Л.Болд аюулгүй байдлын асуудлаар илтгэлээ
2012.01.13

Л.Болд аюулгүй байдлын асуудлаар илтгэлээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болдын 2012 оны нэгдүгээр сарын 12 –ны өдөр Батлан Хамгаалах Их сургууль дээр Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэг бүхий бүх байгууллагууд, БХИС-ын эрдэмтэн, багш, сонсогч нарт “Аюулгүй байдлын орчны өөрчлөлт, улс орныг батлан хамгаалах стратеги” сэдвээр тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Эрхэм генерал, офицер, ахлагч, сонсогч, оюутан, эрдэмтэн багш нар  аа!
Монгол Улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд гар, сэтгэл нэгдэн зүтгэж байгаа хүндэт зочид оо!

Та бүхэнд Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн 20 жилийн ойн мэндийг дэвшүүль
е!


Хэдхэн хоногийн өмнө дэлхийн долоон тэрбум хүн 2011 оныг үдэж, шинэ онтойгоо золголоо. Улиран одсон 2011 он монголчууд бидний хувьд эх түүхийн олон бахархалт тэгш ойн жил байсан бол дэлхий дахины хувьд үйл явдал урьдчилан таамаглагдашгүйгээр өрнөсөн олон эргэлтийн жил байв. Хаанчлах мэт халаагүй засаглаж байсан Арабын  ертөнцийн удирдагчид суудлаасаа түлхэгдэн бууж, зарим нь шүүхийн хаалга татаж, зарим нь босогчдын гарт амиа алдлаа. Аль-Каидагийн толгойлогчийн олон жил бүгэж байсан газрыг илчлэн устгах тусгай ажиллагаа амжилттай боллоо. Найман жил үргэлжилсэн Иракийн дайн эцэс болсныг албан ёсоор зарлалаа. Гэвч энэ бүхэн дэлхий дахиныг илүү аюулгүй, тогтвортой болгосон уу гэвэл хараахан үгүй. Дурдсан бүс нутагт улс төрийн тогтворгүй байдал, шашин-угсаатны мөргөлдөөн, иргэний дайн самуун үргэлжилсээр байх төлөв хандлага нэгэнт тодорхой боллоо.

1920-оод оны сүүлч, 1930-аад оны эхээр дэлхийн дахиныг хамарсан гэх “Их хямрал”-ыг давтахуйц үзэгдэл 2008 оноос хойш үргэлжилсний хоёрдахь давалгаа 2011 оноос ид өрнөж байна. Гэхдээ наяад жилийн тэртээх их хямрал дэлхий нийтийнх байж чадсан нь юу л бол. Тухайн үеийн ЗХУ л лав өртөөгүй, харин ч хүнд аж үйлдвэр нь улам хөгжөөд байсан гэж бодохоор тэр хямрал барууны капиталист эдийн засгийг голлон хамарчээ. Үүнээс хойш бүс нутгийн хэмжээнд төстэй хямралууд гарч байсан. 1973 онд нефтийн үнээс үүдсэн хямрал их төлөв өндөр хөгжсөн эдийн засгуудыг хамарсан түүхтэй. 1997-1998 оны Зүүн Азийн санхүүгийн хямрал “Азийн бар” гэгдэх, дэлхийн санхүү, хөрөнгийн зах зээлийн тогтолцоонд нэгдэн орсон орнуудад л том цохилт болсон. Хятад улс хүртэл үүнд өртөж хохирсон нь харьцангуй бага. Тэгэх тусмаа манай улс энэ хямралыг тойрч гарсан нь бидний сайных гэхээсээ илүү Монгол Улс дэлхийн эдийн засгийн үйл явцуудад, шуудхан хэлэхэд хөдөлмөрийн хуваарьт нэгдэн орж амжаагүй байсных гэвэл буруудахгүй биз ээ.

Тэгвэл хямралын хоёрдахь давалгаа энэ удаад дэлхийн бүх бүс нутагт, ялангуяа Европт илүү хүчтэй мэдрэгдэж, сүүлийн хориод жилийн турш эрэлхийлсэн, бүтээн босгосон бүхнээ зарим нь эргэн харахад хүргэж байна. Хямралын үр дагавар зөвхөн эдийн засгийн секторыг биш, нийт нийгмийг хамарсан шинжтэй байгаа тул энэ нь аюулгүй байдлын, гэхдээ даяаршсан аюулгүй байдлын асуудлын хэлбэрийг олж байна.  

Энэ үзэгдэл Европ даяар, АНУ-д ч, бусад оронд ч, эсэргүүцлийн хөдөлгөөний галыг ноцоолоо. Ямартаа л “Тайм” сэтгүүл оны онцлох хүнээр хэн нэгэн улс төрчийг бус, нийгмийн зүтгэлтнийг бус, харин “тэмцэгч” хэмээх нийтлэг дүр төрхийг сонгох вэ. Ийнхүү 2011 он бол эсэргүүцэл, тэмцэл гэгч эрх чөлөөгүй, ядуу буурай орны үзэгдэл төдийлэн байхаа нэгэнт больж хөгжингүй ардчилсан орнуудад ийнхүү хальсан он байлаа. Яг үүний адилаар олныг хирдхийлгэсэн террорист халдлага ч Ойрхи Дорнод, Өмнөд Азийн хаа нэгтээ гардаг гэх тогтсон ойлголтыг замхруулан хангалуун Скандинавын цагаан арьст эр эх орон нэгт залуусаа бөөнөөр нь хөнөөлөө. Үер усны гамшиг, осол аюул ч мөн буурай ертөнцийн үзэгдэл мэт төсөөлөгддөг байсан цаг улиран одсоны жишээ бол Японы Фүкүшимагийн осол байв. Турк, Таиланд дахь байгалийн гамшигт үзэгдлүүд хүний аюулгүй байдлын эрсдэлүүд цэрэг-дайны уламжлалт аюул заналаас хэдэнтээ илүү хөнөөлтэйг харуулж өглөө.

