Д.Ганхуяг: Социализм үнэртсэн хууль байна лээ
2010.05.21

Д.Ганхуяг: Социализм үнэртсэн хууль байна лээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын чуулганы дэгийг өөрчлөх хоёр ч хуулийн төсөл яригдаж буй. Үүний нэг нь Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл юм. Энэхүү хуулийн төслийг байнгын хорооны гишүүд дэмжээд буй.

Харин УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Су.Батболд нарын санаачилсан хуулийн төсөл дээр гишүүд нэлээд маргаан үүсгээд байгаа билээ. Уг төсөлд тусгаснаар УИХ-ын хуралдаанууд ихэвчлэн хаалттай болох юм гэнэ. Тодруулбал, сэтгүүлчдийг чуулганы хуралдааны танхимд оруулахгүй, тусгай өрөөнд суулгадаг болно гэжээ. Улмаар хуралдаан дууссаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх гэнэ.Мөн чуулганы үеэр хэн дуртай гишүүн үг хэлэх нь хориотой болох аж. Тодруулбал, нэгдсэн хуралдаанаар асуудал хэлэлцэх үед нам, эвслийн бүлгээс тав, нам, эвслийн бүлэг байгуулаагүй намаас нэг, мөн бие даагч гишүүд асуулт асууна.Ингэснээр цаг алддагийг болиулах ач холбогдолтой хэмээн хууль санаачлагчид хэлэв. Гишүүдийн үг хэлэх тоог ийн хязгаарласанд ундуйцав.

Тэр ч бүү хэл, ингэж үгээ хязгаарлах юм бол УИХ-д сонгогдох нь утгагүй гэх гишүүн ч байв. Түүнчлэн санал хураалтын системийг эзнийхээ хурууны хээг таньдаг болговол эзгүй гишүүний өмнөөс бусад нь санал өгөх боломжгүй болох гэнэ.Уг нь энэ асуудлыг одоо шийдэж болох ч төсөв хөрөнгө нь шийдэгдээгүй байгаа талаар хууль санаачлагчид ярьсан юм. Дээрх дэгийн тухай хуулийн талаар гишүүд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

Д.Ганхуяг: Социализм үнэртсэн хууль байна лээ

Угтаа энэ асуудлыг бодож үзэх хэрэгтэй. Гэхдээ УИХ, парламент гэдэг иргэдийн төлөөллөөр төрийн эрхийг барьж буй ийм байгууллага. Тухайн улсын бүхий л хууль тогтоомж энэ байгууллагаар хэлэлцэж, шийдвэрлэгддэг. Тийм учраас нээлттэй байх зарчим сонгох хэрэгтэй. Энэ талаасаа надад таалагдахгүй байгаа. Хугацаа алдаж байна гэж байгаа. Гэхдээ үүнийг өөр байдлаар зохицуулах хэрэгтэй. Чуулганаар хэлэлцэж байгаа асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод байх ёстой. УИХ-ын гишүүний хэлэх үг, гаргасан хууль тогтоомжинд нь хязгаарлалт тавих зарчим хаана ч байдаггүй. Ардчилалд нийцэхгүй, социализм үнэртсэн хууль байна лээ. Нөгөө талаар гишүүдийн ирцийг олон түмэнд ил байлгачихад л асуудал шийдэгдэх боломжтой.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.