2008.01.10

Лу.Гантөмөр: Ямар ч хуульд төрийн албан хаагч тусгай хангамж эдэлнэ гэж заагаагүй

УИХ-ын гишүүн Лу.Гантөмөртэй уулзаж ярилцав. Тэрбээр төсвийн мөнгөөр архи, тамхи худалдан авдаг явдлыг зогсоох шаардлага Засгийн газарт хүргүүлж, татвар төлөгчдийн мөнгөөр цэнэглэсэн гар утсаар хувийн ажлаа амжуулдаг төрийн түшээдтэй дайн зарлаад байгаа юм.

-Өөрийг тань манай сонин хамгийн хэмнэлттэй гишүүнээр оны сүүлээр нэрлэсэн. Төсвийн мөнгөөр тэжээлгэдэг УБЗ дугаартай машин, гар утас, төрийн хүлээн авалтын архи гэхчлэн олон асуудлыг хөндлөө. Анзаардаггүй олон зүй бус зарлагыг илчиллээ. Магадгүй, зарим хүнд энэ нь хэтэрхий жижиг зүйлээр хөөцөлдөөд байгаа мэт харагддаг байж болох юм?

-УИХ-ын гишүүд олон асуудлыг хөндөж, санаачлага гаргадаг. Гэтэл тэр санаачлага нь төрийн байгууллагын нүсэр бүтэц, олон шат дамжлагыг давж чадалгүй, ажил бололгүй эргээд нурдаг. Иймэрхүү жишээ олныг дурдаж болно. Чиний хэлдгээр магадгүй зарим хүнд машин, гар утасны зардал, архи тамхи гээд ярихаар жижиг асуудал мэт санагдаж болох юм. Гэтэл энэ мэтийн олон жижиг “өвчин” нийлж томорсоор өнөөдрийн нийгмийг хүчгүйдүүлж, олон нийтийн сэтгэлзүйд сөрөг нөлөө үзүүлж байна.

Би нэг жишээ дурдах уу? 40 мянган айлын орон сууц барина гэж бид хэдэн жил ярив. Гэтэл нэг барилга барихын тулд 95 гарын үсэг цуглуулах шаардлага тулгардаг. Бараг байшин барихаас хэцүү шат дамжлага байгаа биз. Нүдэнд ил харагддаг 15, харагддаггүй 80 гарын үсэг, зөвшөөрөл шаардлагатай гэсэн үг. Үүнийг цомхотгоод ердөө есөн хариуцлагатай гарын үсэг цуглуулахад л хангалттай. Төр ийм нүсэр том бүтэцтэй болж хувирчихаад байна. Ер нь ардчилсан нийгэмд төр дэндүү хүчтэй байж болдоггүй. Төр хүчтэй, эрх мэдэлтэй, үрлэг зарлага ихтэй байгаагаас болж төрийн албанд очихын тулд авлига өгдөг байдал газар авлаа. Төрд байгаа шаардлагагүй механизмууд, албан хаагчдыг цомхотгох ёстой. Олон улсын жишгээс харахад 2.6 сая хүн амтай улс оронд 50 мянган төрийн албан хаагч байхад л хангалттай. Гэтэл төрийн нүсэр бүтцээс шалтгаалан энэ тоо 150 мянга болчихоод байна. Нүсэр бүтэц нь төрийг хүнд сурталтай болгон хувиргаж байна.

-Төсвийн мөнгөөр архи, тамхи, бохь худалдан авдаг явдлыг зогсоох тухай шаардлагыг та Засгийн газарт хүргүүлсэн. Үүнд тийм их зардал гардаг хэрэг үү?

