20 гаруй тонн алттай байсан үе эргэж ирнэ
Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба
2013.11.22

20 гаруй тонн алттай байсан үе эргэж ирнэ

Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамбатай Алтны худалдаанд ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийн талаар ярилцлаа. 

-УИХ-аар Алтны худалдаанд ил, тод байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ хуультай холбоотойгоор та Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгчийн хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Төрөөс эдийн засгаа сайжруулах, төгрөгийн тогтвортой байдлаа хангах, Монгол Улсын зээлжих эрхийн баталгааг сайжруулахын тулд явуулж байгаа эдийн засгийн том арга хэмжээ л дээ. Алтны олборлолтыг нэмэгдүүлж, алт тушаалтыг чөлөөтэй болгосноор Монголбанкинд тушаагддаг алтны хэмжээ өсөх ёстой.

Энэ хэмжээгээрээ Монголын эдийн засагт маш их түлхэц өгнө. Нөгөө талаараа мөнгөний ханшийг тогтвортой байлгахад чухал үүрэгтэй. Түүнчлэн гадаадын томоохон хэмжээний зээл, тусламжийн асуудалд Төв банкин дахь алтны хэмжээ маш чухал нөлөөтэй байдаг. Энэ хуулийг баталж, гаргаснаар ямар нэгэн компанийн эрх ашгийг хамгаалах гээд байгаа юм биш.

Энэ бол дэмий хардлага. Бид 2.5 хувийн нөөц ашигласны төлбөртэй байх үед Монгол Улс төв банкиндаа 20 гаруй тонн алттай болж байсан түүх бий. Энэ түүхийг сэргээх нь эдийн засагт маш чухал байна. Тэр үүднээс л энэ хуулийг санаачилж, оруулж байна гэж ойлгож байгаа.

-Гэхдээ энэ хуулиар алтны экспортоос авах роялтийн хувь хэмжээг хоёр дахин бууруулж байгаа. Энэ нь УИХ-ын зарим гишүүдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарч байгаа шүү дээ. Тухайлбал, газрын хэвлийн баялаг ард түмний өмч байна гэх Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж байна гэх шүүмжлэлийг хэлж байна. Таны бодлоор нөөц ашигласны төлбөрийг заавал бууруулах шаардлага байгаа юу?

-Үүнийг алт тушаалтыг нэмэгдүүлэх хөшүүрэг гэдэг талаас нь харах хэрэгтэй. Түүнээс биш ард түмний баялгийг үнэгүйдүүлж байгаа асуудал биш. Татварын хувь хэмжээнээс гадна үүний цаана эдийн засгийн олон ач холбогдол байна гэдгийг сая хэллээ шүү дээ. Ер нь бол роялтигийн хувь хэмжээ хэд байх нь томоохон компаниудын хувьд огт сонин биш.

Харин жижиг компаниуд, олборлогчид, нинжа нарын хувьд чухал. Ингэсэн нөхцөлд тэр хүмүүс алтаа хараар зарж, гадагшаа хулгайгаар гаргахгүй. Монголбанкинд авчраад тушаадаг болох юм. Байсхийгээд л сонин дээр гардаг шүү дээ. Тэр хилээр тэгж алт гаргах гэж байгаад баригдаж гэнэ гээд л.

Өөрөөр хэлбэл, хүмүүс Монголбанкинд алтаа тушаахгүй байна. Яагаад гэвэл татвар нь өндөр байна. Зунжингаа үйлээ үзэж байгаад л 100 грамм алт олдог. Тэрийгээ тушаах гэхээр татвар нь өндөр байгаа учраас хүсэхгүй байна шүү дээ. Тэгээд л хулгайгаар гаргадаг. Тэр нь Монголын эдийн засагт ямар ч үр нөлөөгүй, ёстой нөгөө ард түмний баялгийг хулгайгаар гаргаж байгаа юм. 

-Алтны салбарт ажиллаж байгаа компаниуд жилдээ хэчнээн тонн алт олборлодог вэ?

-Сүүлийн үед маш багассан шүү дээ. Жилд 2-3 тонн л олборлож байсан. Энэ жил харин зургаан тонн алт олборлох тооцоо байгаа юм билээ. Энэ нь Оюутолгойтой хамааралтай. Оюутолгойг оруулахгүй бол хоёр, гурван тонн алт л олборлодог. Үүнийг бид 20, 30 тонн болтол нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Тэгж байж, эдийн засагт үр ашгаа өгнө.

-Танай ассоциациас энэ хуультай холбоотойгоор өөрсдийн саналаа өгсөн үү. Та бүхний саналыг хэр тусгасан байгаа вэ?

-Санал өгсөн. Бид энэ хуулийг санаачилсан хүмүүст талархаж, дэмжиж байгаа. Эдийн засгаа сайжруулахад дорвитой алхам хийж байгаа нь энэ Засгийн газрын хувьд томоохон амжилт. Бид нэг хэсэг Монголбанкиндаа 20 гаруй тонн алт хураачихсан байснаа 2-3 тонн болтлоо дордсон.

Алтны олборлолтыг нэмэгдүүлж, алт тушаалтыг чөлөөтэй болгосноор Монголбанкинд тушаагддаг алтны хэмжээ өсөх ёстой.

Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар гарсны дараа хүмүүс алт олборлодог байснаа больсон. Дараа нь урт нэртэй хууль гарч ирээд баахан алтны компаниудын үйл ажиллагааг зогсоочихсон. Үүнээс болоод алт тушаалт тасарсан. Ингээд Монголд үндсэндээ алт олборлолт байхгүй болчихсон.

Тэгэхээр үүнийг эргээд сэргээж, зөв зам руу нь оруулах гэж байна. Энэ бол зөв алхам. Тийм учраас манай ассоциаци энэ хуулийг дэмжиж байгаа. Гэхдээ бидний хувьд энэ хуулиас өмнө Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг гаргах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.

