Цагийг ухрааж, урагшлуулах нь хэнд ашигтай вэ?
Цагийг урагшлуулж, хойшлуулах нь үнэндээ юуг ч өөрчлөхгүй. Өвлийн цаг, зуны цагийн цаана том бизнес, том улс төр байдаг.
Дэлхийн олон улс оронд цагийг урагшлуулж, хойшлуулах талаар маргаан байнга гардаг. Зарим нь цагийг өөрчилснөөр цахилгааныг хэмнэнэ гэдэг байхад нөгөө хэсэг нь нарнаас Д витамин авч болно гэж үздэг. Мөн арьсны хорт хавдар тусдаг гэж ярих хүмүүс байхад, цаг уртассанаар гэмт хэрэг багасдаг ч архидалт ихэсдэг гэж үзэх нь ч бий. Оросын нэрт түүхч Виктор Суворов “Сонголт” номондоо цагийг шилжүүлэх нь цаанаа улс төрийн том шалтгаантай гэж бичжээ.
Цагийн бүс ба улс төр
Хятадын баруун хэсгийн Шинжаан Уйгурын нийслэл Өрөмч хотод нар 10:00 цагт мандаж, бараг шөнө дунд жаргадаг. Хэдийгээр Бээжингээс 3000 км зайтай ч Өрөмч, Бээжин хоёр нэг цагийн бүсэд оршдог. Гэтэл Хятадтай газар нутгийнхаа хэмжээгээр ойролцоо АНУ 4 цагийн бүстэй, харин яльгүй том талбайтай Австрали 6 цагийн бүстэй.
Коммунистууд засгийн эрхэнд гарахаас өмнө Хятад орон 5 цагийн бүстэй байсан нь газар зүйн нөхцөлд тохирч байв. Гэвч Мао Цэдун гарч ирээд орон даяар нэгдсэн цаг тогтоов. Өөрөөр хэлбэл хамгийн зүүн хязгаар, баруун хязгаарт амьдарч буй хоёр хүн нэгэн цагт босч, нэгэн цагт унтана гэсэн үг. 1949 онд Хятад тусгаар тогтнохоос өмнө Шинжаан Уйгар нь Бээжингээс амьдралын тэс өөр хэмнэлтэй газар байв. Нэгдсэн цагийн систем нь хүмүүсийг нэгдсэн захиргаанд оруулах улс төрийн шилдэг арга болсон юм. Хятадын газар нутагт амьдарч буй бүх хүн Бээжингийн цагаар ажилладаг болов.
Нэгдсэн цагтай болгох аргыг Хятадын коммунистууд анх бодож олоогүй. Мао Цэдунаас хоёр жилийн өмнө шинээр тусгаар тогтносон Энэтхэг улс өрнөөс дорно хүртэл нэгдсэн цагтай болжээ. Нэгдсэн цаг нь төвөөс алслагдсан, захиргааны болон эдийн засгийн аргаар удирдахад төвөгтэй зөрүүд мужуудыг “үгэндээ” оруулах заль юм.
Эдүгээ Шинжаан Уйгурын ихэнх оршин суугчид өглөөний 10:00 цагт нар мандаж, шөнө дунд жаргахад дассан. Харин Бээжинд дургүй хүмүүс өөрсдийн цагийн хувиартай. Мужийн хүн амын 40 орчим хувийг бүрдүүлдэг уйгарчууд өнөөг хүртэл Бээжингийн цагийн хувиарт шилжээгүй. Тэд өөрийн цагаар амьдарч Бээжингээс хоёр цагаар түрүүлж явдаг.
Нэг гудамжинд амьдардаг хятад, уйгур хоёр өөр өөр цагийн бүсэд амьдрах нь бий.
Уйгурчууд олноор амьдардаг хотуудад хувийн дэлгүүрүүд, ресторан төдийгүй нийтийн тээвэр хүртэл “өөрсдийн цагаар” ажилладаг. Тиймээс Нэг гудамжинд амьдардаг хятад, уйгур хоёр өөр өөр цагийн бүсэд амьдрах нь бий.
Уго Чавесын 30 минут
Уго Чавес төрийн эрхэнд гарсныхаа дараа улсынхаа нэр, төрийн далбаа, мөнгөн тэмдэгтийг өөрчлөөд зогсоогүй цагийг хүртэл ухраажээ. Цагийг 30 минутаар ухрааснаар нэг сумаар хоёр туулай буудав. Нэгдүгээрт дэлхийг 60 минутаар цагийн бүсүүдэд хуваасан, Америк, Англи зэрэг дайснуудынх нь мөрддөг Гринвичийн системээс гарав. Уго Чавесаас өмнө Энэтхэг, Камбож, Иран улсууд 30 минутаар цагийг өөрчилжээ.
Капитализмын цаг
Хүн төрөлхтний соёл болгон цаг хугацааг харах өөрийн хандлагатай. Мексикчүүдэд “mañana” буюу “өнөөдөр хийхийг маргааш хийсэн нь дээр” гэсэн ойлголт байдаг. Испаний зарим мужид гурван цагийг нэг цаг хэмээн тооцоолдог. Азийн орнууд цагийг шугаман байдлаар бус цикл маягаар хүлээж авдаг. Өөрөөр хэлбэл аливаа зүйл эцэс төгсгөлгүй урагшлах бус тойргоор явдаг гэж үздэг. Африкт албан ёсны цагийг зөвхөн том байгууллагууд мөрддөг. Автобусанд цагийн хувиар гэж байхгүй, дэлгүүрүүд яг хэдэн цагт онгойх, хаагдах нь тодорхойгүй. Танилууд цаг товлохдоо оройн 8 цагт биш, зүгээр орой л уулзая гэдэг. Монголчуудад ч бас үдээс өмнө, үдээс хойш гэсэн цагийн мэдрэмж бий.
Хүн төрөлхтөн байгалиас улам холдож цаг хугацааг хэмжихдээ нар луу харах ч завгүй болов.
Гэсэн ч Барууны орнуудын цагийн шугаман хандлага дэлхийд ноёрхдог. Яагаад гэвэл капитализм хаа сайгүй. Бенжамин Франклин цаг бол мөнгө гэж бичсэн. Аж үйлдвэрийн хувьсгал, капитализмын хөгжил цагийн механизм хүн төрөлхтнийг эрхэндээ оруулахад түлхэц болжээ. Хоногоор тоологдох байгалийн цагаар амьдарч байсан тариачид заводад ажиллах болсноор нийгмийн цагт дасах гэж багагүй зүдэрчээ. Тиймээс 18 дугаар зууны сүүлээр Англид гарч байсан эсэргүүцлийн жагсаалын үеэр заводын ажилчид голдуу үйлдвэрийн цагийг эвддэг байв.
200 жил болоход бид нийгмийн цагийн эрхэнд бүрэн оржээ. Бид өглөөнөөс үдэш хүртэл, өвлөөс зун хүртэл биш, нэг цагаас нөгөө цагийн хооронд амьдарч байна. Хүн төрөлхтөн байгалиас улам холдож цаг хугацааг хэмжихдээ нар луу харах ч завгүй болов.