С.Бямбацогт: Оновчтой саналуудыг ажил хэрэг болгохын төлөө Засгийн газар, УИХ ажиллах ёстой
“Монголын эдийн засгийн форум-2012” гурав дахь жилдээ өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдлаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогттой саяхан болж өнгөрсөн “Монголын эдийн засгийн форум-2012”-ын талаар ярилцсан юм.
-“Монголын эдийн засгийн форум” гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа. Та эдийн засагчийн хувьд энэ чуулганы үр дүн, ач холбогдлыг хэрхэн харж байгаа вэ?
-Гурав дахь удаагийн эдийн засгийн форум өмнөх жилүүдийнхээс харьцангуй үр дүнтэй болчихлоо гэж би харж байгаа. Яагаад гэвэл өмнө нь бага зэрэг хэлбэр талдаа, зүгээр л нэг ярилцаад өнгөрдөг, эдийн засгийн хөгжил, өсөлт ярьдаг. Гэтэл бидний өмнө тулгамдаад байгаа ямар асуудал байна, тэрийг шийдвэрлэх арга зам гарцыг хайх талаасаа харьцангуй бага ярьдаг байсан л даа. Энэ жилийн тухайд өрсөлдөх чадвар гэж маш том асуудал орж ирлээ.
Зүгээр л байгалийн баялгаа түүхийгээр экспортлоод, малын гаралтай түүхий эдээ экспортлоод орж ирсэн орлогоо ард иргэддээ хувааж өгөөд, эдийн засаг өслөө гэж яриад байх юм уу.
Энэ бодитой зөв өсөлт мөн үү, үгүй юу гэдгийг нэлээд сайн ярилцаж чадлаа. Тооны хувьд өсч байгаа эдийн засаг өсөлт биш юм байна. Аль болох нэмүү өртөг шингээж, дотооддоо боловсруулах үйлдвэрүүдээ барья, хүнээ хөгжүүлье, ингэхийн тулд мэдлэгт суурилсан эдийн засаг буюу инновацийн асуудлыг хөндөж ярилаа. Энэ мэт анхаарах ёстой асуудлуудыг анхаарч чадсан хэлэлцүүлэг болов уу гэж би үзэж байгаа. Дахиад нэмж хэлэхэд тулгамдсан асуудлууд байна. Бид өнөөдөр нефть бүтээгдэхүүний хараат байдалд байна. Энэ хараат байдал өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн хөгжилд яаж чөдөр тушаа болж байна, яаж шийдэх ёстой юм. Богино, дунд, урт хугацаандаа бид юу хийх ёстой юм. Энэ хүрээнд тодорхой бодлого дэвшүүлж, нефть бүтээгдэхүүний хараат байдлаас хэрхэн гарах вэ гэдэг дээр тодорхой асуудал дэвшүүлж, ярилцаж, гаргалгаанууд гаргасан. Ингэж болох юм байна, ингэх ёстой юм байна гэдгийг тодорхойллоо. Энэ талаас нь харвал үнэхээр үр дүнтэй болсон гэж үзэж байгаа.
-Манайх шиг оронд жил болгон ийм чуулга уулзалт зохион байгуулах шаардлага байна уу, хэдэн эдийн засагчид ирээд ярихаас цаашгүй байна гэх шүүмжлэлийг зарим оролцогчид хэлж байсан л даа?
