2011.10.24
С.Бямбацогт:Бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлэх нь буруу
УИХ-ын гишүүн С.Бямбацогт үндэсний аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр худалдаалах нь зүйтэй хэмээн үзэж буй. Ард түмэнд хувьцаа нэмж олгохын хэрээр бэлэнчлэх сэтгэлгээтэй болгох төрийн буруу бодлого эргээд эрсдэл дагуулж болохыг тэрбээр тайлбарласан.
-Тавантолгойн талаар хэр мэдээлэлтэй байгаа вэ?
-Тавантолгой дээр УИХ маш тодорхой шийдвэр гаргасан. Тэр нь 2010 оны долоодугаар сарын 1-нд батлагдсан УИХ-ын 39 дүгээр тогтоол. Тогтоолд Тавантолгойн ордыг хуваахгүйгээр Монголын ард түмэнд 10 хувийг нь үнэ төлбөргүй эзэмшүүлнэ. Мөн Монгол Улсад бүртгэлтэй татвар төлдөг үндэсний аж ахуй нэгжүүдэд 10 хувийг нэрлэсэн үнээр нь худалдана. Харин үлдсэн 30 хувийг нь гадаад, дотоодын зах зээл дээр хувьцаа болгож арилжаална.50 хувь нь Монголын төрд үлдэнэ.
Одоогоор Тавантолгойн гэрээний төсөл бидэнд ирээгүй байна. Иймээс хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдээлэл авч байна даа. Ямартай ч өөрт олж авсан мэдээллээр бол УИХ-ын 39 дүгээр тогтоолын зарим заалт хэрэгжээгүй бололтой. Тэр дундаа гадны хөрөнгө оруулагч Орос, Хятад, гуравдагч хөрш болох АНУ, Япон, Солонгосын сонирхол бүрэн дүүрэн тусаагүй юм байна. Мэдээж Монгол төрийн эрх ашиг нэгдүгээрт байх ёстой. Үүний дараа Орос, Хятад, АНУ, Япон, Солонгос зэрэг байнга харилцааг, дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Цаашид урт хугацааны стратегийн түншлэгч улс орнуудын эрх ашгийг чоно гүрэн, хонь цатгалан байх зарчмаар хангаж ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй бол аль нэг улсыг сэтгэл дундуур үлдээснээр үндэсний аюулгүй байдал цаашлаад эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл дагуулж болзошгүй юм. Иймээс манай Засгийн газар энэ асуудал анхааралтай байж, тэгш хандах ёстой. Харамсалтай нь, одоогийн мэдээллээр тэгж ажиллаж чадаагүй бололтой. Япон, Солонгос гомдол гаргаад байхыг бодоход.-Тавантолгойн 20 хувийг хувьцаа хэлбэрээр иргэдэд үнэ төлбөргүй олгох нь яагаад буруу гэж байсан. Магадгүй та нөхдийн цаана "999"-ийнхөн байна уу гэх хардлага төрөөд байна?
-Мундаг улстөрч гишүүдийн санаачлаад байгаа Тавантолгойн 10 биш 20 хувийг ард түмэнд үнэ төлбөргүй эзэмшүүлнэ гэсэн хуулийн төслийг би дэмжихгүй байгаа. Учир нь өнөөдөр иргэн бүрт сар болгон 21 мянган төгрөг өгч байна. Таван ам бүлтэй айл 105 мянган төгрөгтэй. Энэ мөнгөөрөө гэдэс цатгалан, мөр бүтэн амьдрахад хүрэлцдэг юм байна. Үүнийгээ дагаад монголчууд ажил хийх сонирхолгүй болж төрөөс өгч байгаа хэдэн цаасаар ходоодоо борлуулчихаад санаа амар суух болж.Монгол Улсын хэмжээнд хөдөлмөрийн насны 1.1 сая орчим хүн байдаг.
