Мэндчилгээ
Монгол хүн НҮБ-ын Хүний эрхийн Түгээмэл тунхаглалын дагуу заяагдмал эрхээ эдлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг анх удаа нээсэн Ардчилсан хувьсгал 25 жилийнхээ ойтой золгож байна.
Нойрноос бүгдийг сэрээх бидний хүслийг түгээсэн өнгөлөг Хонхны дуун дор өрнөсөн Ардчиллын он жилүүдэд олон зүйлийг хийж, амжуулсан. Үүнээс хамгийн гол нь иргэд өмчтэй, ажил хэргийн чадвартай бол юунд ч хүрч болох хязгааргүй боломжийг нээсэн явдал гэж би хувьдаа үздэг. Ажил эрхлэх, цуцалтгүй хөдөлмөрийнхөө ачаар баялаг бүтээх, тогтвортой сайхан амьдралтай золгох эрх чөлөө бол хүн төрөлхтний бүхий л түүхийнхээ туршид хүсч, тэмүүлж ирсэн үнэт зүйл билээ. МоАХ анх бий болох мөчөөсөө энэ эрхийг иргэдэдээ олгохын төлөө тэмцэж ирсэн байдаг.
25 жилийн ойн босгон дээр туулсан замаа эргэж харахад оносноосоо дутуугүйгээр алдсан зүйлс ч байна. Ардчиллын сайхан нь алдаагаа ил тод ярилцаад, суралцах боломж юм. МоАХ-ны анхны удирдагчдын нэг Цахиагийн Элбэгдоржийн байнга хэлдэг нэг үгийг би энд давтан хэлэхийг хүсч байна. “Ардчилал сүүдрээ нуудаггүй юм”.
Тийм ээ, бид сүүдрээ нууж, цайруулах гэж оролддоггүй. Асуудлаа, алдаагаа ил шулуухан хэлэлцээд зөв шийдлийг олохыг ямагт хичээж ирсэн. Өнөөдөр ид залуу 25 настай болж байгаа Ардчилал алдаагаа шударгаар хүлээж, цаашдын шийдлээ ярих ёстой. Ингэж байж бид хойч үедээ зөв чиг баримжаа өгч, тэдэнд сайн өв, бахархах уламжлалыг үлдээнэ.
Тоочоод байвал олон л алдаа байгаа байх. Би хамгийн гол, хамгийн чухал гэснийгээ л энд хэлье. МоАХ анхнаасаа дэвшүүлж "Иргэн баян бол улс баян" уриаг бодит үйл хэрэг болгож, иргэдийн хангалуун сайхан амьдрал, улс орны хөгжил цэцэглэлтийг дэмжсэн төслүүд хэрэгжихгүй байна. Ажлын байрыг олноор нь бий болгох, тогтвортой орлогод хүргэх үйлдвэржилт, бүтээн байгуулалтын аврага төслүүдийг улс төрд шургалсан олигархиудын явцуу бүлэглэл гацааж, зогсоож, ач холбогдол багатай төслүүдэд хөрөнгө тарамдаж байхад бид таг дуугүй харж суусаар, алтан цаг хугацааг алдсаар байна.
Иргэдийн бизнес эрхлэх эрх чөлөөг хумиж, удаан хугацаанд тогтвортой ажлын байртай болох хүслийг нь няцалж, дураар авирлаж, бүхнийг хориглох, хуйвалдах маягаар улс төрийг бохирлож байгаа хүмүүсийг бид зогсоож чадсангүй. Нөхцөл байдлыг эерэгжүүлэх чиглэлд юу ч хийхгүй, дэмий хоосон шүүмжлэх, хоорондоо хагаралдан муудалцах байдалтай л явж ирлээ. МоАХ-ны хариуцлагатай албан тушаалд байсан зарим хүмүүс цаг зуурын хонжоо, албан тушаалын наймаанд ариун зорилгоо умартан биеэ худалдаж байна. Үнэнч тууштай явах цагт үхэр тэргээр туулай гүйцэхийн үлгэрээр өнөөдөр тэд мухардан, бантагнаж яваа.
Ардчилагчид аа, асуудлыг тоочиж, шүүмжилж суухаас илүүтэй тулж, шийдэх цаг болжээ. Үүний тулд бид урьд урьдынхаас илүү эв нэгдэлтэй, нягт байж, улс төрийн элдэв явуулга, наймаанд авталгүй Цагаан морин жилээс хойш зорьж яваа иргэдээ эдийн засгийн эрх чөлөөнд хүргэх ариун зорилгоо гүйцээмээр байна. Улс орноо гадны түүхий эдийн бааз болон үлдэх гунигт тавилангаас салгаж, цэцэглэл хөгжилтөд хүргэх үйлдвэрлэлийн орон болгон хувиргахын төлөө зогсолтгүй тэмцье. Үүний төлөө хамтран зүтгэх аваас чөтгөртэй болтугай хүч нэгтгэе, энэ зорилгод саад болох аваас бурхан байлаа ч няцаая.
Монголын иргэд бүгд ажилтай, орлоготой болж, хэний ч гар харалгүй амьдрах болсон тэр цаг дор МоАХ нэгэн түүхэн үүргээ биелүүллээ гэж үзэх болно. Үүний төлөө ахин нэгдье, урагшлан давхия.
Сайн үйлсийн төлөө, моринд оо! МоАХ зорьсон үйл хэргээсээ хэзээ ч ухрахгүй гэдгийг нотлон харуулцгаая, уухай
Монголын Ардчилсан Холбооны дарга Х.Баттулга