Д.Баттогтох: “Шилдэг инноваци” төслийг шалгаруулна
Монголын залуу эрдэмтдийн холбооны ерөнхийлөгч, доктор Д.Баттогтох
2014.10.15

Д.Баттогтох: “Шилдэг инноваци” төслийг шалгаруулна

Залуу судлаач, багш нарын дунд зохион байгуулдаг “Хүрэлтогоот ” эрдэм шинжилгээний хурал тун удахгуй болох гэж байна. Энэ талаар Монголын залуу эрдэмтдийн холбооны ерөнхийлөгч, доктор Д.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

-Жил бүрийн энэ үед залуу судлаач, багш, эрдэмтэн нарын дунд зохион байгуулагддаг “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурал болдог. Энэ жилийн бага хурал хэзээ болох вэ. Хэд дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа вэ?

Энэ жилийн тухайд “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 17- ноос арваннэгдүгээр сарын 1 хүртэл зохион байгуулагдана. Энэхүү эрдэм шинжилгээний бага хурал маань 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

-Энэ жилийн “Хүрэлтогоот”-ын онцлог нь юу байх бол. Ямар ямар салбарыг хамруулах вэ?

Монголын залуу эрдэмтдийн холбооноос дөрвөн жилийн стратеги төлөвлөгөө гарган түүнийгээ хэрэгжүүлэн ажилладаг. Бид энэ жилийн “Хүрэлтогоот” хурлыг өөрсдийн уриатай уялдуулан “Шилдэг инноваци” төслийг шалгаруулж байгаагаараа онцлог. Салбаруудын тухайд, уламжлалт байдлаар шинжлэх ухааны үндсэн салбар болох Байгаль, Нийгэм, Биологи хөдөө аж ахуй, Техник технологи, Анагаах ухаан болон Геологи-Газарзүйн ухаан гэсэн зургаан салбарыг хамруулан зохион байгуулж байна.

-“Хүрэлтогоот”-ын үеэр хэд хэдэн салбар хуралдааныг зохион байгуулж шилдгүүдээ тодруулдаг. Шилдэгүүдийг ямар шалгуураар сонгодог вэ?

Тухайн салбартаа тэргүүлэгч эрдэмтэн, профессор нар салбар холбоодын хурлын шүүгчээр ажилладаг. Залуу судлаачдын шилдэг бүтээлийг судалгааных нь цар хүрээ, шинэлэг байдал, илтгэх урлаг, шинжлэх ухаан болон практик ач холбогдол зэргииг нь харгал шүүгчийн өгсөн үнэлгээг үндэслэн шалгаруулдаг.

-Шилдэг бүтээл, илтгэлийг хэрхэн урамшуулдаг вэ?

Салбар бүрээс шалгарсан шилдэг 12 залуу судлаачид БШУ-ы сайдын нэрэмжит дөрвөн сая төгрөгийн грантыг олгодог. Мөн энэ жил МЗЭХ-ноос шалгарсан 12 бүтээлээс шилдэг инноваци бүхий бүгээлийг шалгаруулан санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэгийг үргэлжлүүлэн өгнө.

Ингэснээр тухайн судлаачийн бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх эсвэл гарааны компани болгон хөгжүүлж зах зээлд байр суурйа олсон монгол ухаан шингэсэн брэнд гаргах боломжтой юм.