Хуулинд улс төрийн албан тушаалтанд хариуцлага тооцох заалт байхгүй
НҮБ-ийн Эмэгтэйчдүүдийн сангийн “Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” төслийн удирдагч доктор Ц.Бүжидмаа
2015.03.05

Хуулинд улс төрийн албан тушаалтанд хариуцлага тооцох заалт байхгүй

Чингис зочид буудлын хурлын жижигхэн танхимд 450 хүн багтаж ядна. Тэд бүгд санааг нь зовоосон нэг чухал асуудлыг хэлэлцэхээр цуглажээ. Эдгээрээс 200 хүн хөдөө орон нутгаас бүх зардлаа даан уг чуулганд оролцохоор иржээ.

Жил болгон “Эмэгтэйчүүдийн нүдээр” нэртэй үндэсний хэмжээний чуулган зохион байгуулагддаг. Энэ удаагийн чуулган “төрийн хариуцлага” сэдвийн дор явагдаж байна. 10 жилийн өмнө бий болсон уг чуулганыг жил бүр Монфемнет хэмээх нийгмийн хөгжлийн чиглэлээр ажилладаг 22 байгууллагыг нэгтгэсэн сүлжээ зохион байгуулдаг юм.

Хоёр өдөр үргэлжлэх чуулганы явцад 5 бүлэг бүхий нийт 20 орчим илтгэл тавигдана. Чуулганд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр нар оролцож төрийн хариуцлагын сэдвээр санал бодлоо хэлэв.

Тухайлбал гишүүн Ц.Даваасүрэн хэлэхдээ "бид эрчүүдэд тэр болгон байдаггүй тэрхүү зарчимч чанарыг эмэгтэйчүүдээс хүсч байна. Тиймээс ч би парламентад эмэгтэй гишүүн олон байхыг дэмждэг. Гэхдээ эмэгтэй гишүүд маань зарчимч байж чадахгүй бол урам хугарсан хэрэг болно" гэлээ.

Чуулганы нэгдүгээр хэсэгт хариуцлагын тогтолцоог үндэсний аюулгүй байдал, эрх мэдлийн хувиарлалт, төрийн албатай холбон авч үзсэн илтгэлүүдийг тавилаа.

“Төрийн албаны хариуцлагын тогтолцоо” сэдвээр илтгэлт тавьсан НҮБ-ын “Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” төслийн удирдагч Ц.Бүжидмаатай ярилцлаа.

“Төрийн албаны хариуцлагын тогтолцоо” сэдвээр илтгэлт тавьсан НҮБ-ын “Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” төслийн удирдагч, доктор Ц.Бүжидмаатай ярилцлаа.

- Өнөөдөр монгол улсад Төрийн албаны хариуцлагын тогтолцоо ямар байна гэж та бодож байна вэ?

Монгол улсын төрийн албаны хууль бусад хууль тогтоомжид заасан хариуцлагын асуудал төрийн нийт албан тушаалд жигд үйлчлэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл төрийн захиргааны албан тушаалтанд илүүтэй үйлчлээд улс төрийн албан тушаалтанд хариуцлага тооцох заалтууд бараг байхгүй байгаа.

Нөгөө талаар төрийн үйлчилгээ авч байгаа иргэд төрийн үйлчилгээг үнэлэх Засгийн газартай хариуцлага тооцох боломжгүй. Энэ юутай холбоотой вэ гэвэл төрийн үйлчилгээ, төрийн албан хаагчдын үйл ажиллагааг үнэлэх, шалгуур үзүүлэлт байхгүй, иргэд санал бодлоо хэлэх, үнэлгээ өгөх боломжгүй байгаатай холбоотой.

