“Цэнхэр дэлгэц-2015” анхдугаар наадам ёслол төгөлдөр үргэлжилж байна
“Цэнхэр дэлгэц-2015” наадам
2015.03.23

“Цэнхэр дэлгэц-2015” анхдугаар наадам ёслол төгөлдөр үргэлжилж байна

МҮОНРТ-ийн бүx найруулагч, сэтгүүлч, зураглаач, нэвтрүүлэгчид, дууны найруулагчдын дунд Монголын түүx, ёс заншил, байгаль, эх орны сэдэвт богино хэмжээний дэлгэцийн  бүтээлийн уралдааныг нэг сарын xугацаатай зарлаад байсан. Дэлгэцийн богино хэмжээний шилдэг бүтээл шалгаруулах “Цэнхэр дэлгэц-2015” наадам МҮОНРТ-ийн байранд үргэлжилж байна.

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь наадмыг нээж хэлсэн үгэндээ “МҮОНРТ бол уран бүтээлийн асар том сүм байж ирсэн. Монголын радиог Монголын Зохиолчдын бага хороо гэж хүртэл нэрлэж ирсэн түүх бий. Монгол телевиз гэдэг энэ том айлд уран бүтээл өрнөж, Монголын тэргүүлэгч уран бүтээлчид эндээс төрөн гарсаар байдаг юм.

Энэ сайхан түүхт байгууллагыг бид яг тэр уламжлалаар нь өвлөн авч явж, сэргээх учиртай. Ирээдүй хойч үеэ ч тэр уламжлалаар хүмүүжүүлэх ёстой. МҮОНРТ-ийг уран бүтээлийн ариун сүм байлгах хүсэл эрмэлзлэлийн үүднээс, мөн радио, телевизийн уран бүтээлчдээ нэгтгэж хамтын уран бүтээл хийлгэх санаачилгын үүднээс “Цэнхэр дэлгэц-2015” анхдугаар наадмыг зохион байгуулж байна. Энэ сайхан бүтээлүүд үе, үеийн түүх болон үлдэнэ гэдэгт найдаж байна” гэж онцолсон юм.

“Цэнхэр дэлгэц-2015” наадмыг МҮОНРТ-ийн Уран сайхны удирдагч Б.Баяр санаачилжээ. Эхний удаад тус наадам богино хэмжээний радио эссэ, телевизийн богино хэмжээний бүтээлээр эхэлж байгаа ч цаашид телевизийн бүтээлийн олон төрлөөр үргэлжлэх юм байна. 

“Цэнхэр дэлгэц-2015” наадамд нийт 28 шилдэг бүтээл ирснээс 16-г нь шалгаруулаад байгаа юм. Шалгарсан 16 бүтээлийг наадамд оролцож байгаа үзэгчдэд үзүүлж, бүтээлийн талаар санал бодлоо солилцох дугуй ширээний ярилцлага өрнүүлнэ.

Дэлгэцийн богино хэмжээний шилдэг бүтээл шалгаруулах “Цэнхэр дэлгэц-2015” наадамд уран бүтээлээ сойж буй багийнхан ажлын хажуугаар шинэ бүтээлээ туурвисныг энд онцлууштай. Цагаан сарын нэвтрүүлэг бэлтгэх их ажлын хажуугаар цаг зав гарган, сэтгэл гарган уран бүтээлээ ирүүлсэн нийт уран бүтээлчдэдээ зохион байгуулагчдын зүгээс талархал илэрхийллээ. 

“Цэнхэр дэлгэц-2015” наадмын нээлтийн ажиллагааг чимж Монгол поп опера “Увертюра” хамтлаг ая дуугаа өргөсөн. “Цэнхэр дэлгэц-2015” наадам тун удахгүй дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг, Т.Эрдэнэбаяр,  яруу найрагч Б.Мягмаржав, О.Цэнд-Аюуш, Ц.Бавуудорж нарын шилдэг шүлгийн уншлагаар үргэлжилнэ.   

Наадмын хүндэт зочид, оролцогчид, МҮОНРТ-ийн уран бүтээлчид одоо Радиогийн их танхимд уралдаанд ирсэн шилдэг бүтээлүүдтэй танилцаж байна.