2014.05.28

“Компани хөгжилд нягтлан бодох бүртгэлийн үүрэг” сэдвээр ярилцлаа

Кофе юу Цай юу? Нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн, гавъяат эдийн засагч Л.Дондог, гавъяат эдийн засагч, Улаанбаатар Аудит Корпораци компани Ерөнхий захирал Б.Осоргарав нар оролцлоо.

Нэвтрүүлэгт “Компани хөгжилд нягтлан бодох бүртгэлийн үүрэг” сэдвээр ярилцлаа.

-Олон улсын стандарт, хөгжлийн түвшинг харж байж бид бодлого тодорхойлох ёстой байх. Тэгэхээр нягтлан бодох гэдэг нь менежменттэйгээ хамт байх ёстой юмуу?

С.Ганбаатар: “нягтлан бодох бүртгэлийн тухай хууль парламентаар ид яригдаж байгаа энэ үед эдгээр эдийн засагчидтай хамт нэвтрүүлэгт оролцож байгаадаа баяртай байна. Би энэ хуулийг УИХ-аар хэлэлцүүлэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа юм. Энэ маш чухал хууль. Хууль болгоны цаана хүмүүсийн амьдрал, асуудал байдаг. Сангийн яам сайн хууль боловсруулж УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийг нь УИХ дээр ирэнгүүт нь нягтлан бодох бүртгэлийн төлөөллийн байгууллагуудтай уулзаж, ярилцаж, санаа бодлыг нь авах нь бидний ажил. УИХ нь бусад холбогдох хүмүүстэй ярилцаж байж сайн хууль гаргадаг байх ёстой.  

Таны асуултад хариулъя. Өмнө нь нягтлан бодох гэж  орлого, зарлагыг бүртгэдэг хүнийг хэлдэг байсан бол одоо хөрөнгийн урсгалын менежмент гэдэг асуудал хүчтэй явагдаж байна. Энэ утгаараа бараг менежер шиг ойлгодог.  Энэ зам руугаа өнгөрсөн 20 жилийн хугацаанд явж байна. Өнөөдөр Монголд ямар байдал байна вэ? Нягтлан бодох зарим хүмүүс менежментээ маш муу хийж байна. Зарим нэгнүүдээс бол нийт нягтлан бодохын нэр хүнд унаж байна. Даргатай нийлж хулгай хийдэг хэсэг байна. 2011 оны мэдээгээр ийм төрлийн хэргээр 111 нягтлан бодох давж заалдах шүүхээр орсон байна.