Төрийн албаны хариуцлагын тогтолцоог сонгон шалгаруулалт, томилгоо, сургалт хөгжил, үр дүнгийн үнэлгээ гээд цогц байдалд нь авч үзэх ёстой. Сонгон шалгаруулалтаасаа эхлээд хуулийн хэдэн заалтыг хэрхэн цээжилснийг нь шалгадаг, төрийн албаны мэргэшсэн тогтвортой байдал гэхээсээ илүүтэй улс төрийн томилгоогоор төрийн албан хаагчдыг сонгож, томилдог нь төрийн албыг сулруулж байна. Энэ нь эргээд үүрэг хариуцлагаа ухамсарлах төрийн албаны дархлаа байхгүй болж, хариуцлага тооцох боломжийг хаадаг.

-  Төрийн албаны боловсон хүчнийг хариуцдаг төрийн албаны зөвлөл яагаад хүчгүй байна вэ?

Хараат бус байх ёстой. Төрийн албаны зөвлөл бол төрийн албаны мерит тогтолцоог хамгаалдаг нэг ёсны ЦЭЦ гэсэн үг. Хараат бус статусаа бодитоор хадгалж байж, энэ үүргээ биелүүдэг. Гэтэл манайд байдал өөр байна. Гурван гишүүнтэй байлаа гэж бодоход нэгийг нь Ерөнхийлөгчөөс, нөгөөг нь УИХ-аас, гурав дахийг нь ЗГ-аас 4 жилээр буюу маш богино хугацаагаар томилдог. Даргыг нь шууд ерөнхийлөгч томилдог. Энэ нь томилогдсон хүн маань томилсон субъектээсээ хараат байх нөхцлийг бий болгож байгаа юм. Харин ардчилал өндөр хөгжсөн орнуудад насан туршид нь томилдгоос гадна төрийн албаны зөвлөл өөрсдөө дотроосоо даргаа тодорхой хугацаагаар сонгодог тогтолцоо байдаг.

- Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдвэл нийгэмд өөр уур амьсгал бий болно гэж судлаачид үздэг. Таны бодол?

Хүн амын тал хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн оролцоо зөвхөн гэр орны ажлаар хязгаарлагдахгүй. Үр хүүхдүүдийнхээ амьдрах нийгмийн орчинг яаж шударга, сайхан болгох вэ гэдэг хүрээгээр эмэгтэйчүүд оролцоогоо тодорхойлох ёстой. Цаашлаад нийгмийн бүхий л салбарт эмэгтэйчүүд маань үр бүтээлтэй ажиллахаас гадна бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд ч эрэгтэйчүүдтэйгээ хамтран ажиллаж, тэгш оролцох ёстой. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байгаа орнуудад авлига буурсан, шударга ёсны индикаторууд сайжирсан гэсэн судалгаа байдаг. Уламжлал болон арга билэг талаасаа бодоод үзсэн ч эмэгтэйчүүд шийдвэр гаргахад ч, биелүүлэхэд ч оролцох үүрэгтэй бас эрхтэй. Нөгөө талаар эмэгтэйчүүд ажил хэрэгч, зарчимч, хариуцлагатай байдлаараа эрчүүдээс дутдаггүй.

Ц.Бямбацэцэг. Хэнтий аймаг. “Хэрлэн бизнес хөгжил нийгэмлэг”:

Намын ялгаанаас болоод эмэгтэйчүүд энэ түвшинд идэвхтэй оролцох боломжгүй байгаа нь харагддаг

Энэ чуулганд анх удаа оролцож байна. Илтгэгчдийг сонсож мэдээлэлтэй болох, бусад оролцогчдоос суралцах, мөн өөрийн санаа бодлыг илэрхийлэх зорилготой ирсэн. Хэнтий аймгийн хувьд гүйцэтгэх түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр. Харин удирдах байгууллагад эрчүүд түлхүү ажиллаж байна. Намын ялгаанаас болоод эмэгтэйчүүд энэ түвшинд идэвхтэй оролцох боломжгүй байгаа нь харагддаг.

Дараагийн 3 бүлэг илтгэл хүрээлэн байгаа орчны байдал, хүрээлэн буй орчны аюулгүй байдал, хариуцлага тооцох иргэний чадавхийг хариуцлагын тогтолцоотой холбож тайлбарласан илтгэлүүд байлаа.