Гадаад харилцааны сайд Л.Болд, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Сезин Синаноглуд хүлээлгэн өглөө
2014.09.05

НҮБ-ын шинэ байрыг хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын барилгыг улсын төсвийн хөрөнгөөр шинэчлэн барьж ашиглалтад оруулсантай холбоотойгоор уг барилгыг НҮБ-ын албан хэрэгцээнд хүлээлгэн өгөх  ёслол 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хот дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт болов.

НҮБ-ын шинэ барилгыг хүлээлгэн өгөх тухай баримт бичигт Гадаад харилцааны сайд Л.Болд, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Сезин Синаноглу нар гарын үсэг зурав.

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн НҮБ-ын гудамжны 14 тоотод байрлах 8686 м.кв бүхий газартай, 4799.74 м.кв бүхий үндсэн барилга болон 115 м.кв автомашины граашийг НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагууд түрээсээр эзэмших болж байгаа аж.

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус байгууллагын 101 дэх гишүүнээр элссэн нь манай улсын өнгөрсөн ХХ зууны түүхэндээ олсон томоохон ололтын нэг юм.

Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн тэгш эрхт түнш болсноор НҮБ-ын системийн бусад байгууллага, олон улсын гэрээ хэлэлцээрүүдэд нэгдэн орох өргөн боломж нээгдсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд манай улс олон улсын засгийн газар хоорондын болон бүс нутгийн 70 орчим байгууллагын гишүүн болсон.

Нөгөөтэйгүүр, энэ нь Монгол Улсын хувьд гадаад бодлогын үйл ажиллагаагаа өргөжүүлэх, НҮБ болон бусад гишүүн орнуудын тусламж, дэмжлэгийг авч хамтран ажиллах боломж бүрдсэн билээ.

НҮБ, түүний системийн байгууллагууд 1963-2003 оны хугацаанд манай улсад 260 сая гаруй ам.долларын тусламж үзүүлсэнээс гадна “НҮБ-ын хөгжлийн тусламжийн  хүрээ”-нд тусгагдсан дагуу 2002-2006 онд нийт 78.2 сая ам. доллар, 2007-2011 онд 40 сая ам. долларын тусламж үзүүлсэн байна.

2012-2016 онд хэрэгжих учиртай “НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээ”-ний тэргүүлэх чиглэл, үр дүнг дэмжихэд нийт 34 сая ам.долларын боломжит санхүүжилт, 65 сая ам. долларын дайчлах санхүүжилт хийхээр тусгагдсан байна.

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн  1990-ээд оны эхний  үед НҮБ, түүний системийн байгууллагууд, ялангуяа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монголыг дэмжигч хандивлагчдын бүлгийг үүсгэн бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд зудын гамшгийн хохирлыг даван туулахад туслах олон улсын  хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг хошуучилсан билээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр 2001, 2010 онд зудад нэрвэгдсэн малчдад туслах уриалгыг гадаад орон, олон улсын байгууллагад хандан гаргаж нийт 50 орчим сая ам. долларын мөнгөн болон эд материаллын тусламжийг цуглуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн  болно.