Энэ бүхэн 2011 онд олны нүдэнд илт болсон нь үнэн боловч цоо шинэ үзэгдэл бас биш. Дэлхий даяарыг хамарсан аюул эрсдэлийн цоо шинэ хэлбэрүүд буй болж, товчоор хэлбэл, хөгжил дэвшил даяаршихын хэрээр аюул эрсдэл ч даяаршиж эхэлсэн явц сүүлийн хорь гаруй жил үргэлжилжээ. Ялангуяа сүүлийн жилүүдэд аюулгүй байдлын орчны өөрчлөлт асар хурдацтай өрнөж, хэдэн арванаар тоологдох хугацаанд бус, жил, сар, өдрөөр хэмжигдэн тасралтгүй хувирч, тэр хэмжээгээр аюулгүй байдлаа хамгаалах хамтын болон шинэ арга хэрэгслүүдийг улс орнуудаас шаардах болов. Ийм хөдөлгөөнт, хурдасгалт ертөнцөд бид өнөөдөр аж төрж байна. Аюулгүй байдлын орчинг өнөөдөр дан ганц “Хүйтэн дайны дараах ертөнц”-ийн нүдээр харах боломжгүй боллоо. Түүнчлэн “терроризмын эсрэг дайн”, “даяаршил”, эсвэл “ардчиллын давалгаан” гэх хэт хялбаршуулсан, үйл явцын олон талт өрнөлтийн зөвхөн нэг өнцгийг нь барьсан томъёолол ч үеэ өнгөрөөж байна.

1990-ээд оноос хойш дэлхийн шинэ дэг журам тогтох тухай олонтаа ярьсан ч тэрхүү дэг журам нь тогтсонгүй. Хэдийгээр хоёр туйлт ертөнцийг халснаар нэг гүрний улс төр, эдийн засаг, цэрэг, шинжлэх ухаан, технологи, соёлын манлайллаар нөхцөлдсөн нэг туйлт тогтолцоо бүрэлдэж эхэлсэн боловч энэ байдал он удаан жил үргэлжлэх нь эргэлзээтэй боллоо. Олон улсын улс төр, аюулгүй байдал, эдийн засгийн нэг төвөөр тодроод байсан Европын интеграци өнөөдөр оршин тогтнохынхоо магадгүй хамгийн хүнд үеийг туулж байна. Харин хуучин дангаараа нэг туйл нь байсан Зөвлөлт гүрний залгамжлагч ОХУ энэ удаад ганцаараа бус, хурдацтай хөгжиж буй Хятад, Энэтхэг, Бразил, Өмнөд Африкийн хамтаар дэлхийн бодлогын нэгэн шинэ төвийг буй болгохыг эрмэлзэж байна. Энэ нь Америкийн зарим судлаачийн идэвхтэй ярих болсон “Их хоёр” буюу АНУ-Хятад гэсэн шинэ хоёр туйлт ертөнцөөс урьдчилан сэргийлэх, сөргүүлэх бодлого ч байж болох талтай. Ийнхүү нэг талаасаа аюулгүй байдлын нийтлэг сорилтуудтай хамтран тэмцэхэд эерэг үүрэг бүхий бүс нутгийн болон олон улсын байгууллагууд нөгөө талаас томоохон улсуудын бодлогыг хэрэгжүүлэгч хэрэгсэл болж төлөвшиж байна.

Дэлхий нийтийг хамарсан ямар ч донсолгооноос аливаа улс ангид байж чадахгүй нь үнэн. Харин газар зүйн хүчин зүйл бүрмөсөн үгүйсгэгдэхгүй нь бас үнэн. Тиймээс аливаа улсын үндэсний аюулгүй байдлын орчин шууд хаяа нийлэн орших бүс нутаг, хөрш орнууд дахь өрнөлтөөс шууд хамааралтай. Тэгвэл Монгол Улсын эргэн тойрон дахь аюулгүй байдлын орчинд ямар өөрчлөлт гарч байна вэ?

Монгол Улс нэг талаасаа геополитикийн асар таатай нөхцөлд оршин тогтнож буй. Стратегийн түншлэлийн харилцаатай найрамдалт хоёр хөршөөр хүрээлэгдсэн энэхүү байдал бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд шууд заналхийлэх аливаа аюулыг магадлалын түвшинд бүрэн үгүйсгэж болохуйц нөхцөл мөн. Үүн дээр хоёр хөршийн тогтвортой, хүчтэй төр засагтай тогтолцоо нь дэлхий дахиныг хамарсан уламжлалт бус зарим аюул занал, тухайлбал, олон улсын терроризм, мөн бусад бүс нутагт гарсаар буй иргэний дайн самуун, зэвсэгт бүлэглэлүүдийн үйл ажиллагаа манай хил хязгаарыг даван нэвтрэх бололцоог тодорхой хэмжээнд хааж байна. Гадаад аюулгүй байдлын харьцангуй таатай ийм орчинд оршин тогтнож байгаа улс тийм ч олон бус. Гэвч энэ нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын гадаад орчин аливаа эрсдлээс бүрэн хамгаалагдсан байна гэж тайвшрах үндэс болох учиргүй.

ОХУ-ын дотоод улс төрийн олон жилийн харьцангуй тогтвортой байдалд ан цав гарч болзошгүй эхний үзэгдлүүд гарч эхэллээ. Сүүлийн арав гаруй жил манай хойд хөршийн тогтвортой хөгжлийг залуурдаж ирсэн Нэгдсэн Орос нам Төрийн Думын сонгуульд ялалт байгуулсан ч үнэмлэхүй олон суудал авч чадаагүйн дээр сонгуулийн дүнг эсэргүүцсэн сөрөг хүчний болон иргэний нийгмийн үйл ажиллагаа идэвхжлээ. Ерөнхий сайд В.Путин төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөн ялалт байгуулах нь тодорхой гэж хэлж болох ч энэ алхамд нь дургүйцэгсдийн эгнээ нэмэгдэх төлөвтэй байна. Зөвхөн улс төрийн хүрээнд болж байгаа эдгээр үйл явдал нь Оросын төр, нийгмийг бүхэлд нь тогтворгүйжүүлэх хэмжээнд хүрэхгүй хэдий ч тус улсын эдийн засгийн өсөлтийг сааруулах, холбооны болон муж, хязгаар, бүгд найрамдах улсын хэмжээнд тавих төрийн хяналтыг сулруулж, зохион байгуулалттай бүлэглэлүүд, хэт даврагчдын ажиллагааг идэвхжүүлэх далим болохыг үгүйсгэх аргагүй.

