Х.Амгаланбаатар: "Цалин нэмэгдэхээр барааны үнэ өсдөг" гэсэн худлаа мессеж тараахаа болих хэрэгтэй
Монголын үйлдвэрчний эвлэлийн Ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлээр цаашид хэрхэн ажиллах талаар ярилцлаа. Иргэн хүн ажилтай, орлогтой байвал орон нутаг хөгжинө. Х.Амгаланбаатар ерөнхийлөгч энэ оны 6 сарын 3-ны 21дүгээр ээлжит бус их хурлаар сонгогдсон билээ.
-Энэ жилийн хувьд МҮЭ ямар ажлуудыг хийсэн бэ. Ямар үр дүнгүүд гарч байна вэ?
Энэ зургаан сараас хойшхи дөрвөн сарын хугацаанд хэд хэдэн гол үйл ажиллагаанд анхаарч байна. Юун түрүүнд салбарын түвшинд ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн өмнө хөдөлмөр нийгмийн хамгаалалд тулгамдаж буй асуудалтай газар дээр нь очиж танилцаж, бүсчилсэн хэлбэрээр зөвлөлгөөн зохиож, аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаатай танилцах ажил ерөнхийдөө дуусч байна.
2013 он. Эрүүл мэндийн салбарын ажилтны зөвлөгөөн
Тухайлбал хойд бүсийн зөвлөлгөөнийг Орхон аймагт, төвийн бүс Өвөрхангайд, зүүн бүс Дорноговьд, баруун бүсийн зөвлөгөөн Ховд болсон. Харин нийслэл хотод бүх аймгуудын ҮЭ-ийн хорооны төлөөлөгчид хуралдсан. Түүнчлэн эрүүл мэнд, боловсрол, тээврийн салбарын зөвлөлгөөнийг хийсэн. Одоо энэ ондоо багтааж үйлчилгээний салбарын ажилтны асуудлаар зөвлөлдөнө. Зөвлөлгөөн, уулзалт хийж байхад нийтлэг гурван асуудлыг иргэд шийдүүлэхийг хүсч байсан.
-Ямар гурван асуудлыг шийдэх нь иргэдийн амьдралд хэрэгтэй байна вэ?
Нэгдүгээрт: Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх явдал. Өнгөрсөн хавраас эхлээд гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, импортын барааны үнэ валютын зөрөөнөөс болж нэмэгдсэн. Гэтэл иргэдийн бодит цалин нэмэгдээгүй байгаа нь худалдан авах чадварыг бууруулсан. Хоёрдугаарт: Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй. Хөдөө орон нутаг, нийслэлд ялгаагүй өмнөх жилүүдтэй харьцуулахад осол, аваар буурсангүй.
Гуравдугаарт: Зарим орон нутгийн хэмжээнд боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилчдын ажиллах орчин нөхцөл маш муу байгааг анхаарах хэрэгтэй. Эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж, тоног төхөөрөмжийн хангалтгүй байдлаас гадна эмнэлгийн байр хэт насжилттай учир удахгүй актлагдахаар болсон газрууд их байна. Ажлын орчин нөхцөл тааруу байгаа нь эрүүл мэндлийн байгууллагын ажилтнуудын нэр хүндийг олон нийтийн дунд сөргөөр харагдуулж,
Гэмтлийн эмнэлэг 1991 онд баригджээ
дорвитой үйлчилгээ явуулахад төвөг учруулж буй. Тиймээс эмнэлгийн байрыг шинээр барих шаардлагатай.
Түүнчлэн арван жил суралцаад эмч болсон залуу эмчийн хувьд сарын 429 мянган төгрөгний үндсэн цалин, 30 жил ажилласан тэргүүлэх зэргийн эмч 530 мянган төгрөг авч байна. Бага зэргийн нэмэгдэл байдаг ч зарим эмнэлэг цагтаа өгдөггүй зэрэг хүндрэлтэй. Боловсролын байгууллагаар ороход эрдэм шинжилгээний ажилтны цалин дээд тал нь 550 мянга л байна. Тэгэхээр татвараа хасахаар бодит цалин нэлээн бага гарна. Нийтийн тээврийн салбарт жолооч нарын цалин 450 мянга, кондукторын цалин 350 мянга. Энэ хүмүүсийн үндсэн цалин бага учир орлогын төлөө 12 цаг ажиллаж, хоорондоо уралдаж байгаа нь өөрөө осол аваар гаргахад хүргэж байна.
