Л.Гантөмөр:Төрийг савраас яаж гаргах вэ гэдгийг тунгаах шаардлага тулгарлаа
-Олонд харагдах байдлаараа МАН буулт хийгээд байх шиг. АН-ын тавьсан шаардлагыг хүлээж авлаа. Үүний цаана нь ямар нэгэн тохиролцоо байна уу?
-Буулт гэхээсээ илүүтэй бодит байдлыг олж харсан юм болов уу гэж дүгнэж сууна. УИХ дахь АН-ын бүлгийн тавьсан шаардлага бол үндэслэлтэй, хийх шаардлагатай ажлууд байсан. Харамсалтай нь хоёр шаардлагын нэгийг нь хүлээж авсангүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Засгийн газарт орж ажиллаж болохгүй гэсэн шаардлагыг буцаасан. Өнгөрсөн долоо хоног Засгийн газар хуралдах чадваргүй болчихоод байсан. Энэ байдлаас нь гаргахын тулд бид ч бас тодорхой хэмжээний буулт хийж, завсарлагаа зогсоож хэлэлцэх асуудлыг үргэлжлүүлсэн. Аль нэг намынх нь туйлын зөв гэхээсээ илүүтэй АН ч тавих ёстой шаардлагаа тавьсан МАН ч хийх ёстой алхмынхаа зарим нэгийг хийлээ гэж дүгнэж байна.
-Ойрын үед үүсээд буй үнийн хөөрөгдлийг АН хамтарсан засгаас гарсантай холбон тайлбарлаж байгаа?
-Аливаа нийгэмд үүсээд буй хурцадмал нөхцөл байдлыг арилгах үүрэг нь Ерөнхий сайдад байдаг. Ерөнхий сайд С.Батболд цаг үеийн хүндрэлтэй асуудалд анхаарлаа байнга хандуулж байх үүрэгтэй. АН засгаас гарсныг валют, шатахууны үнийн өсөлттэй холбон тайлбарлаж байгаа бол АН-д хамаг ажлаа даатгачихаад өөрсдөө зүгээр зугаалж байсан юм байна гэсэн дүгнэлтэд хүрэх гээд байгаа юм.
Ажлаа мэдэж ярих хэрэгтэй. МАН үүрэгт ажлаа барьж авах ёстой.
Өдөр бүр улс орныхоо амьдралтай танилцаж, шаардлагатай шийдвэрүүдээ түргэн шуурхай гаргаж сурах хэрэгтэй. Тэгээд ч АН-ын гишүүд сайдын албаа өгөхөөс өмнө шатахууны үнэ өссөн. Түүнээс нэг сарын өмнө валютын ханш чангараад эхэлсэн. Тухайн үед Монголбанкнаас инфляц өснө гэдгийг удаа дараа сануулж байсан. Хурцадмал нөхцөл байдлыг хэн нэгэн рүү чихчихээд өөрсдөө араар нь бултаж гардаг нь үнэхээр ёс суртахуунгүй үйлдэл юм. Үнийн өсөлт юунаас эхтэйг Монголын ард түмэн харж байгаа. Иргэд Ерөнхий сайдад итгээд сонгосон учир С.Батболд л хариуцлага хүлээх ёстой. Бурууг бусад руу чихээд өөрийгөө хамгаална гэдэг бол увайгүй үйлдэл. Цаашид ийм явуургүй зүйл хийхээ болих хэрэгтэй, МАН-ын-хан.
-Ерөнхийлөгч шинээр томилогдохоор яригдаж байсан зургаан сайдын хоёрыг нь хүлээн зөвшөөрсөн. Гэтэл АН яагаад бүгдийг нь эсэргүүцээд байв?
-УИХ дахь АН-ын бүлэг сайдад нэр дэвшигчдийг таван хүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Эсрэг санал өгсөн. Олонхын бүлэг асуудалд бодитой хандаад УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг эдлээсэй л гэж шаардлага тавьсан. Гэтэл дээрээс ийм үүрэг авсан, ийм чиглэл егсөн, тийм учраас хэлснээр нь байх ёстой гэдэг үүднээс асуудалд хандлаа, Гэхдээ АН-ын бүлгийн тавьж буй шаардлага сайдад нэр дэвшсэн хүн рүү нь чиглээгүй юм шүү. Шинэ сонгууль биднийг хүлээж байна. Энэ сонгуулийн дараа бүрэлдэх Засгийн газрын гишүүд гаднаас байвал зүгээр юм. Ийм зарчмаа одооноос хэрэгжүүлбэл яасан юм гэсэн шаардлагыг тавьсан. Гэтэл хүлээж авсангүй.
-Сайд нарыг томилох асуудал ид яригдаж байх зуур зарим хэвлэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч болон АН-ын эсрэг нийтлэл, нэвтрүүлэг гарсан талаар та мэдэгдэл хийсэн?
-Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Ерөнхийлөгч болон АН руу дайрч, давшилсан захиалгат нийтлэл, нэвтрүүлэг зарим хэвлэлээр гарч хэрээс хэтэрсэн. Адуу үргэхэд илжиг дагаж давхина гэдэг шиг. Парламент дотор болж буй мэтгэлцээнийг гадна талд гарган гүтгэж доромжил-сон улс төрийн алхмууд хийх нь хоцрогдсон үйл-дэл шүү дээ. Уг нь сайд нарыг томилох асуудал парламент дотор байдаг л нэг мэтгэлцээн. Ерөнхийлөгч үүргийнхээ дагуу ажлаа хийж, зохих шаардлагаа тавьсан. АН-ын бүлэг ч ялгаагүй өөрсдийнхөө ажлыг хийж байна. Яахаараа МАН-ын шийдвэр дандаа үнэн, зөв байх ёстой юм. Бусдынх нь шийдвэр буруу байдаг юм. Ер нь аливаа зүйл хоёр талтай. Байр суурь дандаа хоёрдмол байдаг. МАН-ын энэ мэт увайгүй үйлдлийг бид засаж чадахгүй нь ойлгомжтой. Харин тэр нийтлэл,нэвтрүүлгийг нь дамжуулж байгаа мэдээллийн байгууллагууд эрүүл болоосой. Ингэж чадвал Монголын ардчилал цаашаагаа гүнзгийрэхэд дэмтэй юм болов уу. МАН-ын гишүүд УИХ дотор болж буй мэтгэлцээнийг гудамжинд гар-гаж, сонгуулийн үйл ажиллагаа болгож хувиргасан тэр алхмуудыг хэлсэн хэлээгүй ард түмэн мэдэж байгаа. Хараад ойлгож байгаа байлгүй дээ. АН-ын зүгээс С.Батболдыг муулсан ч юм уу, сайдад нэр дэвшигчдийг нь гутаан доромжилсон, ямар нэгэн байдлаар зохион байгуулалттай алхам хийсэнгүй. Зөвхөн парламент дотроо тавих ёстой шаардлагаа тавиад, авах ёстой завсарлагаа аваад, хийх ёстой ажлаа хийлээ.
-Үндсэн хуулийн хүрээнд нэр дэвшигчдийг оруулж ирсэн гэх тайлбарыг Ерөнхий сайд С.Батболд хэлж байсан. Тэгэхээр АН шалтгаангүйгээр сайд нарыг гацаасан болж байна уу?
-Үндсэн хуулиараа Ерөнхий сайд өөрийнхөө кабинетыг өөрөө бүрдүүлэх эрх, үүрэгтэй. Кабинетаа өөрийнхөөрөө бэлтгэх үүргээ биелүүлсэнгүй гэж би харж байгаа юм. Жишээлбэл, яамдаа ямар хүмүүсээр удирдуулах уу гэсэн бодлого нь алга. Сайд нар нь ямар чадвартай байх уу, юуг нь голлож харах уу, сайд нараасаа хүсэж буй хүсэл нь юу юм гэдэг нь харагдахгүй байна. Зүгээр л намынхаа Удирдах зөвлөл хэнийг өгнө, намын бүлэг нь хэнийг дэвшүүлнэ түүнийг нь үг дуугүй авчихлаа. Нэг ч нэр дэвшигчийг нь буцаасангүй. Ерөнхий сайд нам дотроо эрхээ эдлэх чадвар-гүй байж болно. Түүнийгээ ард түмэндээ хэлэх хэрэгтэй. Ер нь энэ хуулиа нэг тийш нь болгоорой, Ерөнхий сайд гэдэг хүн кабинетад орох хүнээ сонгох эрхгүй юм байна шүү. Наана нь нам гэдэг том хүчин ажиллаад байна гэдгээ хэлчихээсэй гэж их хүлээлээ. Би чуулганы хуралдаан дээр ч гэсэн ийм утгатай асуултыг асуусан. Харамсалтай нь Ерөнхий сайд С.Батболдод бодит үнэнийг хэлэх эр зориг байсангүй. Ерөнхий сайдыг үүргээ биелүүлж чадаагүйд нь үнэхээр харамсаж байна. Уг нь С.Батболд кабинетдаа хэнийг ажиллуулах уу гэдэг талаас нь, төрийн ажлыг хурдан шуурхай амжуулах үүднээс нь голлож ажиллах үүрэгтэй байлаа. Тэгэхээр цаашдаа Ерөнхий сайд кабинетаа өөрийнхөөрөө яаж бүрдүүлдэг болох вэ гэдэгт нь анхаарах цаг болжээ. Улс төрийн нам гэдэг том байгууллагаас Ерөнхий сайдыг салгах, эрх үүргээ хэрэгжүүлэх тэр боломж, нөхцөлийг тодорхой болгохгүй бол улс төрийн нам чинь төрийнхөө дээр нь гараад суучихаад байна. Ардчилсан хувьсгал төрийн ажлыг төрийн ажил болгож, намын ажлыг намын ажил болгож өөрчлөх зорилготой хийгдсэн. Өөрөөр