ОХУ-ын хүн ам зүйн төлөв байдал ч тус улсын хувьд аюулгүй байдлын нэгэн шинэ сорилт бэрхшээл болж байна. 1991 онд ЗХУ задрахад ОХУ 147 сая хүн амтай үлдсэн бол өнгөрсөн хорин жилийн турш энэ тоо багаар бодоход 8 саяар буурчээ. Хүн амын бодит болон механик цөөрөлт аль аль нь ороод тэр. Ялангуяа орос үндэстний эзлэх хувийн жин бусад үндэстэн угсаатантай харьцуулахад буурсаар байгаа нь анхаарал татаж байна. Манай улстай ойр зэргэлдээ Өмнөд Сибирь, Алс Дорнодын муж, хязгаар, бүгд найрамдах улсуудад хүн ам зүйн эмзэг байдал бүр ч хурцаар мэдрэгдэж байна. Оросын иргэдийн тоо буурахын хамт цагаач хятадуудын тоо үлэмж хэмжээгээр нэмэгдсээр байгаа нь наанадаж үндэстэн хоорондын харилцаа, цаашилбал эдийн засгийн аюулгүй байдал, бүр хамгийн муу хувилбараар тооцвол улс төрийн тогтворгүй байдалд хүргэж болохуйц үзэгдэл гэж судлаачид үзэж байна.

Гэвч ерөнхий утгаараа макро эдийн засгийн өсөлт, ялангуяа дэлхийн зах зээл дэх түүхий эдийн эрэлт нэмэгдэж байгаагаас шууд хамааран ОХУ-ын олон улсын тавцан дахь байр суурь, энгийн үгээр хэлбэл өөртөө итгэлтэй байдал өсч байна. Ийм хоёрдмол нөхцөлд тус улс аюулгүй байдлын, ялангуяа цэргийн номлолоо шинээр томъёолж, тодорхой асуудлаар өмнөх үеийнхээс илүү хатуу байр суурь баримтлахаа илэн далангүй мэдэгдсэн. Тухайлбал, 2010 онд батлагдсан цэргийн номлолдоо “ОХУ-д учирч болох гадаад аюул” хэмээн 11 зүйлийг тодорхойлсны дотор “стратегийн тогтвортой байдлыг алдагдуулах зорилгоор бусад бүс нутагт нөхцөл байдлыг тогтворгүйжүүлэхийг оролдох”, “ОХУ болон түүний холбоотнуудын хил залгаа улсуудад гадаадын цэргийн хүч байрлуулах”, “тэдгээрийн нутаг дэвсгэрт НҮБ-ын дүрэм, олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчин цэргийн ажиллагаа явуулах” гэхчлэн дурджээ. Энд би ОХУ-ын цэргийн шинэ номлолын тухай ярих зорилго агуулаагүй учир ийнхүү товчилъё. Эндээс ОХУ өөрийн стратегийн амин чухал орон зайг хэрхэн ойлгож байгаа нь харагдаж байна. Эмзэг байдал нь нэмэгдэхийн хэрээр байр суурь нь илүү хатуу чанд болж байгаа хойд хөршийн тухайд ийм байна.      

Тэгвэл манай өмнөд хөрш БНХАУ-ын хувьд, 2012 онд улс төрийн дээд удирдлага шинэчлэгдэж тав дахь үеийн удирдагчид тус улсын эрх баригч нам, улмаар төр, засгийн жолоодлогыг авна. Манай өмнөд хөршийн дотоод улс төрийн байдал ерөнхийдөө тогтвортой байгаа боловч уламжлалт бус аюулын хэлбэрүүд хамгийн их дэгдэх магадлалтай төдийгүй хандлагатай оронд тооцогдох болов.

Хүн амын хэт өсөлтийг тогтоон барих зорилгоор одоогоос гучин жилийн өмнө дэвшүүлсэн айл өрх бүрийн хүүхдийн тоог нэгээр хязгаарлах бодлого үр дүнгээ өгсөнгүй, өнөөдөр эргэн харахад хүргэж байна. Үр дүнгүйгээр зогсохгүй хүн ам зүйн сөрөг үр дагавар авчирч, нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудал үүсгээд байна. Эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцаа их хэмжээгээр алдагдсан байна. Алслагдсан муж, гацаануудад ажиллах хүчний хомсдол үүсчээ. Хүн амын орлого, амьжиргааны түвшингийн ялгаа эрс ихэссэн байна. Хар тамхи, мансууруулах бодисын наймаа, хүний болон эд эрхтний наймааны гэмт хэргийн сүлжээг таслан зогсооход ихээхэн бэрхшээл тулгарч байгаа төдийгүй эдгээр нь хил хязгаар давж олон улсын шинжтэй болж өргөжиж байна. Шударга бус байдал, ялангуяа  албан тушаалтнуудын авилгын гэмт хэргийг бууруулахад төрийн хатуу хууль цааз ч төдийлэн үйлчлэхгүй байна.

Энэ мэт олон шалтгаан нийгэм дэх далд бухимдлыг ил гаргах болжээ. Муж, өөртөө засах орон, гацаа, суурингийн  түвшинд орон нутгийн эрх баригчдын эсрэг ард иргэдийн эсэргүүцэл тэмцлийн давтамж, хамрах хүрээ өмнөхөөсөө ихэссэн нь үүнийг гэрчилнэ. Үндэстэн угсаатны хоорондын харилцаа ч хэвийн гэж томъёолж болохооргүй нөхцөл үргэлжилж байна.

БНХАУ дэлхийн эдийн засгийн хямралын хоёр ч давалгааг харьцангуй хохирол багатай давж, тэр бүү хэл АНУ, Европын Холбооны гадаад өрийн дийлэнхийг эзэмших болов. Дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр БНХАУ хямд активуудыг ихээр хуримтлуулж чадсан нь тэдгээр актив байршиж буй улсуудын бодлогод нөлөөлөх хөшүүрэг болж байна. Энэ бүхэн нь өнгөц харахад амжилт мэт боловч араасаа эрсдэл дагуулж болзошгүй байна. Азийн хөгжлийн банкны шинжээчдийн 2011 оны 12 дугаар сард хийсэн нэгэн хувилбарт судалгаагаар Евро бүсийн хямрал Зүүн Азийн хөгжингүй эдийн засгуудад халдварлах магадлал бий аж. Хэрэвзээ үйл явдал цааш ийм хувилбараар өрнөвөл ХХ зуун шувтрах үед тохиосон Зүүн Азийн их хямрал давтагдах, түүнд нь манай өмнөд хөрш хамгийн түрүүнд, бас хамгийн ихээр өртөж ч болзошгүй нөхцөл үүсээд байна. Ийм эргэлт манайд хэрхэн нөлөөлж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын гадаад, дотоод орчинд ямар эрсдэл үүсч болохыг амархан төсөөлж болохоор байна.

