Д.Ганхуяг: 31.09 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно
Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2014.09.17

Д.Ганхуяг: 31.09 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно

Уул уурхайн яамнаас хайгуулын тусгай зөвшөөрлийг солбилцлоор олгох болсон талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

-Хайгуулын тусгай зөвшөөрлийг солбилцлоор олгохоор болсон байна. Үүний давуу талыг нь дурдана уу?

Хайгуулын тусгай зөвшөөрлийг солбилцлоор олгодог болсноор өмнөх шиг замбараагүй олголтыг таслан зогсоож байгаа юм. Мөн ашигт малтмал эрж хайх, олборлох үйл ажиллагаа шинжлэх ухааны үндэслэлттэй бүрэн хяналттай болно гэж үзэж байна. Цаашлаад тусгай зөвшөөрөл олгох үйл явц ил тод болох юм.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зөвхөн төрөөс тогтоосон нутаг дэвсгэрт олгодог болох чиглэлээр эрх зүйн орчин бүрдүүлнэ гэж заасан. Энэ хүрээнд өнгөрсөн долдугаар сарын1-нд УИХ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын хайгуулын ордод тусгай зөвшөөрөл олгохыг хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг баталсан.

Өнгөрсөн онтой харьцуулахад нүүрсний олборлолт, экспорт 20 гаруй хувиар нэмэгдсэн.

Хуульд заасны дагуу геологи, уул уурхай эрхэлсэн төрийн захиргааны байгууллагууд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбилцлоор тогтоож нийтэд мэдээлэх гэж тусгасан байгаа. Иймээс хуулийн хүрээнд тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулж байна.

-Тусгай зөвшөөрлийг нийт газар нутгийн хэдэн хувьд олгох вэ?

Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 71.5 хувьд нь ямар нэгэн байдлаар ашигт малтмал эрж, хайх олборлохыг хязгаарласан байдаг. Үүн дотор хот тосгон, бусад суурины газар, зам шугам, сүлжээ, ойн сан бүхий газар, улсын тусгай хэрэгцээний газар орсон байгаа.

Мөн тусгай хамгаалалттай хуулийн хүрээнд дархан цаазат, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц, дурсгалт газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон. Энэ удаад нийт газар нутгийн 19.88 хувьд нь солбилцлоор тусгай зөвшөөрөл олгоно.

Энэ нь манай орны нийт газар нутгийн 31.09 сая га талбай гэсэн үг. Үүнээс сонгон шалгаруулалтаар 10.15 сая га буюу 6.49 хувь, өргөдлөөр 20.94 сая га буюу 13.39 хувьд тусгай зөвшөөрөл олгох юм.

-Тусгай зөвшөөрөл хүссэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад ил тод байдлыг бий болгож өгч байгаа нь чухал байх. Ямар арга замаар ил тод үйл явцыг бий болгох вэ?
Энэ удаад нийт газар нутгийн 19.88 хувьд нь солбилцлоор тусгай зөвшөөрөл олгоно.

Төрөөс ашигт малтмалын хайгуул хийх талбайг зарлаж байна. Ашигт малтмалын газарт хоёр томоохон ажил хийж байгаа. Нэгдүгээрт, хайгуулын зөвшөөрөл олгож эхлэх өргөдлийн дугаарыг цахимаар олгоно.

Цахимаар олгосноор аль болох бүх хүний оролцоог хангахаас гадна ашигт малтмалын ажилтнуудын оролцох нөлөөллийг багасгаж байгаа юм.

Нөгөөтэйгүүр Ашигт малтмалын газарт үүсдэг байсан томоохон дараалал байхгүй болж байгаа. Цаашлаад кадастрын үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлж байгаа юм. Нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлснээр тухайн өргөдөл гаргагчийн өргөдлийг хүлээж авсан даруйдаа хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхэд нэг өдрийн дотор хариу өгөх боломжтой болж байгаа.

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн кординатуудыг тусгай зөвшөөрлийн системд суулгаж өгнө. Ингээд хоёр хоногийн дараагаас кадастрын системд хандаж кадастрын өргөдлийн дугаарыг цахимаар авах туршилтын долоо хоног хэрэгжинэ. Ингээд 24-ны өдрөөс албан ёсоор хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхлэх юм.

-Эдийн засгийн үр өгөөжийг нь яаж харж байгаа вэ. Урьдчилсан байдлаар ямар нэгэн тооцоо гаргасан уу?

