Шилдэг гэр бүлүүд авьяасаа гайхуулав
Олон улсын гэр бүлийн өдөр өчигдөр тохиолоо. Тус өдрөөр шилдэг гэр бүл шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулсан. ХАХНХЯ, Хүүхдийн төлөө газраас дэлхийн гэр бүлийн өдөрт зориулж шилдэг гэр бүл шалгаруулах, мөн авьяаслаг гэр бүл тодруулах арга хэмжээг зохион байгуулсан юм. Түүнчлэн оюутан залуус, эрдэмтэн багш нарын дунд гэр бүлийн асуудал хөндсөн илтгэлийн уралдаан зарлаж дүгнэснээ Соёлын төв өргөөнд зохион байгуулсан арга хэмжээний үеэр дуулгалаа.
Бид энэ үеэр ХАХНХ-ийн сайд С.Эрдэнэ-тэй уулзлаа. Тэрбээр “Засгийн газар энэ жилийг гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгосон. Үүний хүрээнд бид олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр зорьж байна. Олон улсын гэр бүлийн өдрөөр шилдэг есөн гэр бүлийг шалгарууллаа. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлээрээ очиж мод тарьж байгаа. Гэр бүл гэдэг ухагдахууныг дан ганц зүйлээр ойлгодог байсныг өөрчлөх цаг болжээ. Аль ч улс орны оршин тогтнох үндэс бол гэр бүл байдаг. Чингис хааны үеэс гэр бүлийн үүрэг хариуцлагыг ухамсарлаж ирсэн. Өнөөдөр хүүхдийн асуудалд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй болсон. Тиймээс хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсүүдийг байгууллаа.
Гэр бүлийн хүрээнд ахмад настан, аавуудын оролцоо эрх үүргийг тодорхойлох зорилт тавьж байгаа.
Хүүхдийг гэр бүлээс ангид биш, гэр бүлийн хүрээнд хүмүүжил олгох орчныг бий болгохыг зорьж байна. Гэр бүлийн хүрээнд ахмад настан, аавуудын оролцоо эрх үүргийг тодорхойлох зорилт тавьж байгаа. Гэр бүлд суурилсан хүн амын хөгжлийн баримт бичгийг боловсруулж дууслаа. Энэ баримт бичгээ удахгүй УИХ-д өргөн барина. Мөн Засгийн газраас гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг өргөн бариад хэлэлцүүлгийн шатанд явж байна.
Түүнчлэн хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн тухай хуулиудад өөрчлөлт оруулахаар ярьж байгаа. Гэр бүлийн тухай хуульд 1999 оноос хойш өөрчлөлт оруулаагүй. Өмнө нь манай улсад огт байгаагүй нийгмийн шинэ харилцаа үүссэн. Жишээлбэл, олон соёлт гэр бүлийн асуудал, хүүхэд үрчлэлтэй холбоотой эрх үүргийн асуудлыг эргэж харах цаг болсон. Мөн хүүхдийн харьяалалтай холбоотой асуудал гарч ирж байгаа. Олон соёлт гэр бүлийн хүүхдийн харьяаллын асуудал яах вэ гэдгийг зохицуулах шаардлага тулгарч байна. Энэ бүхнийг гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулгад багтаасан” гэлээ.
“ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХЫН ТУЛД ХУУЛЬ ЭРХЗҮЙН ОРЧИНГ НЬ САЙЖРУУЛАХ ХЭРЭГТЭЙ”
Урлагийн номер
Хүүхдийн төлөө газрын дарга И.Нарантуяатай уулзсан юм. Тэрбээр “Хүүхдийн асуудлыг ярих ул суурь бол гэр бүл. Тиймээс хүүхдийн хүмүүжил гэр бүлийн хүн бүрийн үүргээс хамаардаг. Мөн гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд хүүхэд хамгаалал, гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Хууль эрхзүйн орчныг бий болгоно гэдэг эцэг, эхийн үүрэг тодорхой болно гэсэн үг. Өнөөдөр гэр бүл салалт өндөр байна. Үүнээс шалтгаалан хүүхдийн эрх зөрчигддөг. Тиймээс хууль эрхзүйн орчинг нь сайжруулж байж хороо, дүүрэг нэгжийн хүрээнд тодорхой ажлууд хийх шаардлагатай байна. Монгол Улсад нийт 765 мянган гэр бүл байна. Эдгээр гэр бүлийг оролцуулсан судалгаа хийсэн. Судалгааны дүнд хууль эрхзүйн орчинг сайжруулах шаардлага тулгарсан. Хууль эрхзүйн орчныг сайжруулахгүйгээр шийдэх бололцоо байдаггүй. Нийгмийн чиглэлийн боловсрол үйлчилгээ олгодог хүмүүс зайлшгүй хэрэгтэй байдаг" хэмээсэн юм