БНХАУ-ын аюулгүй байдлын ерөнхий зураглалын хувьд мөн л ОХУ-ынхтай төстэй зарим шинж ажиглагдаж байна. Мөн л эмзэг байдал нэмэгдэхийн сацуу гадаад байр суурь, эдийн засгийн болон цэргийн хүчин чадал нь нэмэгдэж, тэр хэмжээгээр олон улсын тавцанд илүү хатуу бодлого баримтлах төлөвтэй. Үүний нэг жишээ бол сүүлийн жилүүдэд тасралтгүй бэхжүүлэн зузаатгасан Ардын Чөлөөлөх Армийн тэнгисийн цэргийн хүчнээ байлдааны бэлэн байдалд байгааг өнгөрөгч оны сүүлчээр зарласан явдал юм. Энэ бол Хятад улс Номхон далайн аль  нэгтээ байлдааны ажиллагаа явуулахад бэлэн болсны дохио хараахан биш. Нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаа шууд цэргийн хүчээр шийдэх гэсэн хэрэг ч биш. Харин Зүүн Азийн, түүний дотор өөрийнх нь улсын эдийн засгийг тэтгэгч газрын тосны нийлүүлэлтийг хангах далайн тээврийн замын аюулгүй байдлыг Хятад улс цэргийн хүчээр сахиж чадна гэсэн дохио гэж үзэж болно. Өнөөдөр энэ үүргийг гүйцэтгэж байгаа АНУ-ын тэнгисийн цэргийн хүчийг орлож чадахаа, шуудхан хэлбэл, Азийн далайн тэнгисийн бүст Хятад улс АНУ-гүйгээр хяналтаа тогтоох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн хэрэг байв. Цаашилбал Азийн эх газарт ч АНУ-ын оролцоо хэрэггүй гэсэн дохио гэж ойлгож болох болов уу.   

Манай улстай хаяа нийлэх Зүүн хойд Ази бол аюулгүй байдлын орчны өөрчлөлт нь эдийн засгийн нөхцөл байдлаар хэмжигдэхээс гадна уламжлалт аюул заналын хүчин зүйлс ч бүрэн хэмжээгээр хэвээр хадгалагдан үлдсэн бүс нутаг юм. Монгол Улсаас бусад бүх улс хоорондоо нутаг дэвсгэрийн шийдэгдээгүй маргаантай, цэрэгжсэн, зэвсэглэсэн, үзэл суртал, улс төрийн дэглэм, эдийн засгийн хэв шинжийн эрс зааг ялгаа хэвээр хадгалагдсан, үйл олноор хөнөөх зэвсэг төвлөрсөн, товчхондоо “Хүйтэн дайн” дуусаагүй бүс нутгийн хаяаг манай улс дэрлэн оршдог. Энэхүү “Хүйтэн дайн”-ы голомт болсон Солонгосын хойгийн нөхцөл байдал ч өөрчлөлт, хөдөлгөөнд орж эхэллээ. Цаашид үйл явдал хэрхэн өрнөх нь өөр өөрөөсөө хамааралтай олон хүчин зүйлээс шалтгаалах болно. Тухайлбал, Умард Солонгосын шинэ удирдагчийн байр суурь хэр бат бэх байх бол? Түүнтэй засгийн бодит эрх мэдлийг хуваалцахаар болоод буй цэргийн дээд командлал, намын төв аппарат төдийгүй аюулаас хамгаалах байгууллагын удирдлага нэгдэн нягтрах уу, эсвэл далдуур өрсөлдөх үү? Тэдгээрийн  тунхагийн биш, бодит хүч, эрх мэдэл хэр байгаа вэ? Гадны улсуудын, ялангуяа БНХАУ-ын шууд нөлөө, оролцоо хэдий хэмжээнд байх бол? Эдгээрийн хариу ямар байхаас шалтгаалж Солонгосын хойг дахь статус кво өөрчлөгдөх эсэх нь хамаарна. Тэгвэл энэ бүхэн өнөөдөр оньсого төдий байна. Дээрээс нь энэ бүхэнд Зүүн Азийн эдийн засгийн байдал шууд нөлөөлөх болно. Үйл явцын сөрөг эргэлт хамгийн багаар бодоход бүс нутгийн хэмжээнд хүмүүнлэгийн хямралд хүргэж болзошгүй ба энэ нь манай улсад шууд биш гэхэд дам нөлөөлөх бүрэн боломжтой.

Ази, Номхон далайн бүс нутгийн стратегийн ач холбогдол, басхүү аюулгүй байдлын эрсдэлүүдийг дэлхийн том гүрнүүд хүлээн зөвшөөрч, харгалзан үзэж, төрийн бодлогодоо тусгаж байна. Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч Б.Обама өөрийн биеэр Пентагонд хүрэлцэн очиж Батлан хамгаалахын сайд Л.Панеттагийн хамт батлан хамгаалах шинэ стратегиа танилцуулсан нь үүний нэг илрэл болов. Манай бүс нутаг АНУ-ын хувьд улс төр, эдийн засгийн төдийгүй цэрэг-стратегийн чухал ач холбогдолтой болохын хувьд цэргийн оролцоогоо бууруулах бус, хэвээр байлгах, цаашид нэмэгдүүлэх чиглэлээ тодорхойллоо. Энэ нь дээр дурдсан Орос, Хятадын шинэчлэгдсэн бодлого, номлолтой зөрчилдөж байгаа нь илт. Нэг үгээр хэлбэл, Ази, Номхон далайн бүс нутаг дахь их гүрнүүдийн геополитик, геостратеги, гео-эдийн засгийн өрсөлдөөн ид өрнөх төлөв хандлага илэрч байна.