Энэ баримт бичгээ гаргаж авсны дараа уул уурхайтай холбоотой олон хуульд өөрчлөлт орох ёстой. Тухайлбал, Ашигт малтмалын хууль, урт нэртэй хууль, алтны тухай хууль гэх мэтчилэн. Одоо энэ хуулиуд зэрэг зэрэг л яваад байх шиг байна. Тэгэхээр би бодлогын баримт бичгээ эхэлж баталчихаад, дараа нь бусад салбарын хуулиуд руугаа ороосой гэж бодож байна.

-Гэхдээ алтны салбарын үйл ажиллагааг бүх талаар нь дэмжихээр үүний нөгөө талд байгаль орчны асуудал хөндөгдөнө шүү дээ. Алтны олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа ялангуяа байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөөтэй гэдэг?

-Тийм. Алтны шороон орд нь ихэвчлэн гол ус, жалга сувгаар тогтоцтой байдаг. Тэр утгаараа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл ихтэй. Тийм учраас олборлолтыг маш сайн, нарийн төлөвлөлт, хяналтын дор явуулах ёстой.

Байгаль орчинд үзүүлсэн сөрөг нөлөөллийг арилгах, нөхөн сэргээлтийг маш чанартай хийх шаардлагыг тавих ёстой. Тэгж байж, энэ салбарын үйлдвэрлэлийг явуулах нь зөв. Гэхдээ энэ байгаль сүйтгэж байна гээд алтаа огт олборлохгүй, хаах нь зөв алхам биш. Аль алиныг нь хослуулах ёстой. 

-Тэгвэл байгаль орчны асуудлаа энэ хуулинд чухам хэр сайн тусгасан юм бол?

-Туссан байгаа. Гэхдээ Байгаль орчныг хамгаалах талаар өнгөрсөн жил УИХ-аас багц хууль баталсан шүү дээ. Тэр хуулийн заалтуудыг хэрэгжүүлбэл, аль ч уул уурхайн салбар байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй байх боломжтой. Тийм нөхцөлтэй, хууль эрх зүйн орчин байгаа. Гагцхүү хуулиа мөрдөх, хэрэгжүүлэх л ёстой.

Нөөц ашигласны төлбөр 2,5 хувь байх үед Монгол Улс төв банкиндаа 20 гаруй тонн алттай болж байсан түүх бий.

Ер нь хувийн хэвшлийнхэн, алт олборлогчид өмнөх шигээ хамаа, замбараагүй ухаад, хаях зүйл гарахгүй байх гэж найдаж байна. Түүнчлэн тухайн ордын нөөцийг бүрэн дүүрэн ашиглуулах асуудал маш чухал. Энэ бол мэргэжлийн зүгээс тавих шаардлага. Нөөцийг бүрэн дүүрэн ашиглаж байж, гар аргаар алт олборлогчид тийшээ орохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

Сорчилж ашиглаад явахаар тийшээ нь гар аргаар алт олборлогчид, нинжа нар ороод, байгаль орчин сүйддэг. Тийм учраас нөөцийг бүрэн дүүрэн ашиглуулах шаардлагыг мэргэжлийн байгууллага, Мэргэжлийн хяналтын газар, яам агентлагаас өндөр төвшинд тавих ёстой.

-Алтны компаниудын үйл ажиллагааны татварын орлого хэр хэмжээтэй байдаг вэ. Энэ хуулийг баталснаар алтны олборлолтоос улсын төсөвт төвлөрөх татварын хувь хэмжээ хэр хэмжээгээр нэмэгдэх вэ. Тэр талын судалгаа бий юу?

-Яг тийм судалгаа байгаа, эсэхийг мэдэхгүй байна. Ер нь алт өөрөө маш их үнэтэй ашигт малтмал. Тэр хэрээрээ татвар нь өндөр л гардаг. Жишээлбэл, 30 тонн алт Монголбанкинд тушаахад орох татварын орлого 30 сая тонн нүүрс гаргах орлоготой дүйцэж байгаа. Алтанд өөр бас нэг сайн тал байна. Тэр нь юу гэхээр тээврийн асуудал байхгүй.

Нүүрс шиг байгаль сүйтгээд, олон машин явуулаад байх асуудал байхгүй. Энэ бол бас нэг том давуу тал. Хэдийгээр гол, усны ойролцоо үйл ажиллагаа явуулж байгаа ч маш өндөр шаардлагатай, нарийн стандарттай, нөхөн сэргээлтдээ их анхаарал хандуулж ажиллаж болно. Тэгэхээр үүнийг ч бас харж үзэх л хэрэгтэй.

-Ерөнхийдөө алтны салбарыг төрөөс бага зэрэг дэмжээд өгчих л гэж байгаа хэрэг үү?

-Бага зэрэг дэмжээд өгчихөд л энэ өөрөө явчихна. Тэр хэрээрээ эдийн засагт маш их түлхэц болох боломжтой юм. Дэлхий дээрх баян орнууд бүгд алтны нөөцөөрөө л баян байдаг. Хамгийн их алттай орон бол АНУ юм билээ. Бараг 9000 тонн алттай. Дараа нь Герман, Франц, Их Британи, Швейцарь, ОХУ гэх зэрэг.

Үндэсний банкиндаа байдаг алтны нөөцөөрөө эдгээр орнууд эхний 10 байрт ордог. Гэтэл монгол тэр жагсаалтын нэлээд хойгуур 100 гараад л явж байгаа байх. Тэгэхээр бид энэ тал дээрээ бага ч болов ахиц гаргах хэрэгтэй байна. Хамгийн гол нь бидэнд нөөц, баялаг нь байна шүү дээ.