Л.Гантөмөр: Сонгуулийн дараа МАН, МАХН эвсэж л таарна
-Сая Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг хэлэлцээд олонхийн саналаар авч үлдлээ. Огцруулах үндэслэл нь хангалттай байж чадсангүй гэдэг үндэслэлээр?
-Ц.Нямдорж сайдыг огцруулах үндэслэлээ АН-ынхан арай өөрөөр томьёолсон. Нэгдүгээрт худлаа хэлсэн гэдгээр нь. Ц.Нямдорж "Н.Энхбаяр даргыг баривчлах ажиллагаа болсон. Үүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд миний бие оролцох ёсгүй" гээд л үнэнээ хэлчих хэрэгтэй байсан юм. Гэтэл тэгэлгүйгээр "Би унтаж байсан. Тэр шүүх, прокурор, АТГ-аас нь асуу" гэж байна лээ. Энэ бол салбарын сайдын ёс зүйн хувьд яалт ч үгүй ажлаа өгөх алдаа болсон. Харин хоёр дахь нь иргэний бүртгэл, ухаалаг үнэмлэхийн асуудлыг гацааж луйвар, булхай хийх вий гэж бид асар их болгоомжилж байгаа.
Хардаж ч байгаа. Хардах олон шалтгаан байна. Ц.Нямдорж сайдын мэдэлд Бүртгэлийн газар очсон өдөр ухаалаг үнэмлэх гарахгүй гэж мэдэгдсэн.
Ялангуяа Улаанбаатар хотын бүртгэлийн асуудал үнэхээр бүдэг байна. Нэг сая хүний бүртгэлийн ажлыг хийж чадахгүй гэдгийг эднийхэн мэдэж байгаа. Тэгээд ч сөрөг хүчнийхэн иргэд амьдарч байгаа газартаа хуулийн дагуу бүртгүүлсэн эсэхийг хянах боломжгүй. Энэ мэтээр хардлага дагуулах асуудал их байна. Үеийн үед иргэний бүртгэлээр будлиан хийдэг уламжлалтай. Тэр уламжлалаа энэ удаа давтана гэж хардаж байгаа, бид. Тэгэх ч бүрэн үндэслэл байна. Тэгэхээр манайхан луйвар хийдэггүй, шударгаар ажил хийдэг хүнээ тавиасай гэж хүссэн. УБЕГ-ын даргаар улс төрийн хүн авчирч тавьсан гэх мэт олон алдааг хийгээд байна, МАН-ынхан. Тиймээс л бид огцруулах асуудлыг дэмжиж оролцсон. Харин энэ үндэслэлийг бичгээр тавибал эхний санал тавьсан хүмүүс цаашаа явах магадлалтай байлаа. Гэхдээ бичгээр санал хүргүүлээгүй ч зарим нөхөд нь байр сууриасаа няцсан учраас МАН-ын хүсэл сонирхлын дагуу асуудал шийдэгдлээ.
-Огцруулах саналаас нэрээ татаж авсан хүмүүсийн хувьд улс төрийн дарамт юм уу, тойрог хуваах наймаанд автсан гэх хардлага дагаж байна л даа?
-Үүнийг нь бид яаж мэдэх вэ. Гэхдээ л асар хариуцлагагүй ажил хийлээ. Өөрсдийнх нь ажиллах хугацаа өдрөөс өдөрт хумигдаж байхад ийм хэрүүлийг гаргаж, төрөөр тоглодог нь буруу. Энэ дээр нэг зүйлийг онцлоход Ц.Нямдорж сайдыг огцруулалгүйгээр сонгуульд өрсөлдөнө гэдэг нь энэ сонгууль луйвар булхайтай болно гэдгийг улам баталгаажуулж байгаа юм. Мөн санал өргөн бариад буцсан нөхөд УИХ-аас уучлалт гуйх ёстой. УИХ-ын арваад хоногийн ажлыг аллаа ш дээ.
