдлагын дэмжлэгт орчин бүрдүүлэх өвөрмөц хэлбэрээр зохион байгуулахаар сайдын тушаал гаргаж хэрэгжилтийг хангаж ажиллаа. Энэхүү арга хэмжээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагын дарга нар, сувилахуйн мэргэжилтнүүд оролцож сувилахуйн асуудлаар тулгамдсан:

  • Хүний нөөцийг нэмэгдүүлэх боломжийг хамтарч шийдвэрлэх,
  • Сувилагчийн ажлын ачааллыг бууруулах,
  • Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанарын үнэлгээ хийх арга аргачлал бий болгох,
  • Сувилахуйн асуудлаар цаашид баримтлах бодлого, стратегийг тодорхойлох зорилготой ажиллаж байна.

Монгол улс зах зээлийн нээлттэй нийгмийн харилцаанд шилжсэнээс эхлэн сувилахуйн шинжлэх ухааныг шинэчлэн хөгжүүлэх ажлыг Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн төв байгууллагын хувьд амжилттай хэрэгжүүлж, удирдан чиглүүлж ирсэн бөгөөд цаашид бидний төлөвлөсөн болон дээр цухас дурдсан ажлын үр дүнд бас олон олон амжилтууд, шинэчлэлийн үйл ажиллагааны эхлэл тавигдана гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэндээ ажлын амжилт хүсэн ерөөж, хүн ардаа энэрэн сувилах ариун цагаан буян тань дэлгэрч байхын ерөөлийг дэвшүүлье.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, 
ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙД                                       Г.ШИЙЛЭГДАМБА