Сайд Г.Шийлэгдамба Энэтхэгийн элчин сайдтай уулзав
Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Сомнат Гош
2015.04.02

Сайд Г.Шийлэгдамба Энэтхэгийн элчин сайдтай уулзав

Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Сомнат Гошийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Сомнат Гош уулзалтын эхэнд БНЭУ-ын Ерөнхий сайд Наренда Модиг ирэх сард манай улсад төрийн айлчлал хийх болсонтой холбогдуулан хоёр улсын Засгийн газар хоорондын уламжлалт анагаах ухаан болон эмийн бус эмчилгээний чиглэлээр хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулах хүсэлтээ илэрхийллээ. Тэрээр ХСҮТ-д хавдрын оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмжийг нийлүүлэх, хавдрын зайн туяа эмчилгээний тоног төхөөрөмжиийг суурилуулах өрөө тасалгааг шийдвэрлэж өгөх, Энэтхэгийн талаас эм ханган нийлүүлэхэд хамтран ажиллах байгууллага хувийн хэвшлийг тодорхойлж өгөхийг хүслээ.

Сайд Г.Шийлэгдамба манай яамны харъяа Хавдар судлалын үндэсний төвд нийлүүлэх туяа эмчилгээний “Бабатрон-II” машин суурилуулахад бүх талаар дэмжиж ажиллахаа мэдэгдээд, асуудлыг шийдэхийн тулд тоног төхөөрөмжийг ажиллуулах, суулгах засвар үйлчилгээг хариуцах байнгын үйл ажиллагаагаар хангах мэргэжилтнийг бүрэн хэмжээгээр дадлагажуулах хэрэгтэй. Хоёр талын эмийн асуудал хариуцсан байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааны дотоод дүрэм журмаар нь зохицуулаад хуулийн хүрээнд хамтран ажиллах боломжтой. Хамгийн гол нь үйлчлүүлэгч хэрэглэгчдэд өртөг хямд, чанартай эмийг хүргэх нь юу юунаас илүү чухал гэдгийг онцолсон.

Монгол улсад эм ханган нийлүүлэх талаар өнгөрсөн оны зургаадугаар сард БНЭУ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн төлөөлөл ирж албан бусаар зах зээлийн судалгаа хийсэн байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон эм ханган нийлүүлэх байгууллагуудаар борлуулагдаж байгаа ердийн хэрэгцээний болон тусгай зориулалтын эмийн зах зээлийн үнийг судлахад Энэтхэг улсад борлуулдаг үнээс 10 дахин илүү үнэтэй борлуулагдаж байгааг тогтоосон байна.