О.Баасанхүү: Яам болгон эмнэлэгтэй байх хэрэггүй
TV5 телевизийн "Монгол Улсаа хөгжүүлье" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн О.Баасанхүү оролцлоо.
- УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Шударга ёс” эвслээс парламентад гарсан атлаа эвслийнхээ эсрэг бодлого явуулаадд байна гэсэн яриа гарч байна. Үнэндээ та эвслийн бодлогод дургүй байна уу, эсвэл төрийн бодлогод дургүй байна уу?
Аливаа олигархууд хэвлэл мэдээлэл, мөнгө, эрх мэдэл, албан тушаал зэргийг гартаа оруулчихсан байдаг. Тэд хүний хийсэн үйлдлүүдийг гуйвуулж, мушгих нь энүүхэнд. Мөн чанартаа би эвслийн эсрэг биш, эвслийн төлөө ярьдаг. Ийм яриа гарсныг би тайлбарлая. Төрийн ордны баруун талын эмнэлгийн зориулалттай барилгыг төсвийг нь батлаад дуусгах ёстой байсан юм. Гэтэл барихад нь 20 тэрбум төгрөг орсон барилгыг найман тэрбумын өртөгөөр нураахаар болсон.
Нураах гэсэн шалтгаан нь Хууль Зүйн сайдыг тансаглуулах гэсэн зорилготой. Үүнийг л би эсэргүүцсэн. Энэ нь манай эвслийн бодлоготой зуун хувь хамаатай гэж бодож байна. Эмнэлгийн барилгын зориулалтыг өөрчлөх асуудал жилийн өмнөөс яригдаж эхэлсэн юм. Тэр үе Эрүүл Мэндийн сайд эмнэлгийг эмнэлгээр нь үлдээх ёстой гэж үзэж байсан ч өнөөдөр дуугарахгүй байна.
Чингэлтэй дүүрэг бол “Шударга ёс” эвслийн тойрог учраас сонгогчдынхоо эрх ашгийг бодох ёстой болохоор ийм зүйл хийх учиргүй. Манай эвсэл эрүүл мэндийн салбарыг хариуцдаг мөртлөө итгэл хүлээлгэсэн 260 000 иргэний эсрэг яваад байвал энэ эвсэл оршин тогтнохын хэрэг байхгүй.
- Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг нэртэй байгуулагдсан энэ эмнэлэг үнэн хэрэгтээ хууль, хүчний байгууллагын дарга нарын ямбалах газар болсон учир зориулалтыг нь өөрчлөх хэрэгтэй гэсэн тайлбарыг Х.Тэмүүжин сайд хийсэн.
Үнэндээ би "Шударга ёс" эвслийн эсрэг бус эвслийн төлөө явж байна.
Яам болгон эмнэлэгтэй байж болохгүй. Харин нэг эмнэлгийг нөгөөтэй нь нэгтгэхийг би эсэргүүцэхгүй. Гэхдээ үүнийг хуулийн хүрээнд хиймээр. Дээрх эмнэлгийг Батлан Хамгаалах Яамны харъяанд баригдаж байгаа эмнэлэгтэй нэгтгэе гэсэн саналыг би гаргасан юм. Гэтэл одоо болтол эмнэлгийн барилга баригдаагүй байна.Хамгийн гол нь таван тэрбумын өртөг бүхий монголд цорын ганц байдаг “Имрай” аппарат ямар ч ашиглалтгүй хэвтэж байна. Гэтэл ийм аппаратаар оншлуулах шаардлагатай хүмүүс их зардал гарган гадаад руу явж байна.
“Шударга ёс” эвсэл эмнэлгийн барилгыг нураахтай эвлэрч болохгүй. Хэрэв эвслийн гишүүд Ерөнхий сайд, Засгийн Газрын кабинетын гишүүдээсээ айгаад, нам бүлэг дотроо нэр хүндээ алдахаас эмээгээд, О.Баасанхүү гэдэг хүнийг хэн ч биш болгож харуулах гээд байгаа бол бол би үүнтэй эвлэрч чадахгүй.
- Эмч нар нэг хэсэгтээ эсэргүүцэн жагсаад, бичиг өргөсөн ч залхаад эвлэрчих шиг боллоо. Энэ барилгад заавал төрийн тусгай албан хаагчид гэхгүйгээр ямар ч эмнэлгийг оруулж, төсвөө хэмнэж болмоор.
Ерөнхий сайдтай би уулзсан. Бүх намын удирдлагад бичиг хүргүүлсэн. Учир нь Чингэлтэй дүүрэг мэс засал хийчихээр эмнэлэггүй, хүүхдийн болон гэмтлийн эмнэлэггүй байна. Тэдэнд энэ барилгыг өгчихье л дөө. Би ийм л зүйлийг шаардаж байна. Гэтэл үнэн юм ярьсан хүнийг дайрч давшилж байна.