Аяллын хөтөч
Монголын улстөрчдийн бүгдийнх нь таньдаг, нэрийг нь мэддэг ганцхан иргэн байдаг.
Тэр нь “алдарт” долоон буудлын Должин эмээ. Иргэдийн амьдрал доройтож байна гэх яриатай зэрэгцэн чуулганы танхимд түүний нэрийг хэн нэг нь дурсдаг нь бараг жам болчихож. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Бямбацогт Должин эмээгийнд очих аялал санаачилж түүндээ Ерөнхий сайд Н.Алтанхуягийг нэгдэхийг хүссэн юм. Түүнчлэн тус аялалд нь УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Ганбат нар явахаа ч мэдэгдсэн байна.
Харин Ерөнхий сайдын хувьд тоймтой хариу хэлээгүй. Хэрвээ Ерөнхий сайд чуулганы хуралдаанд өөрийн багцын 50 тэрбум төгрөгийн зарцуулалтын тайланг хийгээгүй бол иймэрхүү асуудалд орооцолдохгүй л байлаа. Нэгэнт ийм зүйл болчихсон болохоор сөрөг хүчний бүлгийн даргын санаачилсан аялал олон хүний хүлээлтийг төрүүлээд байна. Учир нь тэдний хэн нь ч Должин эмээгийн ахуй амьдралын талаар мэдэхгүй.
Ийнхүү С.Бямбацогт гишүүн аялалын маршрут гаргаж, өөрөө хөтөч хийн Должин эмээгийнхийг зорихоор боллоо.