Цаасан мэндчилгээг халъя
Шинэ он дөхөх бүрт төрийн байгууллагууд татвар төлөгчдийн мөнгөний багагүй хэсгийг үнэтэй цаасан дээр гоё зураг хэвлэсэн элдэв, мэндчилгээ, хуанлид зарцуулдаг. Зөвхөн шинэ жилийн цаасан мэндчилгээнд ард түмний мөнгөнөөс жилд 800 гаруй сая төгрөг үрдэг гэсэн тооцоо бий. Энэ мөнгөөр сурагчийн нимгэн дэвтэр л гэхэд 6 сая гаруй ширхгийг авч болно. Нэг хүүхэд улиралд 50 дэвтэр хэрэглэнэ гэвэл 120 мянга гаруй сурагчийн нэг улирал хэрэглэх дэвтрийн мөнгө юм. 100 мянган тун томуугийн вакцин, "Үдийн цай" хөтөлбөрийн 3 сая ширхэг тараг, 2000 ширхэг орчин үеийн компьютер, 160 ширхэг эмнэлгийн фургон авч болох мөнгийг жил бүр 12 дугаар сарын сүүлийн 2 долоо хоногт монголын төр шат, шатандаа зүгээр л шатааж байна. Хүнээс ийм гялгар цялгар мэндчилгээ авсан хүн эргүүлээд хариу барих хэрэг гарна. Энэ мянга мянган мэндчилгээг худалдаж авах, хүргэж өгөх гэж "УБЗ дугаартай зуу зуун үнэтэй жийпнүүд бөнзин шатахуун шатаан хотоор нэг хөлхөлдөнө. Төрийн олон зуун албан хаагч даргынхаа мэндчилгээг дамжуулах гэж хэдэн өдрийнхөө ажлыг зарцуулна. Харин энэ олон шуудай үнэтэй мэндчилгээг 1 сарын 1 -нээс хойш хаана хадгалах вэ гэсэн асуултад хариулт нэхсэн үнэ цэнэгүй цаас л болж хувирдаг билээ. Дээр дурдсан үргүй зардлыг хэмнэх замыг Лу.Гантөмөр "Цаасан захиал биш цахим мэндчилгээ" гэж томъёолсон юм.