С.Бямбацогт: Валютаар үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгодог больё
2009.01.29

С.Бямбацогт: Валютаар үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгодог больё

Парламентын шинэ, залуу түшээгийн нэг, УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.

-Таныг Валютын гүйлгээг зохицуулах хуулийг санаачлан боловсруулж байгаа гэсэн. Хуулийн төслийн гол агуулга юу вэ?

-Тийм ээ, УИХ-ын гишүүн Г.Занданшатар бид хоёр энэ хуулийн төслийг боловсруулж байгаа юм. Хуулийн үзэл баримтлалд гол анхаарлаа хандуулж байна. Өнөөдөр манайд валют зохицуулалт, хяналт шалгалт ердөө алга. Тиймээс орж, гарч байгаа валютын урсгалыг хянадаг, бүртгэдэг болох хэрэгтэй. Мөн хэн дуртай нь валютаар гүйлгээ хийж байгааг журамлах шаардлагатай байна.

Хэн дуртай нь валютын ханшийг тогтоож, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна шүү дээ. Үүнийг тодорхой хэмжээгээр журамлаж, валютаар гүйлгээ хийх тусгай зөвшөөрөл олгодог болъё гэж байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын төсөвт валютаар шимтгэл төлдөг байгууллагуудын нэрсийг гаргаад өгчих хэрэгтэй байна.
Тухайлбал “Эрдэнэт” үйлдвэр, автомашин, нефтийн татварыг валютаар төлдөг болох юм. Ингэхгүй бол валютын нөөц, ханш, урсгалын асуудал хүндрэлтэй болсон. Инфляци буураад бараа бүтээгдэхүүний үнэ буух боломж гараад байтал валютын ханш буурахгүй байгаа нь эргээд өргөн хэрэглээний барааны үнэ өсөхөд хүргэж мэдэхээр болоод байна. Валютын зохицуулалтын асуудал дээр Монгол банк ч гэсэн хуульд өөрчлөлт оруулж байгаа юм билээ.

-Одоогоор хэчнээн компани валютаар гүйлгээ хийж байна вэ?

-Валютаар гүйлгээ хийж байгаа компанийн тоог мэдэхгүй байна. Гэхдээ зарим компаниуд дур зоргоороо худалдаа хийж байна. Үүнийг зогсоож Монгол Улсын нутаг дэвсгэрт төгрөгөөр худалдаа үйлчилгээ явуулах зохицуулалтыг хийх хэрэгтэй.

-Та УИХ-ын гишүүнээр сонгогдоод нэг чуулганыг ардаа орхилоо. Энэ хугацаанд парламентын гал тогоонд хэр чанагдсан бэ?

-УИХ-ын 76 гишүүн гэдэг өөр өөрийн салбартаа мэргэшсэн мундаг боловсон хүчнүүд байдаг юм байна. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэг шиг хууль, тогтоолын төсөл дээр тал талаас нь нухацтай хэлэлцдэг юм байна. Ер нь УИХ-аас гарсан хууль тогтоомж түүхий, цоорхой боллоо гэж шүүмжилдэг. Гэтэл хуулийн боловсруулалтаас энэ нь их шалтгаалж байна.

Хуулийн төслийг яаралтай шийдвэрлэх асуудал орж ирэхэд дутуу дулимаг болох талтай юм. Өнгөрсөн хугацаанд миний тухайд ажилдаа дадлагажих шаардлагатай байлаа. Иймээс ч нэлээд зүйлийг сурч мэрийлээ.

-Шударга бус өрсөлдөөнийг зохицуулах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээр та мөн ажиллаж байгаа. Хуульд ямар өөрчлөлт оруулж байна вэ?

-Зах зээлийн өрсөлдөөн шударга байх хэрэгтэй гэдэг. Шударга бусаар өрсөлдөж монополь, олигополь тогтоосон аж ахуйн нэгжүүд байна. Гол нь үүнийг л арилгаж, хуулийн зохицуулалт хийж өгөх юм.

-Хуулийн зохицуулалт хийлээ ч гэсэн монополь, олигополь тогтоосон аж ахуйн нэгжүүд байр сууриа тавьж өгөх үү?

-Хуульд өөрчлөлт оруулж байж л шударга өрсөлдөөнийг бий болгоно шүү дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.