-Хэдэн хүн эдийн засагч гээд өөрсдийгөө бодчихсон, эсвэл улстөрчид. Тэдний ярьж байгааг өнөөдөр зөв гэж боддог байсан бол үгүй юм байна. Илүү боддог, сэтгэдэг, ярьдаг хүмүүс байдаг юм байна. Ялангуяа шинэ үеийн боловсролтой, мэдлэгтэй залуучууд өнөөдөр ярьж, хэлж эхэллээ. Энэ бол өөрчлөлт. Нөгөө л хэдэн хүн ярьж л байдаг, өөрчлөлт гардаггүй, би мундаг гэж л байдаг үр дүн байдаггүй байсан бол өнөөдөр шинэ үеийн залуучууд гарч ирээд гарч ирээд арай өөр зүйл ярьж, хэлж байна. Эдийн засгийн форумыг ажиглаж байхад үнэхээр шинэ үеийн мэдлэгтэй, боловсролтой залуучууд их зүйл ярьж байсан шүү. Тэгэхээр ингэж хэлэлцэх боломжийг Эдийн засгийн форум бүрдүүлж өгсөн. Тэр утгаараа эдийн засгийн форум үр дүнгээ өгсөн л гэж харж байгаа. Хамгийн гол нь зүгээр нэг яриад, хэлэлцүүлэг хийгээд өнгөрөх биш, эндээс гарсан санал, санаачилгыг Засгийн газар УИХ шүүж, тунгаагаад яаж цаашид ажил хэрэг болгох вэ. Энэ тал дээр сайн ажиллачихвал үр дүн гарна. Тэгэхгүй бол хэд хоног ярьж, хэлэлцээд л, хэвлэл мэдээллийн хэрэгслээр рекламдаж, пиардчихаад хаячихвал үр дүн гарахгүй шүү дээ. Тэгэхээр энэ хэлэлцүүлгээс гарч байгаа санал, санаачилгыг илүү боловсронгуй болгоод, бодлогын төвшинд амьдрал дээр хэрэгжүүлэхийн төлөө төр засаг анхаарах ёстой. Үүний төлөө ҮХШХ, Засгийн газар ажиллах ёстой. Эдийн засгийн форумыг санаачилж, зохион байгуулж байгаа нөхдүүд ч бас энэ тал дээр анхаарал тавих ёстой. Тэгсэн цагт энэ хэлэлцүүлэг хэлбэр биш агуулга талдаа болох юм.
-Төр засгийн төвшинд төдийлөн анхаарал хандуулсангүй юу гэх яриа бас байсан?
-Монгол Улсын төрийн тэргүүнээсээ авхуулаад Ерөнхий сайд, Засгийн газар, УИХ-ын гишүүд оролцсон шүү дээ. Салбар хуралдаануудад ч бас УИХ-ын гишүүд оролцлоо. Би ч бас нэг салбар хуралдааныг удирдаад явсан. Тэгэхээр ач холбогдол өгсөн л байгаа биз дээ. Жишээ нь би нефть бүтээгдэхүүний хямралыг хэрхэн даван туулах вэ гэдэг хэлэлцүүлэгт оролцлоо. Инновацийн асуудлаар бас нэг салбар хуралдаанд оролцоод, ахлаад л явлаа. Ер нь салбар, чиглэл бүр дээр манай УИХ, Засгийн газрын гишүүд идэвхтэй оролцсон байх гэж бодож байна.
-Энэ жилийн чуулганы гол давуу тал нь эдийн засгийн өсөлтийг яаж иргэдэд хүргэх вэ гэдэгт анхаарал хандуулсан болов уу гэж харж байгаа. Үнэхээр эдийн засгийн өсөлт яагаад иргэдэд мэдрэгдэхгүй, хүрэхгүй байна вэ?