Манай улсын аюулгүй байдлын гадаад орчинд нөлөөлөх зэргэлдээх бас нэгэн бүс нутаг бол Төв Ази. Энэ бүс нутгийн нөхцөл байдал мөн тогтвортой гэж баттай хэлэхийн аргагүй болж байна. Хамгийн тогтвортой, эдийн засгийн хөгжлөөр бусдаасаа тасарсан гэгдэх Казахстан улсад хүртэл дотоодын үймээн самуун дэгдсэн нь Арабын ертөнцийн нөлөө юу, өөр хүчин зүйлээс хамааралтай юу гэдгийг тааварлах оролдлогыг олон судлаач хийж байна. Бидний хувьд учир шалтгаан нь гэхээсээ илүү үйл явдлын цаашдын өрнөлт илүү чухал. Исламын ертөнцийн хэт даврагч үзэлтнүүдийн нөлөө энэ бүс нутагт хэр хүчтэй тусах, тэр нь манай улсад шууд болон дам нөлөөлөх эсэх асуудал бидний байнгын анхаарлын төвд, төрийн хараанд байх ёстой.

Төв Азид аюулгүй байдлыг сахих үүрэгтэй бүс нутгийн чанартай хэд хэдэн ч байгууллага бий. Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага, ялангуяа түүний терроризмтой тэмцэх төвийн үйл ажиллагааны эрч ялимгүй саарч байгааг ч анхаарууштай. ЗХУ-ын буурин дээр бий болсон Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл бэхжиж, байр сууриа бататгаж чадалгүй 20 жилийг туулж байгаа бол түүний хүрээн дэх Хамтын Аюулгүй Байдлын Байгууллага олон улсын тогтолцоо гэхээсээ илүү тус бүс нутаг дахь Оросын аюулгүй байдлын “шүхэр”-ийн үүргийг гүйцэтгэх болов. Оны өмнөхөн ОХУ-ын Засгийн газрын даргын санаачлан зарласан Евразийн Холбооны төсөл нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улсуудыг эдийн засгийн интеграцийн аргаар ойртуулан нягтруулах төлөвлөгөө гэж олонх судлаач үзэж байна.  

Ийнхүү манай улсыг тойрсон бүс нутаг улам бүр их гүрнүүдийн өрсөлдөөний талбар болох төлөвтэй байна. Монгол Улсын хувьд ч эдийн засгийн өсөлтийн өндөр үзүүлэлтийг харуулахын хэрээр дэлхий нийтийн, ялангуяа их гүрнүүд, тэдгээрийн томоохон аж ахуйн нэгжүүдийн анхаарлыг татах болов. Хөрш орнуудын анхааралд хэт их өртөөгүй, олон улсын тавцанд манёврлах бололцоо харьцангуй илүү, тэр чинээгээрээ харьцангуй таатай цаг үе аажмаар улиран одож байгааг бид бүгд анхааралдаа авах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн эрдэс баялгийн салбараас хэт хараат болж байгаа, төсвийн орлогын 70 хувь нь уул уурхайн салбарын буюу тодруулбал нүүрсний экспортын орлогоос бүрдэж байгаа зэргийг тооцвол, дэлхийн эдийн засагт савлагаа үүссэн нөхцөлд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөх хэмжээнд хүрэхээр байна. Нэгэнт Монгол Улс дэлхийн хөрөнгө, санхүүгийн зах зээл дээр өөрийн гэсэн оролцоо бүхий тоглогч болсон тул дэлхийн эдийн засгийн аливаа хямрал, хувиралт манайд зөвхөн эдийн засгийн асуудал бус, үндэсний аюулгүй байдлын асуудал болж хувирч байна. Үүссэн нөхцөл байдалд ч мөн адил цэвэр эдийн засгийн тооцоогоор бус, аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс хандаж, шийдвэр гаргах шаардлага та бидний өмнө тавигдаж байна.     

Биднийг дүн шинжилгээ хийж гүйцэхгүй шахам байхад ийнхүү хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй дэлхий дахин, бүс нутгийн аюулгүй байдлын орчинд Монгол Улс аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ?

2010 онд шинэчлэн баталсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон Гадаад бодлогын үзэл баримтлалд шинэ нөхцөлд аюулгүй байдлаа хангах зарчмуудыг суурилуулан хуульчилсан юм. Эдгээр нь дотооддоо үндэсний эв нэгдэл, эх оронч үзлийг дээдлэн, ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх, гадаад бодлогын хүрээнд энхийг эрхэмлэх, олон улсын аюулгүй, тогтвортой байдалд өөрийн хувь нэмрээ оруулах улс төр-дипломатын арга юм. Бодлогын дээрх баримт бичгүүд одоогоос яг хорин жилийн өмнө батлагдсан Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн үзэл санаанд тулгуурласан, түүнийг хэрэгжүүлэх арга зам, стратегийг тодорхойлсон болохыг өнөөдөр, ардчилсан Монгол төрийн түүхэн тэмдэглэлт их баярын ойн босгон дээр зориуд онцлон тэмдэглэхэд нэн таатай байна. Төслийн хэмжээнд боловсруулагдаад буй Төрийн батлан хамгаалах бодлогын суурь зарчмууд ч үүнд тулгуурлаж байна.

Үндэсний аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалд Монгол Улсын аюулгүй байдал нь “оршин тогтнохуйн аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, дотоод аюулгүй байдал, хүний аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал харилцан уялдаатай хангагдсанаар баталгаажих”-ыг заажээ. Үүгээрээ Монгол Улс аюулгүй байдлаа цэрэг-улс төрийн хүрээнд, илүү явцуу тодорхойлсон орнуудын эгнээнд бус, цогц байдлаар томъёолсон улсуудын тоонд багтаж байна. Өөрөөр хэлбэл, бидний ойлгож байгаагаар үндэсний аюулгүй байдал бол зөвхөн Монгол Улсын, Монголын төрийн оршин тогтнохын асуудал бус, монголын нийгэм, иргэдийн, монгол хүн бүрийн аюулгүй байдал мөн. Иймээс аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагаа, түүн дотор улс орныг батлан хамгаалах стратеги нь зөвхөн төрийг хамгаалахад бус, иргэдийн эрх, эрх чөлөө, хүний аюулгүй байдлыг хангахад чиглэгдэх учиртай болж байна.

Хамгийн явцуу, зааглалтай тодорхойлогддог оршин тогтнохын аюулгүй байдал ч өөрөө шинэ үзэл баримтлалын дагуу цогц байдлаар томъёологджээ. Уламжлалт дөрвөн бүрэлдэхүүн хэсэг буюу тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдлаас гадна монгол соёл, иргэншлийн болон хүн ам, удмын сангийн аюулгүй байдлыг хамаатуулан тооцжээ. Үүгээрээ монгол төрийн олон мянганаар тоологдох уламжлалыг хадгалж, монгол үндэсний оюун санааны дархлааг хойч үедээ өвлүүлэх та бидний эрхэм үүргийг үндэсний аюулгүй байдлын үүднээс хуульчилсан хэрэг гэж үзэж байна.    

