Б.Даваадорж: Валютын ханшийн эрсдлийг тооцохгүйгээр 2,5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан
МИАТ хувьцаат компанийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Даваадоржтой ярилцлаа.
-Төрийн өмчийн хорооноос онцлоод компанийн засаглалыг хэрэгжүүлж байгаа гэсэн. Энэ хүрээнд ямар ажил хийж байна?
Компанийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулж компанийн дүрмийг Төрийн өмчийн хорооны 2012 оны 6 сарын 22-ны 300 тоот тогтоолоор шинэчлэн баталсан. Ийнхүү компанийн дүрмэнд ТУЗ, хувьцаа эзэмшигчдийн эрх үүргийг тодорхойлж, хараат бус гишүүдийг сонгож ажиллуулах, аудитын хороо, цалин урамшууллын хороо, нэр дэвшүүлэх хороог байгуулах зарчмын заалтуудыг оруулж өгсөн. Бид хуулийн дагуу ажиллаж байгаа. Хараат бус гурван гишүүнийг дандаа гаднаас сонгосон.
-МИАТ хувьцаат компанийн хараат бусаар чухам ямар хүмүүс ажилладгийг мэдэж болох уу?
Хоёр удаа сонгон шалгаруулсан байдаг. Эдийн засгийн сургуулийн ахлах багш А.Ганзориг, нөгөө нь хуулийн фирмийн партнер Ж.Майзориг гэж хүмүүс бий. Харин гуравдах гишүүн болох “Говь” компанийн захиргааны хэлтсийн мэргэжилтэн маань Америк явах гээд ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл өгсөн. Тиймээс түүний оронд өөр хүн томилох гээд сонгон шалгаруулалт зарлаад материалаа хүлээн авч байна.
-Компанийн засаглалыг хэрэгжүүлэхээр өөр ямар ажлыг хийж байгаа вэ?
ТУЗ маань бүгд засаглалын сургалтад хамрагдсан. Манай ТУЗ-ийн хурал сард нэг удаа хуралдах эсвэл яаралтай хурлуудыг хийдэг.
-Алдагдлаа бууруулсан гэсэн. Яаж бууруулсан туршлагаасаа хуваалцана уу?
Манай зорилтот түвшингийн үзүүлэлт гарсан. Ямар ч байсан валютын ханшны алдагдлийг тооцохгүйгээр манайх 2,5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байсан. Засаглалыг хэрэгжүүлж байгаа учраас алдагдлаа бууруулсан гэж бодож байна.
-Төрийн өмчит компанийн хувьд танай ТУЗ хэр чадавхитай вэ?
ТУЗ маань компанийн тухай хуулийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрээ гаргадаг. Бүрэн эрхээс хэтэрсэн асуудлаар шийдвэр гаргадаггүй. 100 хувь төрийн өмчит компани гэдэг утгаараа хэлэлцэх асуудал нэг бүр дээр Төрийн өмчийн хорооноос удирдамж авч хуралддаг. Төлөвлөгөө гаргаад Төрийн өмчийн хороонд танилцуулаад, асуудал нэг бүрээр чиглэл авч ажилладаг.
-Мэдээллээ ил тод тайлагнаж мэдээллэх ёстой. Танай сайт дээр мэдээлэл хангалтгүй байна гэдэгтэй санал нийлэх үү?
Компани нь сайтдаа мэдээллээ тавих ёстой гэсэн Засгийн газрын тогтоолын дагуу вэб сайтыг шинэчлэх ажлыг хийж байгаа. Мөн ТУЗ-өөс ажлын үүрэг болгон өгсөн байгаа. Бид мэдээллийн хомс байдлаа засч байгаа. Харин төрийн өмчийн хороонд мэдээллээ сайн өгч байгаа.