О.Баасанхүү: Гишүүдийг лоббидоогүй, сүрдүүлээгүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2013.11.22

О.Баасанхүү: Гишүүдийг лоббидоогүй, сүрдүүлээгүй

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулсан нь хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байна.

Тамхины хяналтын тухай хуулийг УИХ-аар санаачлан батлуулж байсан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “О.Баасанхүү гишүүн дээрх төслийг санаачилсан нь тамхи үйлдвэрлэгчийн лоббид автсан үйлдэл. Тэр тусмаа ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглоно гэсэн заалтыг 100 метр болгон өөрчлөхийг би эсэргүүцэж байна” гэж мэдэгдээд буй.

Иймд бид УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах болсон шалтгаан нь юу байв, төслөө дэмжүүлэхийн тулд гишүүдийг лоббидсон уу зэрэг асуудлаар дараах тодруулгыг хийлээ.

-Тамхины хяналтын тухай хууль хэрэгжээд удаагүй ч та өөрчлөлт оруулахаар төсөл санаачилсан байна. Агуулгыг нь тодруулахгүй юу. Л.Эрдэнэчимэг гишүүний тайлбарласнаар бол 500 метрээс дотогш тамхи худалдахыг хориглож байгааг 100 метр болгон өөрчлөх гэж байна гэх?

-УИХ-ын гишүүн болсноосоо хойш би их олон хуулийн төсөл санаачилсан. Түүний нэг нь  энэ удаагийн Тамхины хуулийн төсөл. Гэхдээ УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг их буруу ойлголттой байгаа юм билээ. Энгийн амьдралын жишээ авъя л даа, цай уух гээд кафейд ороход хаалганых нь гадаа залуучууд тамхи татаад зогсож байна. Тамхи татах тусгай цэг нь байхгүй болохоор тэдэнд шаардлага тавих ч арга алга.

Тамхи татах тусгай цэг нь байхгүй болохоор тэдэнд шаардлага тавих ч арга алга.

Мөн бүх улс орнуудын Их дэлгүүрт тамхи татах цэг бий, гэтэл Улаанбаатар хотын Их дэлгүүрт энэ цэг байдаггүй. Тийм учраас Тамхины хуульд өөрчлөлт оруулах хүрээнд татах цэгийг нь бий болгоё гэж шийдсэн. Үнэндээ бол би тамхи татдаггүй, эцэг, эх маань ч бас хэрэглэж байсан удаагүй. Эрх ашгаа бодож ийм хууль санаачиллаа гэж хардаж байж мэдэх юм.

Зорилго бол тодорхой. Дэлхийн жишигт хүрсэн хуультай болъё л гэж бодсон. Одоо хэрэгжиж байгаа Тамхины хяналтын тухай хуулийг би муу хууль гэж хэлэхгүй, зарим нэг алдаа бий. Түүнийг засъя л гэж бодсон. Гэтэл Л.Эрдэнэчимэг гишүүн их эвгүйгээр гүтгэсэн байна лээ. Намайг төдийгүй бусад дэмжиж гарын үсэг зурсан гишүүдийг эвгүй байдалд оруулж бүрэн эрхэд нь халдаж байгаа байхгүй юу. Тэгж болохгүй, ёс зүйтэй байх ёстой.

-Гэхдээ та гишүүдэд төслөө танилцуулахдаа “Тамхины цэг байгуулах тухай заалт байгаа юм” гэж хэлээд ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдан борлуулахыг хориглох тухай заалтыг нь 100 метр болгон өөрчлөх гэдэг дээр гарын үсгийг нь зуруулаад дэмжүүлчихсэн юм биш үү. Л.Эрдэнэчимэг гишүүн таныг гишүүдийг ийм замаар хууран мэхэлж 40 гаруй гишүүний гарын үсэг зуруулж дэмжүүлсэн байна гэж хэлсэн байсан?

