Бөөрөө хамгаалах дэлхийн өдөр”-ийг угтан сургалт зохион байгууллаа
Эрүүл мэнд, Спортын яам
2015.03.11

Бөөрөө хамгаалах дэлхийн өдөр”-ийг угтан сургалт зохион байгууллаа

Энэ сарын 12-ний өдөр “Бөөрөө хамгаалах дэлхийн өдөр” тохиох гэж байна. Энэ өдрийг угтан өнөөдөр ЭМСЯ, ОУ-ын Бөөрний нийгэмлэг, АШУҮИС-иас хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа.

Хуралд УКТЭ-ийн Бөөрний төвийн дарга н.Бямбадаш Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Гимодиализийн төвийн эрхлэгч Д.Чулуунцэцэг Шастаны нэрэмжит III эмнэлгийн Гемодиализийн төвийн эрхлэгч н.Мөнхзул болон АШУҮИС -ийн Бөөр судлал тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор, профессор Т.Ариунаа нар оролцлоо. Хуралд оролцогчид бөөрний өвчний менежмент анхдагч болон хоёрдагч урьдчилан сэргийлэлтийн талаарх орчин үеийн чиг хандлагын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхосон асуултад хариулт өглөө.

ДЭМБ-ын тайланд дурьдсанаар дэлхий дээр халдварт бус өвчин нийт хүн амын өвчлөлийн 72 хувийг эзэлдэг. Судлаачдын үзэж байгаагаар халдварт бус өвчин дотор тэргүүлэх байрыг чихрийн шижин, даралт ихсэх өвчин болон бөөрний архаг өвчин эзэлдэг ба дэлхийд 600 сая гаруй бөөрний архаг өвчтэй хүн амьдарч байна.

Эдгээр хүмүүсийн эмчилгээнд олон улс орны эрүүл мэндийн салбарын нийт төсвийн 80 хүртлэх хувийн эмчилгээнд зарцуулдаг аж. Тиймээс урьдчилан сэргийлэх асуудалд дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Манай орны хүн амын дунд бөөр шээсний замын өвчин их байгаа бөгөөд түүний эцсийн хүндрэл болох бөөрний арахг дутагдал ихсэж өвчтөний амь насанд аюул учирч олон тооны хүн гадаад дотоодод өндөр өртөг зардал бүхий эмчилгээ хийгдэх боллоо.  Эрүүл мэнд, спортын яамны мэдээгээр бөөрний архаг өвчин нь хүн амын сүүлийн таван жилийн дүнгээр 3-р байранд, хэвтэн эмчлэгсдийн шалтгаан дундаас тэргүүлэх байрыг эзэлж байна.

Судалгаанаас харахад бөөрний архаг өвчин нь даамжран жилд шинээр 70-100 өвчтөн БАД- ордог гэж тогтоосон байдаг. Энэ байдал нэг талаасаа өвчний эрт үеийн оношлогоо, эмчилгээ, сэргийлэлттэй холбоотой нөгөө талаасаа тухайн хүний амьдралын хэв маяг, эрүүл мэндийн мэдлэг боловсролтой нь шууд холбоотой байдаг байна.

Бөөрний өвчин болон түүнээс урьдчилан сэргийлэх талаар хүн амын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Олон улсын бөөрний эмч нарын нийгэмлэгийн санаачлагаар “Бөөр Хамгаалах дэлхийн өдөр”-ийг 2006 оноос эхлэн дэлхий даяар зохион байгуулж, 200 гаруй улс орoнд тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулсаар иржээ. Үүний үр дүнд бөөрний өвчлөл болон халгаат хүчин зүйлсийн тархалт хүн амын дунд бууран, бөөрний өвчний эцсийн үе шатны эмчилгээ болох асар их үнэтэй хиймэл бөөрний аппарат эмчилгээ, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээнд орох хүмүүсийн тоо тодорхой хэмжээнд буурсан үзүүлэлт гарч байна. Манай оронд “Бөөр хамгаалах Дэлхийн өдөр“-ийг 2009 оноос ЭМШУИС-ийн Бөөр судлалын тэнхимээс санаачлан ЭМСЯ, ДЭМБ, УКТЭ, ШКТЭ-ийн хамт олны дэмжлэгтэйгээр анх удаагаа тэмдэглэсэн бөгөөд жил болгон тэмдэглэсээр ирсэн.

Энэ жилийн хувьд уг өдрийг нийт хүн амыг бөөрний өвчнөөс сэргийлэх арга хэмжээ авч явуулахын зэрэгцээ бөөрний болон дотрын эмч нарт зориулсан сургалт зохион байгуулагдаж , эмчилгээ, оношлогооны орчин үеийн аргуудыг эмч нарт хүргэхийг зорилж байна. Энэхүү үйл ажиллагаа нь бөөрний архаг өвчнөөс сэргийлэх ажилд төр, иргэний нийгмийн хамтын оролцоог нэмгэдүүлэн, түншлэлийг хөгжүүлэх, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилго тавьж байна.