-Танай намаас гаргасан огцруулах үндэслэлийн хувьд Ц.Нямдорж сайд байр сууриа илэрхийлсэн. Энэ ажлыг АН-ын дарга Н.Алтанхуяг, сайд байх даа гацаасан гэж. Үнэхээр тийм зүйл болсон юм биш үү?
-Ер нь олон жил улс төрд явсан хүмүүст нэг муухай зан байдаг. Өөрөө их цэвэрхэн бусдад буруу байдаг гэсэн. Тэгээд өөрийнхөө хийж байгаа буруу ажлыг, эсвэл хийж чадахгүй зүйлээ заавал бусад руу чихдэг, түлхдэг муухай зүйл оршсоор байна. Хэрвээ Ц.Нямдорж сайд УБЕГ-ын даргаараа энэ төрлийн програмчлал мэддэг, систем ойлгодог, мэргэжлийн хүн авсан бол хүндрэл гарахгүй байх байсан. Одоо Ц.Нямдоржийн багийн нөхдүүд үнэмлэх хэвлэж байгаа нөхдүүдтэй хамтран ярилцлагад орохдоо ямар хэлээр яриад байгаа юм. Өөрсдөө мэдэхгүй, ойлгохгүй байна ш дээ. Ойлгохгүй хүмүүстэй цаад мэргэжлийнхэн юу дуртайгаа л ярьж байгаа биз. Тэгэхээр УБЕГ-ын даргаар мэргэжлийн хүн тавих байсан. Энд маш том алдаа гарсан. Тэгээд мэргэжлийн хүмүүсийг нь ажлаас халдаг нь бүр том алдаа болсон. Ингээд харахад сонгуулиар тоглочихье гэж бодож байх шиг байна. Үүнийг би ялахын дон гэж хэлж байгаа. Үеийн үед л нэг ийм зүйл хийх юм. МАН-ынханд ялахын дон шүглэчихэж. Ийм зүйл дахин дахин хийгдээд байхаар манай иргэд парламентат ардчилсан ёсноос залхаж байна. Эдгээр хүмүүсийн гол зорилго бол ардчилсан зарчмаас залхаах л даа. Эргээд нэг намын дарангуйллыг тогтоохын төлөө л байгаа юм.
-Одоо яаж ч ажиллаад ухаалаг үнэмлэхийг гаргах боломж байхгүй гэсэн үг үү. Өөр гэрээ, өөр хуваарийн дагуу ажиллах боломжгүй юу?
-Асуудлыг өнгөрсөн гэж бодоод орхиж болохгүй. Ажлыг хийх ёстой. Манай намынхан ухаалаг үнэмлэх гаргахыг бүх хувилбараар шахаж шаардаж байна. МАН-ынхны бодол бол ухаалаг үнэмлэхийг их шаардвал сонгуулийг хойшлуулъя гэдэг байх шиг ээ. Гэхдээ яасан ч сонгуулийн хугацааг хойшлуулж болохгүй. Сонгуулийг хугацаанд нь, ухаалаг үнэмлэхийг хэвлэн тарааж явуулах хэрэгтэй. Бүр наанадаж Улаанбаатар хотын иргэдийн цахим үнэмлэхийг хэвлэж сонгууль явуулах учиртай. Нийслэлд 600 гаруй мянган сонгогч байгаа. Эрх баригчдын гол будлиан, луйвар хийдэг газар бол нийслэл. Нийслэлийнхэн нэгнээ таньдаггүй. Хороон дарга нь хүмүүсээ танихгүй, хэсгийн дарга нь сонгогчдоо мэддэггүй гэх мэт асуудал бий. Үнэмлэх хэвлэхгүй байгаа нь энэ замбараагүй байдлыг л далимдуулж луйвар хийх гэсэн оролдлого.
-Ц.Нямдорж сайдыг огцруулах саналаасаа ухраагүй гишүүд МАХН-руу орлоо. Энэ үйл явцыг яаж харж байгаа вэ?
