Японы төмөрлөгийн мэргэжилтнүүд Монголд ирлээ
Монголд анх удаа эко автобусыг үйлдвэрлэхээр зорин ажиллаж байгаа “Экобус” компани үйл ажиллагаатай Японы Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчид зочиллоо.
2014.08.18

Японы төмөрлөгийн мэргэжилтнүүд Монголд ирлээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Монголд анх удаа эко автобусыг үйлдвэрлэхээр зорин ажиллаж байгаа  “Экобус” компани үйл ажиллагаатай Японы Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчид зочиллоо.

Тэдний хувьд тус компанийн боловсон хүчнийг сайжруулах тал дээр болон  Япон улсын компаниудтай харилцаа холбоо тогтоож, хамтран ажиллах чиглэлээр ажиллана гэдгээ мэдэгдэж байлаа.

Энэ үеэр Японы Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхий төслийн менежер Харашима Тэцуотэй ярилцлаа.

-Монголд төмөрлөг, машин үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд юуг анхаарах хэрэгтэй гэж та дүгнэж байна вэ?

Энэ салбарыг хөгжүүлэхэд юун түрүүнд төмөрлөг, машин үйлдвэрлэлийн зах зээлээ нээх хэрэгтэй гэж бодож байна. Монгол орны хувьд одоохондоо сэлбэг, эд анги, хөдөлгүүр зэргээ гаднаас өндөр

үнээр авч байгаа нь салбарын хөгжилд хүндрэл учруулдаг. Тиймээс зах зээлээ сайн судалж үзэх хэрэгтэй.

-Цаашдаа Японы талаас ямар дэмжлэг үзүүлэх вэ?

Японд төмөрлөг, машин үйлдвэрлэлийн салбарт насаараа ажилласан олон сайн мэргэжилтнүүд байдаг. Тэдгээр хүмүүс одоо тэтгэвэрт гарсан ч гэлээ өөрсдийн мэдлэг чадвараа бусадтай хуваалцахад бэлэн байгаа. Туршлага, мэдлэгийн асар их уурхай л гэсэн үг.

Тийм ч учраас туршлага хуваалцаж, Монголын боловсон хүчнийг сайжруулах үүднээс Японы мэргэжилтнүүдийг илгээх болно. Энэ нь салбарт оруулах ихээхэн тус дэм болох болов уу. Бас энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг Японы компанитай “Экобус” компанийг холбох зэрэг арга хэмжээнүүдийг авна.

Вэй Юү Ян: Манай үйлдвэр нь дэлхийн нийт 50 гаруй оронтой хамтарч ажилладаг

Мөн энэ үеэр “Экобус” компанитай хамтран ажилладаг БНХАУ-ын Гуань Ши хөдөлгүүрийн үйлдвэрээс албаны хүмүүс ирсэн байлаа. Тус үйлдвэрийн хөдөлгүүрийн инженер Вэй Юү Янтай ярилцлаа.

- “Экобус” компанид импортоор нийлүүлдэг “Евро 4” стандартын хөдөлгүүр нь танай улсад хэр түгээмэл вэ?

Энэ хөдөлгүүр манай улсад маш түгээмэл. Бээжин, Шанхай зэрэг бүх томоохон хотуудын том тээврийн хэрэгслүүд бүгд энэ хөдөлгүүрийг ашигладаг.

-Мэдээж манай улсын зах зээлийг судалсан байх. Энэ талын салбар Монголд хэр хөгжих вэ?

Мэдээж маш их судалгааг хийсэн. Улаанбаатар хот 1 сая хүн амтай. Цаашдаа улам хөгжинө. Тэглээ гээд зөвхөн хотдоо төвлөрөхгүй хажуу томоохон хотууд руугаа тэлнэ. Тиймээс хот хоорондын тээвэр зэрэг

цаашдаа илүү сайн талууд их харагдаж байгаа.

-Танай компаний хувьд өөр улс орон руу өөрсдийн хөдөлгүүрээ импортолдог уу ?

Манай үйлдвэр нь дэлхийн нийт 50 гаруй оронтой хамтарч ажилладаг.  Ялангуяа Орос, Казакстантай нягт хамтарч ажилладаг.