-Яг үнэн. Эдийн засаг өсч байна гэж яриад байдаг. Тооны өсөлт, үнийн өсөлтөөс Монгол Улсын төсвийн орлого нэмэгдээд, Монгол Улсад орж ирж байгаа мөнгөний хэмжээ нэмэгдэж байна. Үүнийгээ бид “Бид сайн ажиллаж байна, бид эдийн засгийг өсгөж байна” гээд яриад байдаг. Гэтэл тэр сайн өсөөд байгаа эдийн засаг чинь яагаад иргэдийн амьдралд наалдахгүй байгаа юм. Эдийн засгийн өсөлтийг ярих ёстой юм уу, хөгжлийг ярих ёстой юм уу. Өнөөдөр зүгээр бэлэн мөнгө орж ирсэн зоргоор нь хуваагаад, тараагаад сууж байх ёстой юм уу. Эсвэл бодлогын хүрээнд тулгамдсан асуудлаа шийдэх ёстой юм уу. Тулгамдсан асуудал жишээ нь юу байна вэ. Хүнсний асуудал байна. Төмс, хүнсний ногоо, мах, үр тарианаас бусдыг тооцвол бүгдийг нь экспортоор авч байна. Өөрсдөө үйлдвэрлэж чадахгүй, импортоор хэрэглэж байна. Бид 40 сая малтай, нэг хүнд ногдох малаараа тэргүүлж байна гэдэг. Тэгсэн мөртлөө малын гаралтай бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгох, тэр бүү хэл хагас боловсруулж чадаж байна уу, үгүй л биз дээ. Ноолуурыг эс тооцвол шүү дээ. Тэгэхээр малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрийг бас хөгжүүлмээр байна. Өнөөдөр уул уурхай баялгаа, зэсийн баяжмалаа, нүүрс, төмрийн хүдрээ огт боловсруулалт хийхгүйгээр гаргаж байгаа. Ядахдаа хагас боловсруулъя. Зэсийн баяжмалаа боловсруулаад цэвэр зэс гаргая. Төмрийн хүдрээ боловсруулаад дотоодынхоо төмрийн хэрэгцээг хангая. Нүүрсээ коксжуулъя. Энэ тал дээр бид анхаарахгүй байна. Аль болох технологи шингэсэн бүтээгдэхүүний экспортод бид анхаарах ёстой. Нийт экспортод гарч байгаа бүтээгдэхүүний 98.6 хувь нь нам технологитой буюу огт технологи шингээгүй байдаг. Үүнийг бид өндөр технологи шингээх ёстой. Ингэхийн тулд монгол хүнээ, монгол хүнийхээ мэдлэг чадварыг хөгжүүлээд тэрийгээ эдийн засагтаа холбож ажиллая. Үүний тулд мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх ёстой. Энэ мэт асуудлыг ярих ёстой, яриад эхэлж байгаа нь сайшаалтай.
-Мэдлэгт суурилсан эдийн засаг гэхээр яах аргагүй инновацийн тухай хууль байгаа?
-Яг тийм. Өнөөдөр их сургууль нь зөвхөн заадаг, ШУА, эрдэмтэн судлаачид нь зөвхөн суурь судалгаа хийдэг. Бизнес эрхлэгчид нь зөвхөн худалдаа, үйлдвэрлэл борлуулалт хийдэг. Ингээд тус тусдаа байна. Үүнийг нэгтгээд бид яаж боловсролыг эдийн засгийн эргэлтэд оруулах вэ. Шинжлэх ухааны суурь, судалгааг яаж эдийн засгийн эргэлтэд оруулах вэ. Судалгаа, боловсрол, бизнес гурвыг яаж хослуулж, нэмүү өртөг, мэдлэг, оюун ухаан, хөдөлмөр шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг бий болгож, өөрсдийнхөө хэрэгцээг хангаад экспортод гаргахад бид анхаарах ёстой. Эцэст нь хэлэхэд Оюутолгойн баялаг биш, Тавантолгойн нүүрс биш Монгол Улсыг Монгол толгой л хөгжүүлнэ. Гадаадынхан ч биш. Тэд бол яаж монголын баялгийг богино хугацаанд цөлмөөд, их ашиг олоод гарахаа л бодно. Монголчууд хөгжөөсэй, монголын иргэн бүр боловсролтой болоосой, монголд олон сайхан үйлдвэр бий болоосой гэж бодож ирэхгүй шүү дээ. Зөвхөн мөнгөө арвижуулах гэж л ирнэ. Тийм болохоор бид монгол газар шороон дээрээ эзэн нь болж төрсөн, иргэн нь болж амьдарч байгаагийн хувьд Монгол Улсыг монгол толгой л хөгжүүлнэ.Тэгэхээр монгол хүнийг чадвартай, мэдлэгтэй боловсролтой, хөгжигч хүн болгохын төлөө монголын төр засаг анхаарах ёстой. Нөгөөтэйгүүр иргэд “Хэрвээ би мэдлэгтэй, боловсролтой, чадвартай, хөгжигч хүн болчихвол надад, миний ах дүү нарт, монгол Улсад маань хэрэгтэй юм байна” гэдэг иргэнийхээ үүргийг ухамсарлах ёстой юм.