-Ер нь МАН, АН хамтрахад сөрөг хүчний орон зай ихээр гарсан. Энэ орон зайд МАН-ынхан өөрийн намын нэг хэсэг хүмүүсийг гаргаж байна. Энэ хоёр нам сонгуулийн дараа нэгдэж л таарна. Нэг үгээр хэлэхэд АН-ын орон зайг авахын тулд намаа хоёр хувааж байна ш дээ. МАН-ыг байгуулахдаа МАХН гэдэг нэртэй нам гарахыг мэдэж байсан. Н.Энхбаярыг Бага хуралдаа сонголгүй үлдээхдээ өөрсдөөс нь салж явахыг мэдэж байсан. Дараа нь ямар улс төр өрнөснийг бүгд мэдэж байгаа. МАХН, МАН хоёр сонгуульд салж орно. Жаахан хэрүүл хийх байх. Сонгуулийн дараа нэгдэж, хамтарч засаг барина гэсэн ийм л тооцоотой байгаа хүмүүс шүү дээ. Сая л гэхэд намаасаа гарч байгаа УИХ-ын гишүүд хэлж байгаа биз дээ. "Тасарсан мах, үсэрсэн цус минь" гэж. Энэ бол айхтар үг. Элгэн хайлна гэдгийг л хэлж байгаа юм даа. Нөгөөтэйгүүр хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдгийн үлгэрийг л гаргаж ирнэ, сонгуулийн дараа. Тодорхой харагдаж байна ш дээ. Өнгөрсөн сонгуулиар худлаа амлалт өгч ялсан. Үүний хариуцлагыг ард түмэн тооцно гэдгийг харж байгаа. Тиймээс хариуцлагаас бултахын тулд хариуцлага нэхэж байгаа орон зайд өөрийн хүмүүсийг гаргаж байна. Өөрийн хүмүүс нь хариуцлага нэхээд УИХ-д хэдэн суудал авчрах юм байна л даа. Зуун жилийн түүхтэй нам гэдэг өөрийн хүссэнээрээ ард түмнээрээ тоглодог юм байна. Ардын намынхны арга нь улам л нарийссаар байна даа.
-Гэхдээ үйл явцыг өөрөөр тайлбарлах хүмүүс байгаа. Нэг сайдаа хамгаалж, дөрвөн гишүүнээ явууллаа гэх мэтээр?
-Нэг сайдын төлөө намаасаа татгалзаж байсан түүх хэзээ ч байхгүй. Үүнээс цааш ч гарахгүй. Маш ойлгомжтой асуудал гэвэл дээр дурдсан сөрөг хүчний орон зайг булаах гэсэн оролдлогоо ажил болгож байгаа. Ард түмэн сонгуульд оролцохдоо хоёр хуваагддаг юм. Нэг хэсэг нь эрх баригчдыг дэмжиж байхад нөгөө хэсэг нь сөрөг хүчний талд зогсдог. Эрх баригчдыг сонгож байгаа хэсэг нь тэдэнтэй ойр байж, албан тушаал, гайгүй амьдралд хүрсэн хүмүүс. Харин сөрөг хүчнийг дэмжигч хэсэг нь эрх баригчидтай хариуцлага тооцох гэсэн эрүүл саруул хүмүүсийн хүрээ. Эрх баригчдын төлөөх санал Ардын нам руу очдогоороо очно. Харин хариуцлага тооцох саналын тодорхой хувийг л АН-аас хувааж авах гэсэн үйл ажиллагаа яваад байна. АН энэ үнэнийг ард түмэнд хэлэх хэрэгтэй. Хэлж байгаад хийлгэе л дээ.
-Тэгвэл АН энэ эрх баригч хүчинтэй өрсөлдөхөд бэлэн үү?
