С.Бямбацогт: Монголын өнцөг бүрт ижил үнэтэй шатахуун хэрэглэдэг болгохоор МАН хөтөлбөртөө тусгасан
-Улс төрийн намууд 2012 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулж СЕХ-нд хүлээлгэж өглөө. МАН-ын мөрийн хөтөлбөрийн гол онцлог нь юу вэ?
-МАН 2012-2016онд Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх улс төрийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулж, аудитаар хянуулаад СЕХ-нд өгчхөөд байгаа. Энэ удаагийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажил хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн. Яагаад гэвэл, 2010, 2011 он буюу бүтэн хоёр жилийн турш "Ард түмнээ сонсъё" аяныг хэрэгжүүлж, Монгол орны өнцөг булан бүрт хүрч иргэдтэйгээ уулзсан. 21 аймаг, 330 гаруй суманд хүрч 900 гаруй мянган иргэнтэй уулзаж амьдралд нь болж байгаа, болохгүй байгаа зүйлийн талаар ярилцаж, санаа бодлыг нь сонссон.
Сонгогчдын бараг тэн хагасын санаа бодлыг сонссоны үндсэн дээр мөрийн хөтөлбөрийн цөмөө босгож ирсэн.
Үүн дээрээ эрдэмтэн, судлаачдыг хоёр гаруй суулгаж 2011-2031 он хүртэл Монгол Улсыг 20 жилийн хугацаанд хөгжүүлэх "Ард түмний хөгжлийн хөтөлбөр"-ийг өнгөрсөн онд Бага хурлаараа батлуулсан. Өөрөөр хэлбэл, "Ард түмний сонсъё" аянаар 900 гаруй мянган иргэний санаа бодлыг сонсож, үүнийгээ нэгтгэж 20 жилийн буюу урт хугацааны хөтөлбөрөө гаргаж ирсэн. Үүнийг дунд хугацаанд нь хэрэгжүүлэх хөтөлбөр бол 2012 оны сонгуульд МАН-ын оролцох мөрийн хөтөлбөр. Ийм харилцан уялдаатай боловсруулсан болохоороо МАН-ын мөрийн хөтөлбөр онцлог. Амьдралаас ургаж гарсан болохоор хэрэгжих бололцоотой. Тооцоо, судалгаа нь үндэслэлтэй гэдэг нь ч бусад намын мөрийн хөтөлбөрөөс ялгарах онцлог, давуу тал нь.
-Иргэд сонгуулиас их зүйл хүлээдэг болжээ. Сонгуулийн дараа амьдрал сайжирна гэсэн энэ хүлээлтэд ямар хариу барих вэ. Жишээ нь цалин нэмэх, нийгмийн халамжтай холбоотой ямар зүйлүүд МАН-ын мөрийн хөтөлбөрт ямар байдлаар тусав?
-Ер нь бол сонгуулиас сонгуулийн хооронд улс төрийн намууд хэрээс хэтэрсэн юм амладаг байсан. Ингэж Монгол Улсынхаа эдийн засгийг хүнд байдалд оруулах, ард түмнээ хуурч худлаа хэлэх нь хор хохиролтой юм байна гээд үүнийг хааж чадсан. Энэ бол одоогийн парламентын хийж чадсан том ажлын нэг. Өөрөөр хэлбэл, Төсвийн тогтвортой байдлын тухай, Сонгуулийн тухай болон бусад хуулийн хүрээнд хэтэрхий их амлалтыг хязгаарлаж өгсөн. Ерөө-сөө амлаж байгаа, хийж хэрэгжүүлнэ гэж тооцож байгаа ажлуудыг Монгол Улсын төсөв, эдийн засаг даахаар байгаа. Үүнээс хэтэрсэн, дааж дийлэхгүй амлалт байвал СЕХ бүртгэхгүй татгалзах эрхтэй болсон. Энэ хүрээнд намуудын мөрийн хөтөлбөр явж байгаа. Энэ нь өөрөө онцлогтой Өмнө нь бол дураараа л явдаг байлаа шүү дээ. Одоо бол Монгол Улс өөрийн гэсэн хөгжлийн загвартай болох ёстой юм байна гэдгийг намууд ойлголоо. Үүнийгээ хэрэгжүүлэх үүднээс дөрвөн жилээр хөтөлбөрөө дэвшүүлж эхэлсэн. Энэ нь улсын төсөв, санхүү, эдийн засгийн боломжоос хэтрэхгүй байх ёстой юм байна гэсэн заалт Сонгуулийн хуульдаа хийж өгсөн нь томоохон ахиц гэж хэлж болно. Улс төрийн намууд ямар ч гэсэн Монгол Улсын эдийн засгийг сүйрүүлэх хэмжээний амлалт авах нь хориотой болсон. Гэхдээ нэгэнт л сонгуульд орж байгаа болохоор ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх амлалтыг бол авна шүү дээ. МАН-ын хувьд нийгмийн эмзэг бүлгийнхэнд чиглэсэн ажлууд хийнэ. Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд чиглэсэн ажил хийхээр төлөвлөж байгаа. Нийгмийн зорилтод хэсэг рүү чиглэсэн ажил хийхээс, хавтгайруулсан халамж хий нь буруу гэж үзсэн.