Мөн “Монгол Улсын иргэн бүрийн үндэсний үнэт зүйлээрээ бахархагч, тэдгээрийг хайрлан хамгаалагч, тээн хөгжүүлэгч байх эх оронч үндэсний үзэл, улс, үндэснийхээ ирээдүйн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахыг эрмэлзсэн идэвхтэй үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны эх үндэс болно” хэмээн заасан нь төр, иргэд, аюулгүй байдлын салбарынхан, түүний дотор батлан хамгаалах салбарын үйл ажиллагааны стратегид шууд хамаатай биз ээ.  

Тус баримт бичигт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах үндсэн арга нь улс төр-дипломатын үйл ажиллагаа бөгөөд энэ хүрээнд “олон тулгуурт гадаад бодлогын зарчмыг эрхэмлэж, дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай идэвхтэй харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, энхийг эрхэмлэсэн гадаад бодлогоо тууштай баримталж, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжинэ”, “Ази, Номхон далайн бүс нутаг, Зүүн Ази, түүний дотор Зүүн хойд Азид стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааны механизм бий болгоход чиглэсэн бүс нутгийн орнуудын бодлого, үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж оролцоно” хэмээн заасан нь батлан хамгаалах салбарын сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлсэн идэвхтэй алхам, санал, санаачилгууд, тухайлбал, олон улсын харилцагч, түнш орнуудын тоог нэмэгдүүлж, тэдэнтэй харилцах цар хүрээ, харилцааны төрөл, арга хэлбэрийг өргөжүүлэх бодлого, үйл ажиллагааг төрийн эрх барих дээд байгууллагын зүгээс хуульчлан баталгаажуулсан хэрэг болов.

Үзэл баримтлалд “даяаршил улс үндэстний бусдаас хамаарах эмзэг байдлыг нэмэгдүүлж, нөгөө талаас гадаад нөөц боломжийг ашиглан үндэсний ашиг сонирхлоо хамгаалж бататгах боломж олгож байгаа” талаар тодорхой, нэн оновчтой тусгажээ. Үнэхээр ч дэлхийн олон улс орон ийм нөхцөлд аюулгүй байдлаа хангах шинэ арга хэлбэрүүдийг эрэлхийлж, олон улсын хамтын ажиллагаа, яриа хэлэлцээний арга, мөн “зөөлөн хүч”-ний стратегийг хэрэгжүүлэх болжээ.  

Бүс нутаг болон дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдлыг эрхэмлэж, тэнцвэртэй харилцах, бүс нутаг дахь цэргийн итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээ, санал, санаачилгад идэвхтэй оролцох нь Монгол Улсын гадаад нэр хүндийг өсгөх “зөөлөн хүч”-ний бодлогын хэрэгжилт байгаад зогсохгүй мөн үзэл баримтлалд зааснаар үндэсний аюулгүй байдлаа хангах, тусгаар тогтнолоо хамгаалах үндсэн арга хэрэгсэл болж байна. Ийм учраас Монгол Улсын БХЯ-ны удирдлагын зүгээс бүс нутгийн аюулгүй байдлын яриа хэлэлцээний механизмуудад оролцохыг онцгойлон чухалчилж, Сингапурт жил бүр зохион байгуулагддаг “Шангри-Ла” Азийн аюулгүй байдлын бага хурал, Ази Номхон далайн орнуудын батлан хамгаалахын сайд нарын уулзалт, Канадын Халифакс болон Германы Мюнхен хотноо жил тутам чуулдаг олон улсын аюулгүй байдлын бага хурлуудад тогтмол хамрагдаж, Монгол Улсын гадаад бодлогыг сурталчлан таниулах, шинэ санал, санаачилга дэвшүүлэх, мэдээлэл сонсгол хийх зэргээр идэвхтэй оролцож ирлээ.        

Мөн үзэл баримтлалын “хөрш хоёр орон, АНУ, НАТО-гийн гишүүн орнууд, Европын Холбоо, Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлж, олон улсын энхийг дэмжих үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно” гэсэн заалтын дагуу тус салбар ОХУ, БНХАУ, АНУ, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Энэтхэг, Турк, Франц, Япон зэрэг 30 шахам оронтой цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж ирлээ. Үүний зэрэгцээ дэлхий дахины аюулгүй, тогтвортой байдлыг хангахад НАТО-гийн гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж байгааг харгалзан тус байгууллагатай тогтоосон хамтын ажиллагааг өргөжүүлэх, “Дэлхий дахины түншлэл” хөтөлбөрт “харилцагч орон”-ны статустай болох талаарх ҮАБЗ-ийн зөвлөмжийг удирдлага болгон харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх, холбогдох бусад гэрээ хэлэлцээрийг байгуулахад анхаарч ажиллаж байна. 2010 онд ХБНГУ-ын Берлин хотноо болсон олон улсын хурлаар НАТО-гийн түншлэлийн бодлогод өөрчлөлт орж, шинэ баримт бичиг баталснаар Монгол Улс түншлэлийн шинэ бодлогын дагуу НАТО-той тусгай хөтөлбөрийн хүрээнд анх түрүүн хамтран ажиллах бололцоо нээгдсэн юм.

Үүнд нэг зүйлийг зориуд онцлон тэмдэглэхэд НАТО-гийн харилцагч, түнш орны статус нь газар зүйн хувьд Умард Атлантын бүс нутгаар хязгаарлагдсан цэрэг-улс төрийн уг эвслийн жинхэнэ гишүүнчлэлтэй ямар ч холбоогүй бөгөөд улс төрийн хувьд ч, гадаад бодлогын хувьд ч, батлан хамгаалах, ер нь өргөн утгаараа аюулгүй байдлын бодлогын хувьд ч НАТО-гийн гишүүнийх шиг үүрэг хариуцлага хүлээхгүй тусдаа бүтцэд хамаарах юм. Монгол Улс цэрэг-улс төрийн шинжтэй ямар нэгэн эвсэлд нэгдэхгүй гэсэн зарчмын байр суурь, үзэл баримтлал хэлбэрэлтгүй  үйлчилж байгаа. Иймээс Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд тусгалаа олсон хоёр хөрштэй харилцах харилцааг тэргүүлэх чиглэлээ болгосон, эвсэлд үл нэгдэх, олон тулгуурт, нээлттэй гадаад бодлогын суурь зарчимтай НАТО-той тогтоож буй түншлэлийн харилцаа огтхон ч харшлахгүй. Харин ч энэ бодлогыг хэрэгжүүлэх нэгэн чухал арга зам болно. Энэ талаар та бид дотооддоо ойлголтоо нэг мөр болгох хэрэгтэй, та бид хамтран хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ард иргэддээ нэгдсэн ойлголт өгөх нь нэн чухал. Улмаар гадаад ертөнцөд, ялангуяа хөрш орнууддаа, тэдгээрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ийм зөв ойлголтыг өгч аливаа эргэлзээг арилгах ёстой юм.            

