Ц.Даваасүрэн: Хоёр нам нэгдвэл сайн, эс чадвал эвсэх хэрэгтэй
-Ёс зүйн хорооноос ирсэн сануулгын хариуг та өгчихсөн. Буцаад тэднээс хариу байна уу?
-Одоогоор алга л байна.
-Фракц байгуулах асуудал юу болсон бэ. Нам гүм болчихлоо?
-Энэ талаар бид ярилцаж байгаа шүү. Удахгүй шийдвэрээ гаргана. Ардчилалтай нам л юм бол фракцаас цэрвэх нь утгагүй. Ер нь хагарч, бутарч намаа тамирдуулж байснаас олон талаас нь хэлэлцэж, шүүж шийдвэр гаргадаг бүтэцтэй байх нь дээр л дээ.
-Фракц байгуулах тухай яриад байгаа гишүүд намаасаа гарах гэж байгаа юм биш үү?
-Намын нэгдмэл эрх ашиг, улс төрд удаан оршин тогтнох бодол байгаа бол хагарал, бутралаа зогсоож, нэгдэж эвсэх байлгүй дээ. Би эхэлж тийм шаардлага тавина. Ер нь ард иргэдээ басамжилсан, амлалтаасаа няцсан ийм арчаагүй байдал гаргана гэж төсөөлж бай-сангүй.
-Та намаасаа гарах уу?
-Намаа нэгтгэх хүсэл эрмэлзлэл байна уу гэдгийг харж байгаад шийдвэрээ гаргана.
-Сонгуулиас өмнө УИХ-д МАХН-ын бүлэг мэндлэх гээд байгаа юм уу. Та тэр бүлэгт орж байгаа юм уу?
-Үүнийг ёстой бурхан л урьдчилж хэлэх байх.
-Намын удирдлагууд чинь гишүүдээ нэг нэгээр нь дуудаж уулзаж байгаа гэсэн. Дээрх яриатай холбоотой юу?
-Надтай одоогоор уулзсан хүн алга.
-Өнгөрсөн даваа гаригт болсон бүлгийн хурал нэлээд ширүүхэн болжээ дээ?
-Тэгсээн, нэлээд ширүүхэн яриа өрнөсөн. Асуудлын гол нь амласан нэг сая төгрөгөө хугацаандаа, бүх иргэндээ өгөх үү гэдэг асуудал байсан. Мөн харийн хүн бидний баялгийг хэдэн зуун саяар худалдаад явж байхад яагаад төр нь таг чиг байгаад байгаа тухай ч ярьсан Одоо бүр давраад Монгол орны хоймор болсон манай аймаг руу дайрч эхэлж байна шүү дээ. Хязгаарлаж, зогсоох цаг болсон. Бүлгээр яригдсан асуудлуудаар тодорхой шийдвэр гаргаж, саналаа оруулж ирэхийг Засгийн газарт чиглэл болгож өгсөн.
-Засгийн газар үнэндээ ямар ч ажил амжуулсангүй. Сонгуулиар танай нам ямар нүүрээрээ орох гэж байгаа юм бол доо?
-Тэгж ч бас бүгдийг харлуулж болохгүй ээ. Хөрөнгө оруулалтыг 2000 онтой харьцуулахад 40 дахин өссөнийг бодоход ямар нэг хэмжээгээр бүтээн байгуулалт хийгдэж л байгаа хэрэг. Харин хэр оновчтой, үр дүнтэй байсан бэ гэвэл асуудал бий. Тодорхой жишээ гэвэл, ядуурлын түвшин 2008 онд 35 хувьтай байснаа одоо дөрвөн жилийн дараа 40 хувьд хүрснийг хэлж болох юм. Энэ бон урт хугацаанд орлого өгөх ажлын байр олноор бий болоогүйг харуулж байна. Мөн улс төрийн амлалтын нэг сая төгрөгөө өгнө гээд хам тарсан улсууд маань одоо хүртэл бүх иргэндээ мөнгөө бүрэн өгөөгүй байгаа бол асуудал шүү. Үүний хариуцлагыг хамтарч Засгийн газарт орсон улсууд үүрэх ёстой. Хямрал руу чихэх ч юм байхгүй. Байгалийн баялгаас хангалттай мөнгө, орлого орсон, мөнгө босгох боломж ч их байсан.
Таван толгой, төмөр зам бүгд гацчихлаа. Гэтэл дарга нар баяжаад, хөлжөөд л байдаг...
-Харин тийм, үүнд чинь л иргэд дургүйцээд, төр хэнд үйлчилдэг болчихвоо, нэг л биш ээ гээд байна шүү дээ. Тиймээс төрөө засах цаг болжээ.
-Тойргийн асуудал гишүүдийн дунд ид яригдаж байх шиг байна. Танд МАН-аас тойрог олдох болов уу?
-Нам тойрог өгөх үү гэдгээс илүү тойргийн иргэд нь итгэл үзүүлж, сонгох уу гэдэг л гол асуудал юм шиг ээ. Тэр талаас нь харна, ялалтын төлөө л шийдвэр гаргана гэж намын удирдлагууд ярьдаг юм билээ. Үнэн бол надад санаа зовох юм алга.
-Намаа шүүмжилсэн гишүүдээ МАН адлаад эхлэх шиг боллоо. Ингэлээ гээд та нарын зүгээс ямар алхам хийх вэ?
-Намаа шүүмжилсэн гэвэл буруу ойлголт болно. Удирдлагуудынхаа явуулж буй бодлогогүй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн гэвэл онох байх. Жишээ нь. энэ боловсон хүчний хөрөнгө, мөнгөнд суурилсан юм шиг бодлого зөв байна гэж үү. Намынхаа нэгдмэл цул байдлыг хадгалъя, нийтлэг эрх ашиг ярья, бодлогоо тодорхой болгоё, хариуцлагатай, олон түмний нам байлгая гэх мэт зүйл ярихад юунд нь дургүй хүрдэг юм. Үүнийг буруу гэж үзэж байгаа бол цаашдаа эвлэрч явахад хүндрэлтэй.
-Намаа аварч авч үлдэхийн тулд одоо яах ёстой вэ. Үнэхээр МАХН-тай нэгдсэн нь зөв үү, эсвэл зөвхөн сонгуульд эвсэх нь зөв юм уу?
-Нэгдвэл хамгийн сайн алхам, эс чадвал эвсэх хэрэгтэй, өөр гарц харагдахгүй байна.
Я.Мөнгөн
Эх сурвалж
Өдрийн сонин