-Худлаа,. Цаг үе өөрчлөгдсөн шүү дээ, “Би ямар асуудал дээр гарын үсэг зураа вэ” гэж хойноос нь уулга алддаг хүн байхгүй болсон. Тэгээд ч би эхлээд гишүүдэд төслөө танилцуулж байж, гарын үсгийг нь зуруулсан. УИХ-ын 76 гишүүнээс 50 гаруй нь гарын үсгээ зурсан. Хуулийн төслийг танилцуулж байхад тамхи худалдан борлуулах цэгийн тойрог дээр янз бүрийн л санал хэлсэн.

Зарим нь 100 метр байх нь зөв гэж байхад, зарим нь манай нөхцөлд 200 метр нь тохирно л гэсэн. Тэр бүх саналыг нэг бүрчилж авсан. Эцсийн шийдлийг олонхиороо л гаргадаг. Үүнд цухалдах хэрэггүй шүү дээ. Тэгээд ч энэ 500 метрийн зайнаас болж тамхины далд худалдаа газар авч байгааг Мэргэжлийн хяналт, цагдаагийнхны шалгалтаар илэрч байна. Ийм байдал цааш ужгирвал маш аюултай. Бага дээр нь засах ёстой. Хаах, хориглох тусам аливаа зүйл далд хэлбэрт шилждэг, цаанаа далд эдийн засгийг цэцэглүүлж байна.

Юуг нь нуух юм. Татварт мөнгө орж ирэхгүй болно, гэсэн атлаа тамхи худалдаалагдаад байна. Хэр нууна, тэр хэрээр хэн ч энэ төрлийн худалдааг хийж болзошгүй. Гол аюул энд байгаа юм. Дэлхийн улс орнууд худалдаалах цэг дээр хатуу зай тавьдаггүй л юм билээ, би их олон орны хууль судалсан. Харин манайх 500 метр гээд бүр хуульчилчихсан.

Хэр нууна, тэр хэрээр хэн ч энэ төрлийн худалдааг хийж болзошгүй.

Үнэндээ бол энэ заалт бизнес эрхлэгчдийн эрх ашигт ч мөн сөргөөр нөлөөлж байгаа нь нууц биш шүү дээ. Тодорхой судалгаа гаргасан байсан, 1700 орчим аж ахуй нэгж тамхи худалдан борлуулах эрхээ хасуулсан гэж... Дээрх заалтын хүрээнд суманд бол бүр хэцүү юм билээ. Аймаг руугаа явахаас аргагүй.

-Гишүүдийг хуурч санал авсан гэдэг нь тэгээд дэгсдүүлэг болох нь уу?

-Дахиад хэлье, би санал авсан гишүүдээсээ хэнийг ч дарамтлаагүй, лоббидоогүй, төслөө үзүүлээд гарын үсгийг нь зуруулсан. Ойлгомжтой юу. Ер нь би нэг зүйл хэлмээр байна, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгт хандаж... Хүний өмнөөс худлаа ярьж болохгүй гэж... Хоёрт, твиттер, фейсбүүктээ “Тамхигүй орчин” гэдэг хуудас нээсэн байсан. 

Түүн рүү иргэд хандаж, хууль бусаар тамхи борлуулж байгаа, зарж байгаа иргэн, байгууллагын мэдээллийг зурагтай баримтжуулж өгөх юмдаг уу даа. Дараа нь тэгээд өмчид нь халдах юм байх даа. Ардчиллын үнэт зүйл бол иргэнийхээ өмчийг хамгаалах. Харин Ардчилсан намын гишүүн маань эсрэг зүйл яриад байна. Ингэж болох уу.

Тэгээд ч би зөвхөн Тамхины хууль санаачлан батлуулах гэж  УИХ-д сонгогдсон юм биш, дэлхийн жишигт хүрсэн хуультай болгочих юмсан гэж зорьдог. УИХ-аас баталж байгаа хуулиуд иргэдийн эрх ашгийг зөрчих ёсгүй. Энэ утгаар нь асуудалд хандаасай гэж бодож байна. Мөн өнөөдөр миний санаачилсан хуулийг УИХ-аар батлахгүй байлаа гэхэд дараа дараагийн УИХ-ын гишүүд санаачлаад нийтийн эрх ашгийг зөрчсөн хор хөнөөлтэй хуулийг бол өөрчилнө шүү дээ. Яах ч арга байхгүй.