Аюулгүй байдлаа улс төр-дипломатын аргаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд томоохон дэмжлэг болж буй улс орныг батлан хамгаалах асуудлын нэг чухал чиглэл бол олон улсын энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх бодлого, үйл ажиллагаа юм. Монголын цэргийн ажиглагчид, цэргийн багууд, цэргийн эмч, сувилагч нар НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд 2002 оноос хойш тасралтгүй оролцож ирлээ. Дэлхийн хаана тогтворгүй, халуун цэг гэгдэж байна, хаана шинэ тулгар тусгаар улс бий болж байна, хаана ямар улс ардчилсан засаглалд шилжих шилжилтийн зовиуртай үеэ туулж байна, тэр газар бүхэнд Монгол цэрэг очиж, энгийн номхон ард иргэдэд аюулгүй байдлын баталгаа нь болж, амгалан тайван амьдралаа бүтээн босгоход нь тусламжийн гараа сунгаж байна.

Энэ нь нэг талаасаа Монгол Улсдаа “энхийн дивиденд” хэмээх нэр хүнд, байр суурийн баталгааг авчрах замаар улсынхаа тусгаар тогтнолыг бататган хамгаалж буй эрхэм үйлс билээ. Нөгөө талаас манай Зэвсэгт хүчний бэлэн байдал, мэргэжлийн ур чадварыг олон улсад таниулж буй хэрэг мөн. Түүгээр зогсохгүй оператив, тактикийн түвшинд олон улсын энхийг дэмжих ажиллагаанд манай цэргийн албан хаагчид оролцож байгаа нь байлдааны ажиллагааны туршлага хуримтлуулах, бие бүрэлдэхүүнийг сэтгэл зүйн болон ажиллагааны хувьд бэлтгэх, хат суулгах, болзошгүй аюулын үед бусад улсын цэргийн албан хаагчидтай сэтгэлгээний, арга барилын элдэв зөрүүгүй хамтран, харилцан ажиллах чадавхийг цогцлуулж байгаагаараа Монгол Улсын Зэвсэгт хүчний эх орноо хамгаалах үндсэн үүргээ биелүүлэх бэлэн байдалд юу юунаас илүү эерэг нөлөөлж байна гэж үзвэл зохино. Энэ үйл хэрэгт Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчидтай мөр зэрэгцэн үүргээ гүйцэтгэсэн хил хамгаалах байгууллага, тагнуулын байгууллага, цагдаагийн байгууллага, дотоодын цэргийн албан хаагчдад, тэдний удирдлагад Батлан хамгаалахын сайдын хувьд талархал илэрхийлж амжилт хүсье.          

Болзошгүй аюул болон эрсдэлийн хүчин зүйлийн тухай энд дахин зориуд онцлон тэмдэглэхийг хүсч байна. Манай улсын оршин тогтнож байгаа геополитикийн, гадаад аюулгүй байдлын орчинд дүн шинжилгээ хийцгээе. Хөрш орнуудын зүгээс Монгол Улсын тусгаар тогтнолд шууд заналхийлэх цэргийн аюул магадлалын хувьд байхгүй гэж үзэж болно. Тэдгээрийн нутаг дэвсгэрээр дамжин гуравдагч орны зүгээс заналхийлэх магадлалыг мөн үгүйсгэж болно. Харин бүс нутгийн аюулгүй байдлын орчинд таагүй өөрчлөлт гарах, эдийн засаг, хүмүүнлэгийн хямрал нүүрлэх, улмаар хөрш орнуудын дотоод улс төрийн нөхцөл байдал хурцдах, үндэсний эв нэгдэл, нэгдмэл байдалд нь заналхийлэх хүчин зүйлс үүсэх магадлал ойрын болон дунд хугацаанд их биш ч үгүйсгэж болохгүй хэмжээнд байна.

Үйл явцын ийм таагүй өрнөлтийн үед зэвсэгт бүлэглэлүүд, салан тусгаарлагчид, олон улсын террористууд, үндэстэн дамнасан гэмт хэргийн бүлэглэлүүдийн зохион байгуулалттай болон зохион байгуулалтгүй үйл ажиллагаа идэвхжинэ. Тэдний зүгээс Монгол Улсын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх, хил хязгаарын халдашгүй дархан байдалд заналхийлэх, дүрвэгсэд болон хүн амын бусад урсгалын хөлд нэрвэгдэх зэрэг эрсдлийн хүчин зүйл гарч болохыг үгүйсгэх аргагүй.

Чухам ийм төрлийн болзошгүй аюулаас эх орноо хамгаалах үндсэн үүргийг Монгол Улсын Зэвсэгт хүчин, хил хамгаалах алба, дотоодын цэрэг, тусгай албад, цагдаа, онцгой байдлын ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хүлээж байгаа юм. Чухам ийм төрлийн болзошгүй аюулаас эх орноо хамгаалахад шаардагдах бэлэн байдал, мэргэжлийн ур чадварыг энхийг дэмжих ажиллагаанаас та бидний төлөөлж буй байгууллагуудын албан хаагчид олж авч байгаа нь Монгол Улсынхаа аюулгүй байдлыг хангах үйлсэд нэмэрлэж байгаа юугаар ч орлуулшгүй хөрөнгө оруулалт мөн. Энэ өнцгөөс харахад олон улсын энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчин, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын тангараг өргөсөн албан хаагчдын оролцоог нэмэгдүүлэх чиглэлд баримталж буй улс орноо батлан хамгаалах стратеги, аюулгүй байдлын салбарын шинэчлэл, Зэвсэгт хүчин, төрийн тусгай албадын бэлэн байдал хоёрын шууд хамаарал хэнд ч ойлгомжтой харагдах болно.