-Төвлөрсөн арга хэмжээнийи зардал гэдэг нэрийн дор энэ онд л гэхэд 9.6 тэрбум төгрөг төсөвт суулгасан. Хүлээн авалтад очиход маш их хэмжээний согтууруулах ундаа ширээ дүүрэн өрсөн байдгийг бид мэднэ. Төр өөрөө эхлээд ёс зүйтэй байж, ард түмэндээ үлгэрлэж, архидан согтуурах энэ үйлдэлд цэг тавих шаардлагатай байна. 2006 онд энэ зардал 6.5 тэрбум төгрөг байсан. Өнөө жил 30 хувиар өслөө. Төрийн албан хаагч болж гар утасны хэрэглээ, унадаг машинаа угжуулахын тулд залуус янз бүрийн аргаар лообийддог боллоо. Энэ нь төрийн бүтэц, зохион байгуулалт хэт данхгар болоход эргээд нөлөөлж байна.Төдийлөн шаардлагатай бус албан тушаалтны тоо хэт өсч байна. Төр хүчтэй, нүсэр байснаар асуудал шийдэгддэггүй гэдгийг Монголын төрийн 90 жилийн түүх харуулсан. Ард түмэн хүчтэй байвал харин хөгжил ирдэг гэдгийг Америк, Герман нотолж байна. Бид ардчилсан нийгмийг сонгож авсан. Хэрэв энэ нийгмээ байгуулъя гэвэл төрөө цомхон, цэвэр, ёс зүйтэй болгон бэхжүүлэх хэрэгтэй. Энэ бол иргэний ардчилсан нийгмийн гол суурь конвенц.

-Төрийн албанд ажиллаж гар утас, унааныхаа зардлыг хэмнэх гэж хүмүүс дурлах болсон нь үнэн. Гэхдээ, бизнесийн салбарт үлдэж яагаад болохгүй гэж. Энэ салбарт илүү боломж байгаа.

-Хөгжилтэй орны иргэд төрийн албанд ажиллахаар зорихдоо ард түмэнд үйлчилдэг үйлчилгээний байгууллагад ажилд орж байгаагаа мэддэг. Дундаж, гэхдээ баталгаатай амьдрал тэднийг хүлээж байгааг ойлгодог. Харин бизнесийнхэн эрсдэлтэй хэрнээ баян тансаг амьдралд хөл тавьж буйгаа урьдчилан тооцоолсон байдаг. Гэтэл манайхан төрд асар ихээр дурлах боллоо. Үүний шалтгаан нь төр өнөөдөр гайхамшигтай, хүчтэй байгаад байгаа юм. Төрийг хүчтэй, гайхалтай, баян тансаг харагдуулж байгаа функцуудыг байхгүй болгох ёстой.
Бид байгуулах гэж буй нийгмээ зөв сонгосон хэрнээ буруу ойлгосонд л учир байгаа юм. Өнөөдөр 150 мянган төрийн албан дээр 500 мянган хүн дугаарлан зогсч байна. Магадгүй, төр тэдний унаа, утас, бас бус зардлыг даахаа больчихвол энэ дугаар шингэрнэ. Төрийн албанд шунан дурлагсад цөөрч, түүнд хүрэхийн тулд авлига өгдөг, авдаг сүлжээ үгүй болно. Төр цомхон болсноор бид өнөөдөр шийдэж чадахгүй байгаа олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, энэ нийгмийн ялзарсан бохирдсон бүхнийг цэвэрлэж чадна.

-Таны бодлоор төрийн албан тушаалтны гар утасны хэрэглээг хэрхэн зохицуулах нь зөв бэ?

-Гар утас барьдаг албан тушаалтнууд зөвхөн төрийн холбоогоор үйлчлүүлнэ гэдэг тогтоол гаргахад л энэ асуудлыг эхний ээлжинд шийднэ. Хэрэв өчнөөн мөнгө зарлагадаж байгуулсан төрийн холбоо буюу 9200… -ыг муу гэж үзэж байгаа бол нэгдсэн нэг оператороор үйлчлүүлэх ёстой. Яагаад гэвэл сүлжээн дотроо илүү хямдхан ярьж болдог. Гурав дахь арга бол төрийн албан хаагчдын гар утасны төлбөрийг төсвөөс төлөхийг бүр болиулах боломжтой. Түүний оронд цалинг нь нэмье. Ядаж тэтгэвэрт гараад хангалттай тэтгэмж авъя л даа. Цалин өндөр байгаа тохиолдолд илүү хангамж, сул зардал шаардлагагүй. Ямар ч хуульд төрийн албан хаагч тусгай хангамж эдэлнэ гэж байхгүй. Тэгэхээр Засгийн газар тогтоол гаргаад л энэ мэтийн зардлуудын асуудлыг шийдэж болно.

-Гадаадын орнууд энэ асуудлаа хэрхэн шийддэг юм бол?

-Японд л гэхэд төрийн албан хаагчид утасныхаа мөнгийг өөрсдөө төлдөг. Унаа ч ялгаагүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.