-Тэгвэл үйлдвэржилтийн чиглэлд ямар ажлууд хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгав. Жишээ нь, газрын тосны боловсруулах үйлдвэр барих ажлууд үргэлж л яригддаг, зам харгуйгаа сайжруулах гээд байнгын сэдвүүд байна шүү дээ?
-21 аймгийг Улаанбаатар хоттой холбох ажил эрчимтэй явагдаж байна. Ирэх дөрвөн жилд бүрэн дуусна. Төсөв, зураг төсөл нь бэлэн болчихсон. Гүйцэтгэгч нь ажлаа эхэлчихлээ. Хөгжлийн банкнаас бонд гаргаж санхүүжилтийг нь хийхээр төлөвлөөд байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийн хувьд харин урагштай яваагүй Дарханд барина, Дорнодод Дорноговьд үйлдвэр барин гээд л яригддаг.
Гэхдээ энэ УИХ Газрын тосны салбарыг төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг баталсан.
Хөрөнгө оруулагчдыг хэрхэн дэмжих вэ, Газрын тос барих ажлыг эрчимжүүлэх тогтоол баталсан. Энэ ч үүднээс МАН мөрийн хөтөлбөртөө газрын тос боловсруулах үйлдвэр барина гэж мөрийн хөтөлбөр-төө суулгасан. Цаашид газрын тосны чиглэлээр хайгуул хийх, судалгаа явуулах, олборлолт хийх чиглэлээр мөрийн хөтөлбөрт тодорхой заалтууд тусгасан. Аль болох дотооддоо газрын тос боловсруулж, хэрэгцээгээ хангадаг болъё гэсэн. Ингэхдээ зөвхөн нефть биш хүрэн нүүрс ч гэсэн ашиглая гэж төлөвлөсөн.
-Иргэдийн амьжиргаанд хамгийн их нөлөөлдөг зүйл бол үнийн өсөлт. Нэг нь газрын тос. Бас махны үнийн өсөлт инфляцид ихээхэн нөлөөлдөг. Энэ чиглэлээр ямар ажлууд хийх вэ. Ер нь малчдаа харсан ямар бодлого мөрийн хөтөлбөрт тусав?
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж чадсан бодлого бол жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, хөдөөгийн хөдөлмөрчдийг дэмжих асуудал байсан. Нийтдээ нэг их наяд шахуу төгрөгийг зарцуулсан. Тодорхой хэмжээнд ажил явган Наад зах нь ноос, ноолуур, жижиг дунд үйлдвэрийн салбарт л гэхэд өнгөрсөн жил 300 тэрбум төгрөгийн бонд гаргаж өгсөн. Ингэснээр сум орон нутагтаа үйлдвэр байгуулах боломжууд бий болсон. Жишээ нь, дотоодын үйлдвэрлэгчдийн ноолуур худалдаж авахад нь дэмжлэг үзүүлсэн. Бас ноосон дээр малчдад урамшуулал олгосон.
