Ч.Улаан: Автобусны компаниудад нэмж өгөх мөнгө байхгүй
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан
2014.02.19

Ч.Улаан: Автобусны компаниудад нэмж өгөх мөнгө байхгүй

Том оврын автобусны тасалбарын үнийг нэмж, 500 төгрөг болгосон. “Алдагдалтай ажиллаж байгаа тул үнээ нэмэхээс өөр арга алга” гэж Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхны шахалт үзүүлсэн арга тун амархан үр дүнд хүрсэн.

Өдөр тутам автобусаар зорчдог хэд нь “Яахаараа үнээ нэмдэг юм. Үнээ нэмсэн юм бол 500 төгрөгийнхөө тасалбарыг авъя” гэж хэрүүл хийхээс хэтэрсэнгүй.

Харин өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан, цагдаа гээд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчдог 210 мянган хүний 500 төгрөгийг улсаас өгөх, эсэх нь өдгөө асуудал болж байгаа.

Нийслэлийн Тээврийн газраас 500 төгрөгийн тасалбар хэвлэх захиалга өгсөн, шинэ тасалбар энэ сарын 25-наас гарах аж.

Гэхдээ өдий хүртэл нөхөн олговрыг хэрхэх нь тодорхойгүй байгаа учраас тасалбарыг тарааж эхлэх, эсэх нь мөн л тодорхойгүй байна.

Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан, цагдаагийн алба хаагчдын нийтийн тээврээр зорчсоны мөнгө гэж өнгөрсөн жил улсаас 53 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 24 аж ахуйн нэгжид олгосон. Энэ онд ч мөн ийм хэмжээний мөнгө олгохоор төсөвт тусгажээ.

Нөхөн олговрыг нэг хүний 500 төгрөгөөр тооцож, одоогийн 53 тэрбум дээр 15 орчим тэрбум төгрөг нэмж, 68 тэрбум төгрөг улсаас өгөх ёстой

Гэхдээ уг мөнгийг нэг хүний 400 төгрөгөөр тооцсон тул “Нөхөн олговрыг нэг хүний 500 төгрөгөөр тооцож, одоогийн 53 тэрбум дээр 15 орчим тэрбум төгрөг нэмж, 68 тэрбум төгрөг улсаас өгөх ёстой” гэж Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхон “том” дуугарч байгаа.

Харин засаг маань энэ мөнгийг гаргаж дийлэх болов уу. Энэ талаар Сангийн сайд Ч.Улаанаас тодруулахад “Нэг нь мөнгөө нэмээд, нөгөөх нь нэмснийх нь тоогоор өгдөг ёс байхгүй. Манайх шиг автобусаар үнэгүй зорчдог хүмүүсийнхээ тоог бүрэн гаргаагүй байж автобусны компаниудад жил бүр бэлэн мөнгө өгдөг улс байхгүй. Энэ системийг бүхэлд нь боловсронгуй болгохоор ажиллаж байгаа. Энэ жилийн тухайд нэгэнт төсөв баталсан учир мөнгө нэмж өгөх чадал байхгүй” гэсэн юм.