Л.Болд: Иргэн төвтэй гадаад бодлогыг чухалчилж байна
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд
2014.09.18

Л.Болд: Иргэн төвтэй гадаад бодлогыг чухалчилж байна

Гадаад харилцааны яамнаа өнөөдөр гадаад дахь монголчуудын төлөөлөл чуулж, өөрсдийн асуудал бэрхшээл, эрх ашгийн талаар санаа бодлоо илэрхийлэн хилийн чанад дахь иргэд маань төр, засагтай хэрхэн ямар чиглэлд хамтран ажиллах талаар ярилцаж байна.

“Бүтээлч хамтын ажиллагаа” нэрийн дор болж буй уг чуулга уулзалт нь өчигдөр эхэлсэн Монгол Улсын өргөмжит консулуудын зөвлөлдөх уулзалттай давхцаж буй юм. Монгол Улсын Элчин сайдын яам, Дипломат төлөөлөгчийн газар хараахан нээх бололцоогүй байгаа 44 оронд 72 Өргөмжит консул ажиллаж байна.

Энэ үеэр хилийн чанад дахь монголчууд өргөмжит консулуудтай уулзаж танилцах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бололцоог олгох үүднээс ийнхүү хоёр уулзалтыг давхцуулан зохион байгуулж байна.

 

Хилийн чанад дахь монголчуудын чуулга уулзалтыг нээж УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд Ардчилсан нийгэмд шилжсэнээр иргэд хилийн чанадад чөлөөтэй зорчих болж улмаар тэндээ суурьшин аж төрөх болсоор даруй 20 гаруй жилийг үджээ.

Үүнтэй холбогдуулан хилийн чанадад аж төрж буй иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдэнд төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх асуудал тавигдах болж Монгол төрийн бодлогын салшгүй нэг хэсэг болсон. Энэ ч үүднээс хилийн чанадад байгаа иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг үндэсний болон тухайн улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцийн хүрээнд хамгаалах асуудлыг Гадаад бодлогын үзэл баримтлалдаа тусган УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан билээ.

Шинэчлэлийн Засгийн газар ч иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, хилийн чанадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, эх орондоо эргэн суурьшихад нь дэмжлэг үзүүлэх асуудлыг Гадаад харилцааны салбарынхаа тэргүүлэх зорилт болгон ажиллаж байгаа билээ

Шинэчлэлийн Засгийн газар ч иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, хилийн чанадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, эх орондоо эргэн суурьшихад нь дэмжлэг үзүүлэх асуудлыг Гадаад харилцааны салбарынхаа тэргүүлэх зорилт болгон ажиллаж байгаа билээ.

Энэ зорилтын хүрээнд нэн тэргүүнд төрийн үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх, консул-эрх зүйн туслалцааг иргэддээ ойртуулах үүднээс ДТГ-ын байршлыг шинэчлэн тогтоох шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирлээ.  Энэ хүрээнд шаардлагатай газруудад ДТГ-ын тоог нэмэгдүүлэх шийдвэрийг УИХ-аас гаргаж, Засгийн газар хэрэгжүүлж байгаа.

Тухайлбал энэ онд Индонез, Бразил улсад Элчин сайдын яам, Туркийн Истанбул, Киргизийн Бишкект Ерөнхий Консулын газар болон Хятадын Хайлаар, Солонгосын Пусанд Консулын газар нээгээд байна.

Хилийн чанадад аж төрж буй иргэдийнхээ бодит эрх ашгийг хамгаалах, нэн ялангуяа хүнд хэцүү зовлон бэрхшээл тохиолдсон үед нь анхан шатны санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлэх явдал бидний үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг байх учиртай.

Энэ ч үүднээс Шинэчлэлийн Засгийн газар “Иргэдэд туслах сан”-гийн хөрөнгийн хэмжээг дорвитой нэмэгдүүлсээр ирсэн бөгөөд 2014 он гарснаас хойш 32 иргэнд  94,1 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг олгоод байна.

Мөн хилийн чанадад онцгой үед ажиллах төлөвлөгөө боловсруулан, Зам тээврийн сайд, Гадаад харилцааны сайдын хамтарсан тушаалаар орон тооны бус зөвлөл ажиллаж байна. Түүнчлэн хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон иргэдийг түр хугацаагаар орон байр, хоол хүнсээр хангах, бичиг баримт олгон эх оронд нь буцаах журам гарган ажиллаж байна.” гэсэн юм.