Геологийн хайгуул хийх нь өөрөө их эрсдэлтэй. Геологи, хайгуулын салбарт эрэл хайгуул хийх асуудал зогсонги байдалтай байгаа. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүд энэ сарын 24-нд зөвшөөрлөө аваад хайгуул хийх боломжтой болж байна.

Хамгийн багадаа жилд нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт эрэл хайгуулын салбарт зарцуулах юм байна гэсэн урьдчилсан тооцоо байна.

-Аж ахуйн нэгж байгууллагууд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авчихлаа гэж бодоход хууль эрх зүйн орчны хүрээнд ямар баталгааг өгч байгаа вэ. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа явуулах тогтвортой орчинг нь хэр хангасан бол?
Хамгийн багадаа жилд нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт эрэл хайгуулын салбарт зарцуулана.

2012 оны сонгуулийн үеэр эрх зүйн орчноо тогтвортой болгосон. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд урт хугацаанд тогтвортой байх эрх зүйн орчинг нь бүрдүүлсэн гэж ойлгож болно. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо бэлтгэлээ сайтар хангаж байж олгох ёстой гэдгийг ард түмэн, аж ахуйн нэгж байгууллага, улстөрчид хаа хаанаа мэдэж байсан.

-Сонгуулийн өмнө шинээр баталсан хуулиудын хүрээнд мянга гаруй тусгай зөвшөөрлийг цуцалсан. Тэгэхээр одоо цуцалсан тусгай зөвшөөрлийг сэргээж байгаа гэж ойлгож болох уу?

Энэ удаагийн тусгай зөвшөөрөл бол өөр. Тусдаа өөр талбайд олгох юм. Өмнөх тусгай зөвшөөрлийн хувьд өөр шүү дээ. Урт нэртэй хуулийг2011 онд баталсан. 2012 оны зургадугаар сард энэ хуулийг хэрэгжүүлэх191 дүгээр Засгийн газрын тогтоол гарсан шүү дээ. Тэр үед нийтдээ 1336 зөвшөөрлийг хүчингүй болгосон.

Тэгэхээр хууль гарахаас өмнө олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг яах вэ, хоёрдугаарт нөхөн олговрынх нь асуудлыг яаж шийдвэрлэх вэ. Өөрөөр хэлбэл, хайгуулын тусгай зөвшөөрлийг төрөөс өгчихөөд эргээд цуцалчихсан.

Нэг жилийн хугацаанд нөхөн олговор олгохгүйгээр үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх заалт хуульд бий. Гэхдээ одоогоор ямар нэгэн эцэслэн байдлаар шийдэгдээгүй байна. Тэгэхээр хууль гарахаас өмнө олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг яах вэ, хоёрдугаарт нөхөн олговорынх нь асуудлыг яах вэ гэдэг асуудал бий.

-Оюутолгойн татварын асуудал шийдэгдсэн, шийдэгдээгүй гээд зөрүүтэй мэдээлэл байна. Энэ талаар бодит мэдээлэл өгнө үү?

Татварын маргаан таслах хурал хэдхэн хоногийн өмнө болсон. Хоёр тал хоёулаа уг хуралд оролцсон. Ер нь тодорхой төвшинд зөвшилцөл, яриа хэлэлцээр өрнөж байна.

-Ирэх сараас нүүрсний үнэ сэргэнэ гэж ярьж байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ. Салбарын сайдын хувьд та юу гэж харж байгаа вэ?

Сэргэнэ гэж ярьж байгаа болохоос одоогоор сэргэсэн зүйл алга байна. Манай компаниуд олборлолт, экспортынхоо үйл ажиллагааг явуулж байгаа. Өнгөрсөн онтой харьцуулахад нүүрсний олборлолт, экспорт 20 гаруй хувиар нэмэгдсэн. Засгийн газар говийн бүс тэр тусмаа Тавантолгойг тойрсон дэд бүтцийн шийдвэрүүд гаргалаа.

Тухайлбал, Цахилгаан станц барих, Гашуун сухайтын боомтод төмөр зам барих гэх мэт. Өнгөрсөн сард Хятадын дарга Си Зиньпиний айлчлалын хүрээнд транзит тээврийн хэмжээ, боомт, тарифийн асуудлууд иж бүрэн шийдэгдсэн.

Тиймээс Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрийг үргэлжлүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан байгаа. Ирэх арваннэгдүгээр сард багтаагаад шийдчихнэ гэсэн бодолтой байна.