Х.Баттулга: Гурилын үнийг нэмэхгүйн тулд буудай авахаар болсон
Манай улс 100 мянган тонн улаан буудай импортолж авах тухай ярих боллоо. Энэ тухай Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгаас тодрууллаа.
-100 мянган тонн улаан буудай оруулж ирэх тухай шийдвэрт зарим хүн шүүмжлэлтэй хандаж байна. Тариаланчдаа дэмжихээ болилоо гэж тэд үзэж байна?
-Зарим гишүүн буруу мэдээлэлтэй байгаа юм. Дотооддоо 100 хувь буудайгаар хангадаг байсан гэж. 2008 онд “Атрын III аян”-ыг эхлүүлснээр манай улсын газар тариалангийн салбар сэргэж ургац хураалт нэмэгдсэн ч дотоодын буудайн хэрэгцээгээ 100 хувь хангаж чадаагүй.
Тухайлбал, 2009 онд 114 мянган тонн буудай импортоор орж ирсэн бол 2010 онд 66 тонн, 2012 онд дөрвөн тонн буудай импортоор орж ирсэн байна. 2012-2013 онд манай улсад шинээр гурилын 10 үйлдвэр ашиглалтад орж хүчин чадал нь 280 мянган тонноор нэмэгдэн, үйлдвэрлэл өссөнөөр нөөцөд байсан 112.2 мянган тонн буудай үйлдвэрийн эргэлтэд орж буудайн нөөцгүй болоод байгаа юм.
Тиймээс дотоодын гурилын үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг хангаж гурилын үнийг нэмэгдүүлэхгүйн тулд 2014 онд стратегийн нөөц бүрдүүлэх зорилгоор 100 мянган тонн буудайг импортоор авахаар төлөвлөж байна.
2013 оны баланс мэдээллээс харахад спиртийн үйлдвэрт 7.1 мянган тонн буудай хуваарилагдсан байна.
Гурил үйлдвэрлэгчид ОХУ-аас гааль, нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн үнээр буудай авсан тохиолдолд гурилын үнийн тогтвортой байдал алдагдаж иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Ер нь 2013 оны баланс мэдээллээс харахад спиртийн үйлдвэрт 7.1 мянган тонн буудай хуваарилагдсан байна. Энэ нь нийт хураан авсан буудайн хэмжээний дөнгөж хоёр хувь юм.
-Одоо нөөцөнд байгаа буудайн хэмжээ хэд билээ?
-45 мянган тонн орчим байна.
-Тариаланчид рапс тарих боломж нээлттэй биз дээ. Ямар нэгэн байдлаар хязгаарлах уу?
-Рапс тарих нь сүүлийн жилүүдэд эрчимжиж байгаа. Тариаланчид маань тариад экспортолчихдог. Хувийн компанид тэр нь ашигтай байна.
-2014 онд танай яамнаас ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Хүнд аж үйлдвэрийнхээ эхлэлийг тавина. Маш их судалгаа хийж байна. Дархан-Уул аймагт төмрийн хоёр үйлдвэр барина. Сайншанд хотод коксын үйлдвэр барина. Түүхий эд худалдан авагч биш үйлдвэрлэгч орон болох зорилттой ажиллаж байна. Түүнээс гадна Дархан хотод арьс шир боловсруулах үйлдвэрийг барина. Техник, эдийн засгийн судалгааг нь хийгээд дууссан. Энэ жилээс барилгын ажил нь эхэлнэ.