С.Бямбацогт: Монгол толгой л улсаа хөгжүүлнэ
2012.03.14

С.Бямбацогт: Монгол толгой л улсаа хөгжүүлнэ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа. УИХ-ын нэр бүхий гишүүд болон Засгийн газраас өргөн барьсан Инновацийн тухай хуулийн нэгтгэсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг тэрбээр ахалж байгаа юм.

-Инновацийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхэд бэлэн болсон ч гацчихаад байгаа. Дэлхий нийтээрээ мэдлэгт суурилсан эдийн засгийн тухай ярьж байхад энэ асуудалд УИХ яагаад яарахгүй байна вэ?

-Хүн ам цөөтэй Сингапур, байгалийн баялаггүй Япон, БНСУ, Израил зэрэг өндөр хөгжилтэй орон байна. Тэд яаж хөгжив. Иргэд нь аль болох бүтээмж ихтэй, чадварлаг байж өнөөгийн өндөрлөгт хүрсэн. Бид тэдний түвшинд хүрэхийн тулд мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх ёстой. Дэлхий нийт мэдлэгт суурилсан эдийн засгийн чиг хандлага руу явж байгаа үед Монголын төр, засаг хүнээ чадваржуулах, бүтээмжийг нэмэгдэхүүлэхийн тулд ин новацийн тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай байгаа юм. Энэ бол зайлшгүй. Асуудлыг хурдтай, хүчтэй ярьж, төрийн бодлого болгох ёстой. Монгол Улсыг гадаадынхан биш монголчууд өөрсдөө хөгжүүлнэ. Тавантолгойн нүүрсийг түүхийгээр, Эрдэнэтийн зэс, Төмөртэйн хүдрийг баяжмалаар нь гадагш зөөх биш байгалийн баялгаа боловсруулж, нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн болгож байж бид хөгжинө.

-Инновацийн хууль батлахтай холбоотойгоор түүний бодлогыг хэрэгжүүлэх бүтцийн тухай яриад эхэлсэн шүү дээ. Шинэ алба бий болгохоор байгаа нь төслийн хэлэлцүүлэгт нөлөө үзүүлэв үү. Шинэ яамны тухай хүртэл ярьдаг?

-Хэрэгжүүлэх үүргийг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (ҮХШХ) хариуцна. Монгол Улсын хөгжлийн бодлогын нэг хэсгийг тодорхойлдог байгууллага нь ҮХШХ мөн боловч статусын хувьд жижиг бүтэцтэй. Тийм учраас Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулиа бид батлах ёстой. Энэ хуулийг баталснаар нэгдсэн бодлогоор удирддаг, төлөвлөдөг, зохион байгуулдаг, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг Бодлого төлөвлөлтийн яам (хуучнаар Төлөвлөгөөний комисс) байгуулах ёстой.

Одоо бол салбарын яам бүр тусдаа бодлого явуулдаг, тэр нь хоорондоо уялдахгүй байна гэж зарим гишүүн ярьж байгаа нь ортой.

Инноваци бол зөвхөн салбарын яамны асуудал биш. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг одоогийн ҮХШХ-нд зангидаж, хэрэгжүүлэх ёстой гэж үздэг. Бодлогын уялдаа байхгүйн нэг жишээ нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, бүсчилсэн хөгжлийн үндэсний хөтөлбөр зэрэг УИХ-аас баталсан бодлого шийдвэр амьдралд хэрэгжихгүй байгаа явдал. Нэг нам сонгуульд ялангуут өмнөх бодлогоо үгүйсгээд шинийг гаргаад явчихдаг. Салбарын яамд нь салангид бодлого явуулдаг байдал хөгжилд том саад болж, маш их хөрөнгө үргүй зарж, цаг их алдуулж байна.

-Инновацийн бодлогыг хэрэгжүүлэхэд эрдэм шинжилгээний байгууллагууд гол үүрэгтэй оролцдог. Гэтэл манай төр, засаг тэдний төсөвт гар татдаг. Шинжлэх ухаанд түшиглэхгүйгээр инновацийг хөгжүүлж чадах уу?

-Жижиг мэт боловч жишээ хэлье. Газрын хөрсөнд шууд эвдрэл учруулдаг үлийн цагаан оготны асуудлыг бид шийдэх ёстой. Төр бодлогоо тодорхойлно, шаардлагатай хөрөнгийг Засгийн газар төсөвтөө суулгана. Бодлогоо бодитой, үр ашигтай хэрэгж үүлэхийн тулд эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудаар судалгаа, туршилтын ажлыг хийлгэнэ. Судалгаа, туршилтаар баталсан төслүүдийг хувийн хэвшлийнхэн хэрэгжүүлнэ. Ийм байдлаар тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй. Ийм орчин бий болгох нь Инновацийн тухай хуулийн зорилго юм. Гурил, мах, төмс, хүнсний ногооноос бусад хүнсний бүтээгдэхүүнээ монголчууд импортоор авч байна. Тэгэхээр импортыг орлох өндөр технологид суурилсан үйлдвэрлэлийг бий болгох судалгаа шинжилгээний ажил явуулж, энэ чиглэлийн бизнес эрхлэгчдийг төрөөс бодлогоор дэмжиж ажиллах шаардлагатай.