Олон улсын энх тайван, тогтвортой байдалд Монгол Улсын оруулж буй нэгэн дорвитой хувь нэмэр бол өөрийн нутаг дэвсгэр дээр жил тутам 5-6 НҮБ-ын болон олон улсын сургалт дамжаа, “Khan quest”, “Сэлэнгэ”, “Нүүдэлчин заан” зэрэг олон улсын хэмжээний 2-3 хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах боломжийг бүрдүүлж чадсан явдал юм. Энэ бол салбарын шинэчлэлийн бодлого амжилттай хэрэгжиж байгаагийн бодитой үр дүн төдийгүй өөрийн орны нутаг дэвсгэрийг дайн, цэргийн үйл ажиллагааны зориулалтаар бус, энх тайвны үйл хэрэгт зориулан ашиглаж байгаагаараа манай гадаад бодлогод үзүүлж буй нэгэн том дэмжлэг гэж үзэж болно.

Эдгээр хамтарсан сургууль, дадлагад энд хүрэлцэн ирсэн байгууллагуудын албан хаагчид цаашид өргөнөөр хамрагдаж, команд-штабын болон хээрийн сургуулийн түвшинд оролцоогоо нэмэгдүүлэх нь тэдний мэргэжлийн ур чадвар, олон талт үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг нь дээшлүүлэх ач холбогдолтой. БХЯ, Зэвсэгт хүчний зүгээс ийм бололцоог нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах, бусад байгууллагын зүгээс идэвх санаачилгатай оролцож хамтын ажиллагаагаа шат ахиулахыг Та бүхэнд уриалж байна.

Олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэхдээ уламжлалт бус аюулын хүчин зүйлсийг ч анхаарлын гадна орхиж болохгүй. Үндэстэн дамнасан, хил хязгаарыг үл хэрэгсэн туулах аюул эрсдэлийн хэлбэрүүд хүний үйл ажиллагаанаас ч үүдэн гарч байна, давагдашгүй хүчин зүйлс буюу байгалийн эрхшээлээр ч буй болж байна. Ийм төрлийн аюул эрсдэлийн өмнө нэг улс дангаараа хүчин мөхөсдөх нь бараг зүй тогтол болжээ. Иймд дээр өгүүлсэн олон улсын хамтарсан сургууль, дадлага, олон улсын ажиллагаанд оролцон хуримтлуулж байгаа туршлага, ур чадварыг ашиглах нэгэн практик талбар бол гамшиг осол, түүний үр дагавартай тэмцэх, авран туслах, нүүлгэн шилжүүлэх, сэргээн босгох, бүтээн байгуулах зэрэг хүмүүнлэгийн үйл ажиллагаа байх болно. Үүнд зөвхөн манай улсад тохиож болох уламжлалт бус аюул эрсдэлийг олон улсын хүчин чармайлт, хамтын ажиллагааны хүчээр даван туулах тухай бус, мөн бүс нутаг, дэлхий дахины аль ч улсад тохиож болох онцгой нөхцөлд монгол хүний, монгол цэргийн хүнлэг сэтгэл, мэргэжлийн өндөр ур чадвар, тэсвэр хатуужил, бэлэн байдлыг илтгэн харуулах “зөөлөн хүч”-ний бодлогын тухайд ч мөн ярьж байгаа юм.

Орчин цагт цэргийн албан хаагчаас сайн дайтагч байхын зэрэгцээ эвлэрүүлэгч, энхийг сахиулагч, тэр утгаараа дипломатч, хүмүүлэгийн үйлстэн, авран хамгаалагч зэрэг олон талт үүргийг гүйцэтгэх мэргэжил, бие бялдар, ёс суртахууны төлөвшил, өндөр боловсролыг шаардаж байна. Манай батлан хамгаалах стратеги, салбарын шинэчлэл ч үүнд чиглэж байна. Барилга, инженерийн 3 батальоныг Сүхбаатар, Баянхонгор, Баян-Өлгий аймгуудад шинээр байгуулж, тэдгээр нь орон нутгийнхаа бүтээн байгуулалтын ажилд бодит хувь нэмэр оруулж байгаа явдал ч Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын, хүмүүнлэгийн үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх зорилтын хүрээнд хийж буй зарчмын шинэтгэл юм. Энэ чиглэлээр үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хуримтлуулсан арвин туршлагаас манай Зэвсэгт хүчний удирдах албан тушаалтнууд, нийт бие бүрэлдэхүүн суралцах ёстой. Та бүхэн үүнийг идэвхтэй харилцан ажиллагааныхаа нэг чиглэл болгоно гэж найдаж байна.  

Би түрүүнд “зөөлөн хүч” гэдэг үгийг хэдэнтээ хэрэглэлээ. Одоо үүнийгээ жаахан дэлгэрүүлж тайлбарлах нь зүйтэй байж магад. Ер нь аливаа улсын зэвсэгт хүчин, хүчний гэгдэх байгууллагуудыг “hard power” буюу “хатуу хүч” хэмээн томъёолох нь бий. Тэрхүү “хатуу хүч”-ийг шаардлагатай цагт нь улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалахын тулд зориулалтаар нь хэрэглэдэг. Том гүрнүүд ийм “хатуу хүч”-ээ олон улсын тавцан дахь байр суурь, нөлөөгөө бататгах, ашиг сонирхлоо хамгаалах, бодлогоо тулган хүлээлгэхэд зориулан ашиглах нь ч бий.

Харин үндэсний аюулгүй байдлаа улс төр-дипломатын аргаар хангах зарчмыг хуульчлан тунхагласан Монгол Улсын хувьд энэхүү хэрэгслийг “soft power” буюу “зөөлөн хүч”-ний зориулалтаар ашиглаж байгаагаараа дэлхийн улс орнууд дотор магадгүй хамгийн өвөрмөц, басхүү хамгийн энх тайванч бодлоготой улс гэж тодорхойлогдох болов уу. Бусад улсын хувьд эдийн засгийн хүчин чадал, урлаг соёл, шинжлэх ухаан, спортын амжилтаар дэлхий нийтэд өөрийн сайн нэрийг дуурсгах, тэр чинээгээр улсынхаа нэр нөлөө, олон улсын тавцан дахь байр суурийг бататгадаг “зөөлөн хүч”-ний бо

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.