Улсын мөнгөөр архи уухыг багасгаж 3-2 тэрбум хэмнэв
2008 оны төвлөрсөн арга хэмжээнд зарцуулахаар 9,6 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Төвлөрсөн арга хэмжээ нэрийн доор жил бүр төсвийн мөнгөөр төр асар их хэмжээний архи, согтууруулах ундаа, тамхи худалдан авч хэрэглэдэг, Төрийн бүх шатны байгууллагуудын зохион байгуулдаг элдэв ой, янз бүрийн хүлээн авалтын зардлын дийлэнхийг архи, согтууруулах ундааны төлбөр эзэлж байна. Монгол улсын Засгийн газар холбогдох тогтоол гарган хамгийн ойрын томоохон баяр болох билгийн тооллын шинэ он, Цагаан сарын өмнө төрийн байгууллагууд төвлөрсөн арга хэмжээнд архи, тамхи, согтууруулах ундаа худалдан авч хэрэглэхийг хориглон, хэрэгжилтэд нь чанд хяналт тавихыг УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр шаардаж байгаа юм. Татвар төлөгчдийн эрх ашигт нийцэхгүй, олон нийтийн ёс суртахууны үнэлэмжийг хөсөрдүүлж, төрийн албаны нэр хүндийг унагаж байгаа энэ зардлыг ард түмэн, улс орны нийтлэг эрх ашигт нийцүүлэн зохицуулахыг тэр хүсч байна.