Бид хаана явна вэ?
Д.Жаргалсайхан
2014.06.04

Бид хаана явна вэ?

Мэдээлэл технологийн эрчимтэй хөгжлийн энэ зуунд Монгол улс аж үйлдвэрийн салбараа сэргээн босгож, улс орныхоо эдийн засаг, оюун санааны тусгаар тогтнолыг баталгаажуулан хамгаалах ёстой.

Монголчууд бидний хувьд төрийн тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар нь олж авсан 1990 оноос хойш аж үйлдвэрийн салбараа хөл дээр нь босгох алтан боломж гарч ирээд байна.

Улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэл болон өнөө үед томъёологдож байгаа уул уурхайн салбараас олж буй хөрөнгийг үйлдвэрлэл технологийн хөгжил рүү хандуулснаар ажлын байрыг олноор бий болгохын зэрэгцээ ажил хайж гадаадад гарсан олон мянган залуусаа эх орондоо ажиллуулж амьдруулах нөхцөл бүрдэх болно.

Хөгжингүй орнуудын түүх, хөгжлийн замналыг харж байхад аж үйлдвэрийн салбар нь шинжлэх ухааны үндэслэлтэй төрийн хар хайрцагны бодлогоор дамжин хөгжиж ирсэн байдаг. Английн агуу их физикч Исаак Ньютон: "Газар нутаг, аж үйлдвэрийн салбар, хэл гурав нь үндэстэн оршин тогтнохын баталгаа болдог" гэж тодорхойлон хэлсэн байдаг.

Аж үйлдвэрийн салбараа сэргээн босгосноор үндэстний тусгаар тогтнолоо баталгаажуулж хөгжлийн шинэ шатанд гарсан Азийн бар улсууд бидэнтэй зэрэгцэн оршиж дэлхийн түвшинд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Монгол улсын эдийн засгийн хөгжлийн тэлэлт жилээс жилд сайжран бүтээгдэхүүн шингээх чадвар огцом өсөж байна. Монгол улсын гаалийн статистик тоо баримтаас үзэхэд Монгол улс сүүлийн гурван жилд нийтдээ 7552,3 сая ам.долларын, үүний дотор 3004,5 сая ам.долларын үндсэн төмөрлөг түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүн, машин, механик тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл , авто болон төмөр зам, агаарын зам ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, сэлбэгийг импортолсон байна.  

Импортлон авч буй үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин механизм, сэлбэг хэрэгслийн дотор инженерийн энгийн хийцтэй, бид өөрсдөө хийж чадахаар асар их бүтээгдэхүүн байгаад Монгол инженерүүд харамсдаг.

Гадагшаа урсаж буй валютын их урсгалын тодорхой хувийг Монголдоо үлдээхийн тулд бид ухаанаа уралдуулж хамтран бие биенээ дэмжин ажиллах хэрэгтэй болжээ.

Уул уурхай, төмөр замын том төслүүд хэрэгжихээр яригдаж буй өнөө үед тэдгээрээс Монголчууд боломжийн хирээр хожиж гарах хөгжлийн зөв бодлого юу юунаас илүү чухал.

Өнөөдөр улс оронд маань үйлдвэржилт түүнийг хэрэгжүүлэх шинжлэх ухааны бүрэн үндэслэлтэй амьд хөгжлийн хөтөлбөр хэрэгтэй байна. Энэхүү хөтөлбөрийг:

1. Хууль эрхзүйн орчин

2. Хөрөнгө оруулалтын бодлого

3. Техник технологийн шинэчлэл

4. Боловсон хүчний оновчтой зөв бодлого

5. Борлуулалтын зах зээлийн харилцан уялдаа

6. Хөгжингүй орнуудын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үйл ажиллагааны интеграцид орох

7. Хөтөлбөр хэрэгжүүлэх төр засаг, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр ашигтай механизмууд зэрэг долоон тулгуур бодлогын хүрээнд нарийвчлан боловсруулж хэрэгжүүлэх ёстой.

Хөгжлийн энэ хөтөлбөрийг цаг хугацаа алдахгүй хэрэгжүүлснээр Монгол улсын эдийн засаг, нийгмийн амьдралд тулгарч болох Африк хам шинж хэмээх засаглал, ядуурлын өвчнөөс сэргийлж чадна.

Зөвхөн газрын доорхи эрдэс түүхий эдээ олзворлох бус түүнийг боловсруулан баялаг болгох, уураг тархи, оюун ухааныг шүтсэн хөгжлийн концепцийн үр дүнд бий болдог төмөрлөг, машин үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг урагш ахиулснаар нийт Монголчуудын материаллаг баялаг нэмэгдэж улмаар Монгол түмний оюун санаа, сэтгэлгээний цар хүрээ өсөн, дэлхийн тавцан дээр тоглох түүхэн боломж олдох юм.

Үйлдвэрлэл технологийн баялагаар баталгаажсан амьдралын шинэ хэв маягийг хойчийн үр удамдаа үлдээхийн тулд өнөөдөр л нэгдэж хамтран ажиллах ёстой.

Д.Жаргалсайхан