хэл-бэл, төрийн дээр нам байдгийг болиулъя гэж тэмцсэн. Харамсалтай нь нам төрийнхөө дээр суусан хэвээрээ л байна. Өнөөдөр төрийн гур-ван өндөрлөгийн нэг болох Засгийн газар намдаа дарлуулаад л сууж байна. УИХ ч адилхан намынхаа шийдвэрт дарагдаад сууж байна. Тэгэхээр төр, нам хоёрын харилцааг цаашдаа яах юм бэ гэсэн асуулт асуудал хэвээр үлдлээ. Үүнийг АН-ын зүгээс засаж залруулах арга хэмжээ авахгүй бол болохгүй нь гэж үзэж байна. Нөгөө талаас нам нь төрийн албан хаагчийг оруулж ирж, өөрийнхөө бэлтгэсэн шилдэг боловсон хүчин гэж зарлаж байгаа нь төрийн алба гэдэг намчирхсан далд фронт болж байгаа юм байна гэдгийг тодоор харуулж байгаагийн нэг хэлбэр боллоо. Төрийн албаны шинэ хуулийг батлаад нэлээд урт хугацаанд хэрэгжүүлэх гэж оролдож байна. Төрийн албан хаагчийг сайдаар томилж байгаа нь шинэ хуулийг улан-даа гишгэж байгаа юм байна гэж уншигдлаа. Тэгэхээр цаашдаа төрийн албаны шинэ хуулийг яаж дагаж мөрддөг болох уу гэдгийг нягтлах хэрэгтэй. Аливаа зүйл ил тод байх ёстой. Жишээлбэл, төрийн албанд намын гишүүд нь байгаа юм бол түүнийгээ зарлах хэрэгтэй. Уг нь намын гишүүд намынхаа ажлыг хийх ёстой. Гэтэл наана нь төрийн албанд төсвийн мөнгөнөөс цалин авангаа намынхаа ажлыг амжуулдаг хүмүүс бас байна. Энэ нь намынхаа үйл ажиллагааг хоёр талд зэрэг явуулж байна гэсэн үг. Улс орныг дампууруулж буй гол шалтгаан бол энэ. Төрийн албан хаагчдын орон тоог цомхотгодоггүй шалтгаан, төрийн албанд шинээр орогчдыг ил тод нээлттэй шалгаруулж авдаг-гүй шалтгаан энэ бүгд улс төрийн намын нэг салбар нь төрийн албан хаагчид юм байна гэж уншигдлаа. Тэгэхээр бид төрийн албанд шинэчлэлт хийсэн гэж хэлэх эрхгүй боллоо*. Төрийн албаа цаашид яах вэ„гэдгээ дахин нэг эргэж харах. төрийг намын савраас яаж гаргах вэ гэж бодох шаардлага тулгарлаа.
-Таван сайдыг АН-ын бүлэг эсэргүүцсэн. Энэ бол намын шийдвэр. Тэгвэл та хувь хүнийхээ хувьд таван сайдыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Дэмжинэ гэж хэлэхэд хэцүү. Жишээлбэл, шинэ сайд нар өөрийнхөө харьяа яамандаа очихдоо ямар хөтөлбөртэй, ямар зорилготой очих ёстой вэ гэдэг нь харагдахгүй байна. Тэдэнд өөрийн онцлог алга. Тухайн салбарт ийм бодлого хэрэгжүүлнэ гэсэн бодолтой явдаг хүмүүс байдаг. Энэ удаагийн МАН-ын сонголт замбараагүй үйлдэл боллоо. Яахав хувь хүмүүсийнх нь хувьд ярих юм гарна. Гэхдээ яримааргүй байна. Тэр хүмүүс тухайн салбартаа шинэчлэл хийх зорилгогүйгээр очиж байгаа нь өөрсдөд нь дараа болох байхдаа л гэж бодож байна.
Хугацаа нь ч богино үлдлээ.
МАН-ын нөхдүүд манай намыг боловсон хүчингүй гэж зарласан байна лээ. Тоглоом хийж байгаа байлгүй дээ л гэж би хувьдаа бодож байгаа. Яг миний нүдээр харах юм бол МАН өөрөө боловсон хүчний доголдолд орчихож. Ялангуяа тодорхой салбарт, тодорхой чиглэлээр судалгаа хийж, өнгөтэй өөдтэй болгох чиглэлээр 'бодлого бодоод түүнийхээ төлөө явж байгаа хүн цөөхөн. Өөрөөр хэлбэл, маргаашийг харсан алхам хийдэг хүнгүй болчихжээ. Үүнээс харахад хэн ч байсан яахав гэдэг зарчим үйлчлээд байна. Уг нь төсөв санхүүгийн бодлого дээр үнэхээр цоорчихсон хүн байсан бол Ерөнхий сайд тэр хүндээ итгэж найдаад авна. Гэтэл тийм зүйл ажиглагдсангүй.
А.Билгүүн
Эх сурвалж
Өдрийн сонин