Бүсгүй мэлмий үзэсгэлэн нээлтээ хийлээ
Монгол Улсад гэрэл зураг, дуу дүрсний алба үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой энд онд тохиож байгаа билээ.
Энэхүү түүхэн ойд зориулж Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан “Бүсгүй мэлмий” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэнд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Боловсрол соёл шинжлэх ухааны дэд сайд Я. Төмөрбаатар, “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”-ийн гүйцэтгэх захирал П.Баярмагнай зэрэг зочид оролцлоо.
Тус үзэсгэлэнд залуу, дунд, ахмад үеийн төлөөлөл болсон 13 эмэгтэй гэрэл зурагчдын бүтээл тавигджээ. Тэр дундаас гэрэл зурагчдаас хамгийн анх МУСГЗ цол хүртсэн Ц.Нина агсны уран бүтээлүүдээс эхлээд ахмад гэрэл зурагчин Б.Улятайхүү, Х.Хашиймаа, Д.Цэрэннадмид, С.Туяа, мөн өнөө үед уран бүтээлээ туурвиж яваа залуу гэрэл зурагчдын нийт 80 гаруй уран бүтээл олны хүртээл болж байна. Энэхүү үзэсгэлэн нь Монголын гэрэл зураг, дуу дүрсний алба үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд явуулж буй хоёр дахь үзэсгэлэн юм.
“Бүсгүй мэлмий” үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын тушаалаар эмэгтэй гэрэл зурагчдын төлөөлөлийг Монгол улсын засгийн газрын дээд шагнал болох Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр ахмад зурагчин Д.Цэрэннадмид, С.Туяа, гэрэл зурагчин С.Бадамханд нарыг шагнаж урамшууллаа.
Мөн “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”-ээс гэрэл зурагчин Т.Бямбадорж, Д.Эрдэнэцэцэг, Ж.Үермаа нарыг “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасныг “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”-ийн гүйцэтгэх захирал П. Баярмагнай гардуулан өгсөн юм. Үзэсгэлэнгийн үеэр эмэгтэй гэрэл зурагчдын төлөөлөлтэй уулзаж сонирхсон асуултаа асуусан юм.