Газрын тосны асуудал байна.

Байгалийн асар их баялагтай, нүүрснийхээ хэмжээ, нөөцөөр дэлхийд тэргүүлэх зэргийн гэж ярьдаг мөртлөө газрын тос ны хувьд 100 хувь гадаадын хараат хэвээр байна. Нүүрснээс яаж шатахуун гарган авч, дотоодын хэрэгцээгээ хангах вэ гэдэг дээр яаралтай анхаармаар байна. Нөхөн сэргээгддэг малын гаралтай түүхий эдээ боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргах цаг болсон. Түүхийгээр нь гаргаж байгаа зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр болон бусад бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгоход төр анхаарах ёстой. Инновацийн хууль энэ бодлого дээр төвлөрнө.

-Япон улс анх тоног төхөөрөмж импортолдог. Үүнийгээ өөрсдийн хүч, хөдөлмөр, арга ухаанаар сайжруулж боловсронгуй болгосон. Дараа нь тэдгээрийг үйлдвэрлэлд нэвтр үүлж, шаардлагатай гэсэн салбаруудаа Засгийн газар нь хамгаалалтад авсан. Төрийн зөв бодлого, төлөвлөлтөөр удирдаж чадсан нь гайхамшигтай хөгжлийнх нь суурь болсон гэж үздэг.

-Төрийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй. Зөвхөн зах зээлийн зарчмаар явна гэхэд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Их хэмжээний хөрөнгийг хувийн хэвшил гаргах бололцоо бага байна. Тийм болохоор төрөөс тодорхой хэмжээний барьцаа, баталгаа гаргах, татварын таатай нөхцөлийг хууль эрхзүйн орчноор бүрдүүлж өгөх зэргээр төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Шаардлагатай зарим салбарт төрийн оролцоо байж болно. Монгол Улс, ард түмний аюулгүй байдалд нөлөөлөх стратегийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд төрийн оролцоо байхад болохгүй зүйлгүй.

-Засгийн газрын тэргүүн, УИХ-ын цөөнгүй гишүүн мэдлэгт суурилсан эдийн засгийн тухай байнга ярьдаг шүү дээ. Миний мэдэхийн УИХ-ын цөөнгүй гишүүн инновацийн тухай сүүлийн үед ярьдаг болсон. Дэлхийн улс орнууд ч мэдлэгт суурилсан эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Тэгвэл манай УИХ энэ асуудалд яагаад хойрго хандаад байна вэ. Намрын чуулганаар Инновацийн хуулийг батлах бололцоо байсан даа?

-Хуулийг ямар байгууллага хэрэгжүүлэх, ажилтан, алба хаагчдыг хаанаас томилох, инновацийн талаар төрөөс баримтлах бодлогод зарцуулах хөрөнгийг хэн мэдэж зарцуулах зэрэг зохион байгууллалтын асуудлаар маргаан үүссэнээс болж төслийг буцаасан. Засгийн газрын төсөлд инновацийн тогтолцоог боловсронгуй болгох, үйл ажиллагааг ҮХШХ хариуцна гэсэн санаагаар өргөн барьсан. Инноваци нь шинэ мэдлэг, мэдээлэл, шинэ санаа, оюуны өмч патентыг үйлдвэрлэлд нэвтрүүлж, нэмүү өртөг шингээсэн баялаг бүтээх үйл ажиллагаа юм. Хуулийг баталснаар шинжлэх ухааны баялаг мэдээлэл, архивт тоосонд дарагдсан оюуны өмчийн олон бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах юм. ШУА жилд 17 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвөөс авдаг ч үйлд вэрлэлд нэвтрүүлсэн бү тээгдэхүүн байдаггүй. Ийм байдлаар асуудалд хандаж байгаа нь харамсалтай. Инновацийн урт хугацааны бодлогыг УИХ, дунд болон богино хугацааны бодлогоо Засгийн газар тодорхойлно. Аль салбараа түл хүү анхаарах, бидэнд ямар нөөц боломж, давуу тал байна гэдгээ инновацийн бодлогоор тодорхойлж эхний ээлжинд анхаарах чиглэлээ олж авах ёстой. Бидний хуучны хэвшмэл сэтгэлгээ инновацийн тогтолцоог бий болгоход саад болж байгаа.

Нийтлэлч
Го.Энхтөр
Эх сурвалж
Өнөөдөр сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.