-Инновацийн хууль яагаад батлагдсангүй вэ гэдэг дээр эрдэмтэд нэлээд гомдолтой байх шиг харагдсан?
-Ерөөсөө л манай төрийн албан хаагч нар эрх мэдлээ булаацалдсан. Би илүү их эрх мэдэлтэй байх ёстой гэдэг. Гэтэл эрхээ эдлэх гээд байдаг болохоос биш үүргээ яаж биелүүлэх вэ. Энэ хуулийг чинь дагаад ард нь маш том үүрэг байгаа гэдгийг ойлгохгүй байгаа. Энэ хуулийг дагаад надад маш том эрх мэдэл ирэх юм байна, тийм учраас үүнийг би өөртөө авах ёстой гэж хуулийг хэрэгжүүлдэг байгууллагууд эрх мэдлээ булаацалдсан. Үүнээс болоод сая Намрын чуулганаар хууль батлагдаж чадаагүй. Энэ хуулийг дагаад эрх мэдлээс гадна маш том үүрэг явж байгаа. Тэр үүргээр нь шахаж, шаарддаггүй болохоор төрийн албан хаагч нар хуулийг ерөөсөө энэ миний эрх мэдэл гэж хардаг болсон байна.
-Энэ жилийн чуулганы бас нэг онцлог өрсөлдөх чадварыг хэлэлцүүлсэнд байгаа байх, бид өрсөлдөх чадвараа сайжруулах ёстой, хүнээ хөгжүүлэх ёстой гэж ярьж байна. Монголын өрсөлдөх чадвар хэр байна вэ, хэрхэн хөгжүүлэх ёстой вэ?
-Монгол Улсын өрсөлдөх чадвар сул байгаа. Судалгаагаар 130 гаруй орноос 110-д явж байна. Яагаад ийм байна вэ гэхээр түрүүний ярьдаг зүйл шүү дээ. Бид аль болох мэдлэг, технологи шингэсэн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, экспортолж чадахгүй байна. Үүнээс болоод л бид өрсөлдөж чадахгүй байна. Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд бид хүнээ хөгжүүлэх ёстой. Хүн маань хэдий чинээ хөгжинө тэр хэмжээгээрээ дунд болоод өндөр технологитой бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх чадвартай болно. Тэр хэмжээгээрээ бид нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлнэ. Баялгаа ухаад л түүхийгээр нь экспортлоод байвал бид өрсөлдөх чадвараар хэзээ ч сайжрахгүй. Тийм болохоор олж байгаа орлогоороо өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх ёстой. Өнөөдөр өрсөлдөх чадвар сул байна. Үүнийгээ бид ярьж, хэлэлцээд, яах ёстой вэ гэдгээ байгаа нь сайн хэрэг. Тэгж байж, бидэнд ямар боломж байна, ямар сул тал байна вэ, яаж өрсөлдөх чадвараа дээшлүүлэх вэ гэдгээ ярилаа. Ингээд хэлэлцүүлэг хийгээд яаж өрсөлдөх чадвараа хөгжүүлэх вэ гэдгээ олоод авсан нь том давуу тал шүү.
Л.Энхдэлгэр
Эх сурвалж
Монголын мэдээ