Улстөржсөн томилгоогоо зогсоох хэрэгтэй гэв
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.УИХ-ын сонгуулийг автомат системээр хийх болсонтой холбоотойгоор иргэний цахим үнэмлэх олгох ажлын явц байдал, хурууны хээ таних төхөөрөмжийн талаар Ардчилсан намын бүлгийнхэн танилцсан байна. Бүлгийн хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав, Иргэний бүртгэлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Амарсанаа нар оролцож, мэдээлэл өгчээ.Албаныхны мэдээлж байгаагаар иргэний ухаалаг үнэмлэх олгох ажлыг ирэх дөрөвдүгээр сараас эхлүүлэх аж.
Хэдийгээр төлөвлөсөн цаг хугацаанаас хожимдож эхэлсэн ч сонгууль болохын өмнө нийт сонгогчдын цахим үнэмлэхийг хэвлэж дуусах боломжтой гэжээ. Ингэснээр цахим үнэмлэх хэвлэх ажил, тараах ажил хоёр нэгэн зэрэг хийгдэх болж байна. Хамгийн хүндрэлтэй асуудал бол хаягийн зөрчилтэй иргэдийн тоо нарийн гараагүйд байгаа юм. Ялангуяа Улаанбаатар хотод хаягийн зөрчилтэй хүмүүс их байна. Үүний нарийн тоог албан тушаалтнууд одоогоор гаргаж хэлээгүй аж. Тиймээс бүлгээс хэд, хэдэн чиглэлээр Засгийн газар болоод УИХ-ын Иргэний бүртгэлийн дэд хороонд үүрэг өгчээ.Үүнд, цахим үнэмлэхийг иргэдэд олгох чиглэлд Засгийн газар хариуцлагатай ажиллах, УИХ-ын гишүүн З.Энхболдоор ахлуулсан иргэний бүртгэлийн дэд хороог ажилдаа шуурхайлан орж, Иргэний бүртгэлийн ерөнхий газарт ажиллах, Хууль зүй, дотоод хэргийн яаманд асуудлаа тавих, мөн алдаа дутагдал гаргасан тохиолдолд ямар хариуцлага хэнд хүлээлгэх вэ гэдгийг тодорхой болгох ёстой гэдэг шаардлага тавьжээ.
Иргэний бүртгэлийн ерөнхий газрын дарга байсан Б.Мөнхбаатар УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэсэн үндэслэлээр албан тушаалаасаа чөлөөлөгджээ. Харин түүний оронд дэд даргыг үүрэг гүйцэтгэгч болголгүй МАН-ын нарийн бичгийн дарга байсан хүнийг үүрэг гүйцэтгэгчээр томилж байгаа нь зүйд нийцэхгүй гэж үзэн саналаа ХЗДХ-ийн сайдад уламжилсан байна. Тэд «Улстөржсөн томилгоогоо зогсоож, жинхэнэ мэргэшсэн төрийн албан хаагчийг Иргэний бүртгэлийн ерөнхий газрын даргаар томилохыг хүсэв. Хуулиараа бол агентлагийн даргыг Төрийн албаны зөвлөлөөс томилох ёстой. Нөгөө талдаа Иргэний бүртгэлийн ерөнхий газарт дэд дарга гэж хүн бас бий. Түүнийг үүрэг гүйцэтгэгчээр томилох бололцоо байгааг ч энэ удаагийн хуралдаанаас гаргасан байна. Тиймээс ойрын хугацаанд Иргэний бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчтэй холбогдох асуудлаар тодорхой шийдвэр гаргана гэсэн хүлээлттэй байгаагаа бүлгийн дэд дарга Л.Гантөмөр онцлов. Сонгууль болохоос өмнө энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол сонгууль будилаантдаг хамгийн том шалтгаан нь иргэний бүртгэл байдаг учраас аль нэг намын улстөрийн өндөр албан тушаалтныг Иргэний бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох нь зохисгүй.
Эцэстээ хариуцлагаас мултрах нэг арга ч болох талтай гэж үзжээ. Нөгөө талаас цахим үнэмлэхийг авах, олгоход Засгийн газар, иргэдийн хамтын ажиллагаа чухал байгааг онцолж байв. Өмнөх сонгуулийн үед сонгогчийн үнэмлэхийг хэсгийн хороодын гишүүд айлуудаар явж тараадаг байсан. Энэ удаагийн сонгуульд сонгогчийн үнэмлэх ашиглагдахгүй. Зөвхөн цахим үнэмлэхээр оролцох ёстой.Тэгэхээр Их хурлын сонгуульд санал өгөх хүмүүс цахим иргэний үнэмлэхээ уншуулаад, хурууны хээгээ таниулан орно. Чип дээр байгаа бүртгэлийг аль нэг тусгайлсан аппаратаар хасах, нэмэх боломж байхгүй. Бүртгэлийн тусгай аргачлалыг ашиглан бүртгэл явагдах аж. Хуучин санал өгөхдөө бүртгүүлж, гарахдаа бүртгүүлдэг байсан бол энэ удаа цахим үнэмлэхээ уншуулаад хурууны хээгээ таниулан нэг удаагийн бүртгэлээр дуусах юм байна.
Бүлгийн дэд дарга Л.Гантөмөр «Хариуцсан албан тушаалтнууд нь цаг хугацаандаа олгоно гэдэгт бүрэн баталгаа гаргаж чадахгүй байна. Хийхгүй гэсэн хүнд шалтаг олдоно, хийе, бүтээе гэсэн хүн ямар ч ажлыг амжуулдаг. Тэгэхээр нэгэнт хариуцаж авсан бол тодорхой хугацаа байгаа энэ үед иргэнийхээ цахим ухаалаг үнэмлэх хүргэх ажлыг тодорхой хуваарь гарган, олон түмэнд зарлан явуулаарай гэсэн саналыг бүлгийн гишүүд холбогдох албан тушаалтнуудад өгсөн» гэв.Түүнчлэн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хувьд МАН-ын бүлгийг өчигдөр орон нутгийн сонгуулийн хуулиа ярих болов уу гэж хүлээж байснаа нуусангүй. Гэхдээ энэ 7 хоногт багтаан асуудлыг ярих хэрэгтэй. Ээлжит бус чуулган зарлахаас өмнө Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг батлах чиглэлээр хоёр бүлгийн дунд хэд, хэдэн уулзалт хийж, ойлголцох шаардлагатай гэдгийг хэлсэн юм.