Өөрөөр хэлбэл, үндэсний үйлдвэрүүдэд тушаасан нэг кг ноос тутамд 2000 төгрөгийн урамшууллыг малчдад олгосон.
Цаашид үндэсний үйлдвэрлэгчдэд тушааж байгаа мах, сүүн дээр урамшуулал олгоё гэсэн. Ингэвэл малчдын орлого тогтвортой болно. Дээр нь төв суурин газарт амьдарч байгаа иргэдийн хэрэглэж байгаа мах, сүүний үнэ өсөхгүй байх боломжтой. Мөн хүн амын өргөн хэрэглээний найман нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлдөг гол зүйл нь шатахууны үнэ байдаг. Тиймээс энэ чиглэлээр мөрийн хөтөлбөртөө тодорхой заалтууд суулгаж өгсөн. Жишээ нь, эрчим хүчнийг бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд шийдсэн. Монгол Улсад эрчим хүч яг адилхан тарифтай байгаа. Ховд аймаг ОХУ-аас авч байгаа эрчим хүчийг татвар, хураамжаа төлөөд хэрэглэвэл 200 төгрөгөөр хэрэглэхээр байдаг. Гэсэн ч одоо айл өрх 60, албан байгууллага 90 төгрөгөөр хэрэглэж байгаа. Энэ бол татвараас чөлөөлөх, татаас олгох замаар өндөр үнэтэй эрчим хүчийг Монгол Улсын хэмжээнд бүгд адилхан үнэтэй болгож чадаж байна. Яг ийм зарчмаар шатахууныг Монгол Улсын хэмжээнд адилхан үнэтэй болгохоор МАН мөрийн хөтөлбөртөө тусгаж өгч байгаа. Гэхдээ энэ ижил үнэ нь зөвхөн жижиг хэрэглэгчдэд л хамаарна.
-Байгалийн баялгийнхаа ашгаас иргэд яаж хүртэх вэ. Хүний хөгжил сангаараа дамжуулаад тэнцүү хүртээд явах уу?
-Хүний хөгжил сангаас олгож байгаа хувьцаа, бэлэн мөнгө тодорхой хэмжээнд явна. Байгалийн баялгаас бид тэгш хүртэх ёстой гэж ярьдаг. Нэг хэсэг гэр бүл их орлого олж, бусад иргэн нь ядуу байна гэдэг. Гэтэл Хүний хөгжил сангийн зарчим буруу байна. Олсон орлогоо шууд л тэр чигээр нь хуваарилчхаад байна. Сан гэдэг ойлголт бол бий болсон орлогыг арвижуулж байгаад арвижсан хэсгийг нь хуваарилах юм. Тэгвэл орлого чинь байнга өс ч байна. Олсон орлогоо хуваарилачхаар цаана нь нөхөж юм бий болохгүй. Байгалийн баялаг гэдэг чинь нөхөн сэргээгдэхгүй шүү дээ. Иймд Хүний хөгжил сангийн ажиллаж байгаа зарчим зөв биш байгаа юм. Тиймээс үндэсний баялгийн хуваарилалтын тогтолцоог зөв болгож, арвиждаг тогтолцоог бий болгоё гэж МАН-ын мөрийн хөтөлбөрт тодорхой суулгаж өгсөн. Гаднынхан манай баялгийг яаж ашиглаж байгаа билээ. "Саусгоби сэндс"-ээс эхлээд манай баялгийг лиценз нэрээр зарж байна. Биднийг алтан дээр суусан гуйлгачин гэгдэг байсан бол одоо алтаа хулгайлуулсан гуйлгачин болчихлоо. Тиймээс нэгд, гадныхантай баялгаа харилцан ашигтай хамтарч ажиллах асуудлыг шийдэх ёстой. Бидний баялаг учраас бид үр ашиг хүртдэг байх ёстой. Хоёрт, цөөхөн гэр бүл их, олонх нь бага хүртдэг биш бүгдээрээ тэнцүү хүртэе. Тиймээс Үндэсний баялгийн хуваарилалтын сан байгуулъя, энэ нь арвиждаг байя гэж МАН мөрийн хөтөлбөртөө суулгасан.
Ч.Гангэрэл
Эх сурвалж
Үндэсний шуудан