-АН бэлэн байгаа. Бидний хийх хамгийн гол ажил бол мөрийн хөтөлбөрийнхөө онцлогийг олон түмэнд танилцуулах. Тиймээс МАН-ынхантай нэг их ноцолдолгүй энэ ажлаа хийх нь чухал байгаа юм. Бид шүүмжилсэн, шүүмжлээгүй бүх үйл явцыг ард түмэн харж байна. Тэгэхээр болж байгаа үйл явцыг тайлбарлах гэж цаг алдахаасаа илүүтэйгээр АН юу хийх вэ гэдгээ нарийн гаргаж ярих хэрэгтэй байна. Тухайлахад, боловсролын асуудал байна. Хүүхдийг сурах хүсэлтэй болгоно ч гэдэг юм уу. Сурах хүсэлтэй хүүхэд л ном сурдаг. Харин юу заах вэ гэдэг тодорхой байдаг юм. Олон өөр ухагдахуун заана гэж байхгүй. Нэг сэдвийн хичээл л үзнэ. Харин яаж зааж, сургах вэ гэдэг нь чухал. Ийм программыг л бий болгох хэрэгтэй байна. Үүнийг АН ирэх дөрвөн жилд хийнэ. Манай маргааш бол боловсрол юм. Боловсролтой иргэнтэй болохгүй л бол бид хөгжихгүй. Одоо энэ сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийг хар л даа. Дандаа улс төрд удчихсан, бохир асуудалд орооцолдчихсон, урваж шаравсан хүмүүс л байгаа ш дээ. Гэтэл яагаад залуус энд алга байна вэ. Яагаад залуучуудын хөдөлгөөн үүсэхгүй байна вэ гэхээр өнгөрсөн 20 жилд боловсролыг нь хэт доош нь хийсэн учраас эд нартай өрсөлдөх чадвартай хүмүүс олдохгүй байна. Тулалдах чадварыг олголгүй, нийтийн хүмүүжил гэдгийг олгосноос болж байгаа юм. Энэ мэт монголчууд Монголдоо эмнүүлдэг боломжийг ярих хэрэгтэй байна. Энэ рүү АН анхаармаар байгаа. Харамсалтай нь Ц.Нямдорж нэг асуудал гаргаж ирээд л, тэгээд нэг нам байгуулагдаж олны анхаарал татаад л, эсвэл цахим үнэмлэх гэж самууруулаад л АН-ыг ажил хийлгэхгүй байна. Энэ самуурал, завхралыг МАН-аас л хийж байгаа. Манай эрх баригч нам ийм муухай л даа. Сөрөг хүчний дэвшүүлж буй төгс төгөлдөр мөрийн хөтөлбөр олон түмэнд хүрчихвий гэдгээс "шээс нь гоожиж" байна.
-Яагаад. Тэд ч гэсэн өөрсдийн мөрийн хөтөлбөртэй биз дээ?
-Жишээ байна. Өнгөрсөн сонгуулиар дэвшүүлсэн манай намын "Эрдэний хувь" гэж томьёологдсон мөрийн хөтөлбөр үнэхээр ард иргэдийн амьдралыг дээшлүүлж, асуудлыг шийдэх тийм баримт бичиг байсан. Гэтэл түүнийг нураах зорилгоор 1.5 сая төгрөг гэж яриад л сонгуулийг сонгууль биш болгосон ш дээ. Ингэж олон түмнийг эрүүл саруул өрсөлдөөнөөс холдуулах бодлогыг байнга хэрэгжүүлж байдаг. Одоо юу сэдэж байгааг нь хэн мэдэхэв. Тэгэхээр АН нийгэм яаж ч донсолж байсан харалгүйгээр, түүнд нь авталгүйгээр мөрийн хөтөлбөрөө олон түмэнд хүргэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй байгаа. Удирдлагууддаа ч гэсэн МАН-ын нийгмийн анхаарлыг өөр чигт хандуулах гэсэн арганд нь битгий гүйж ор. Ажлаа хий гэмээр байна.