Үүнээс ажил хийдэг нь 900 мянга орчим. Цаана нь ажил хийдэггүй хүмүүсийг аваад үзвэл улам л тоо нь нэмэгдэхээс биш ажил хайгчдын тоо өсдөггүй. Гэтэл бид 536 ширхэг хувьцааны нэг ширхэг нь 1000 төгрөгийн үнэтэй гэж үзвэл 536 мянга болно. Дээр нь 20 хувь өгнө гэвэл сая төгрөгийн хувьцаа эзэмших болох нь. Улмаар жилд сая төгрөгийн ногдол ашиг авах нь гэж бодвол дунджаар сар болгон нэг иргэнд 100 мянган төгрөгийн ногдол ашиг нэмэгдэж, таван ам бүлтэй айл 500 мянга төгрөг авна. Ингэхээр тухайн айл 105 мянган төгрөгөөр амьдарч болж байсан юм чинь 200 мянган төгрөгийн орлого нэмэгдэхээр бүр ч санаа нь амарна биз. Төрөөс мөнгө өгөх болохоор зүгээр унтаж хэвтэхээс өөр юм хийхгүй. Үүнийг өөгшүүлэх хэрэгтэй юу, үгүй юү. Өнөөдөр амьдралын төлөө ажил хийж байгаа хүмүүсээ дэмжих бодлого хэрэгтэй болохоос биш залхуу.бэлэнчилсэн нийгмийн халамж хүссэн хүмүүсийг өөгшүүлэх бодлого хэрэггүй. Ингэж өөгшүүлээд байвал Монголд хэн хөдөлмөр хийж, улс орноо хөгжүүлэх юм. ингээд үзэхээр төрийн бодлого зөв үү, буруу юу. Бодох л хэрэгтэй.
-Гэхдээ хувьдаа компанитай нь завших нь. Ингэснээр тэгш бус зарчим алдагдах нь гэсэн асуудал яригддаг шүү дээ?
-Бид аж ахуйн нэгжид зүгээр өгнө гэж хэлээгүй. Нэрлэсэн үнээр нь худалдаална. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувийг үйлдвэрлэж байгаа хувийн хэвшлийнхэн, татвар төлөгчдөө төр дэмжих ёстой. Монгол Улсад татвар төлнө төсвийн орлого тэр хэмжээгээр нэмэгддэг. Тэрхүү төсвийн орлогоор төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэр, хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг зэрэг төрийн бүхий л үйлчилгээг санхүүжүүлдэг. Татвар төлж буй хувийн хэвшлийнхэн бор зүрхээрээ өөрсдийгөө авч явсаар өнөөг хүрсэн. Мөн олон мянган ажлын байрыг ч бий болголоо. Тэгэхээр яагаад нэг удаа тэдэнд "Баярлалаа" гээд нэрлэсэн үнээр нь хувьцаа арилжиж болохгүй гэж.-Гэхдээ компанийн эзэн ч Монгол Улсын иргэн бол 536 ширхэг хувьцаа авна. Дээр нь нэрлэсэн үнээр хичнээн ч хувьцаа авч болно. Тэгэхээр Дорж 536, компанийн эзэн Дондог 5360 хувьцаа эзэмших нь тэгш байх зарчмыг хангана гэж үү?
-Тухайн аж ахуйн нэгж тэр хувьцааг авснаар баяжаад, явуулж байсан үйл ажиллагаагаа хэзээ ч зогсоохгүй. Энэ үүднээс нь татвар төлөгчдөө дэмжиж, урамшуулах зорилгоор оруулсан юм. Гэхдээ ямар ч тохиолдолд үнэгүй өгөхгүй. Улмаар тэднийг дэмжиж арилжсан хувьцааныхаа өртгийг ч тодорхой бүтээн байгуулалтад зарцуулна. Аливаа юм урагшлахад хөрөнгө шаардлагатай биз дээ.-Нөгөөтэйгүүр, аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь чагнан тайлантай, мөн гадаадын хөрөнгө оруулалттай гээд ээдрээтэй асуудлууд нэлээд бий?
-Ингэж мушгиж тайлбарлах хэрэггүй. Үндэсний аж ахуйн нэгждээ өгөх нь зөв. Тогтоолд 2010 оны зургаадугаар сарын 31-нээс өмнө байгуулагдсан татвар төлдөг үндэсний аж ахуйн нэгжид 10 хувийн хувьцааг арилжаална. Үндэсний гэж тодотгосон нь гадны хөрөнгө оруулалт 25 хувиас илүүгүй байх ёстой. Татвар төлөгч гэхээр үйл ажиллагаа явуулж байсан нь тодорхой. Татвар төлдөггүй бол хувьцаа олгохгүй.Нийтлэлч
Л.Нинжсэмжид
Эх сурвалж
Нийгмийн толь
Л.Нинжсэмжид
Эх сурвалж
Нийгмийн толь
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.