Ийм учраас МҮЭ цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглээр ЗГ, УИХд тодорхой шаардлагуудыг өнгөрсөн сард хүргүүлж, гурван талаас ажлын хэсэг гарсан ч мухардалд орчихсон.
-Мухардалд орж буй шалтгаан нь юу вэ. Нэмэгдүүлэх хувь хэмжээнээс болж санал нйилэхгүй байгаа юм уу?
Тийм ээ. Төсвийн хүрээнд шийдэхээр хувь хэмжээн дээр санал нийлэхгүй байгаа. Засгийн газрын зүгээс цалин, тэтгэвэр нэмэхэд 200 тэрбум төгрөгт багтааж л нэмнэ гэж байгаа юм. Гэтэл одоо ийм өчүүхнээр нэмүүлчихвэл хөдөлмөрчдөд тулгамдаж буй асуудлыг шийдэж чадахгүй хэвээр байх болно. Нийгэмд хүмүүсийн цалин нэмэгдэхээр бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ гэсэн худлаа мессеж явж байна. Цалин нэмүүлэх хэрэггүй юм биш үү гэж хүчтэй ярьж байна. Энэ бол ажил олгогч, засгийн газрын гоё үг. Гэхдээ харамсалтай эсрэгээрээ судалгаагаар цалин нэмэгдэхээр хүмүүсийн худалдан авах чадвар сайжирч, нийлүүлэлт нэмэгдэж үнэ буурдаг юм. Харин эдийн засагт тэлэлтийг бий болгоно.
Тэгвэл энэ онд цалинг нэмээгүй байхад барааны үнэ яагаад нэмэгдсэн юм бэ гэдгийг бодох хэрэгтэй. Жил бүр цалин нэмэгдэж байгаа ч бодитой юу гэдгийг судлах хэрэгтэй. Тиймээс үнэ бүрдэлтийн тухай хуулийг яаралтай батлах хэрэгтэй.
-Үнэ бүрдэлтийн хуулийн төсөл Их хуралд орж ирээгүй байгаа биз дээ. Энэ хууль ямар ач холбогдолтой юм бэ?
Зах зээл дээр махны үнэ яаж бүрддэг вэ, хэрэглэгчийн гар дээр хэдэн төгрөг болж байна вэ гэдгийг хууль эрхзүйн орчноор бий болгоно. Бодитой бус шалтгаанаар үнэ нэмсэн байвал хуулийн дагуу хариуцлага тооцно гэсэн үг.
МҮЭ өмнө нь дандаа хавар, намар зэрэг төсөв хэлэлцээд дууссаны дараа жагсаал хийж, засгийг шахдаг байсан. Энэ жилээс байдлыг өөрчилж төсөв хэлэлцэхийн өмнө асуудлаа тавьж, Засагт шийдэх боломжийг өгч, шахаж байна.
МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хуудас -2013 он
Би өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж дэмжлэг үзүүлэх санал бичиж сууна. Түүний МУ-ын төлөө зүтгэе мөрийн хөтөлбөрийн 3,15-д хүн амын ажиллах, хөдөлмөр эрхлэлтийг тасралтгүй дэмжиж, зохистой хөдөлмөр, бүтээмжийг дээшлүүлэхэд МҮЭ-тэй хамтарч ажиллана гэж заасан. Үүнийг хэрэгжүүлэх үүднээс МҮЭ дэмжлэг үзүүлэхийг хүсч байгаа юм.
-Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэлхий нийтээр ярих болсон. Энэ байдлыг яг юу гэж ойлгох нь зүйтэй вэ?
Ярилцлагын эхэнд хэлсэн асуудлыг шийдэхийн тулд МҮЭ 2013-2014 онуудад гурван гол малгай зорилтыг өмнөө тавиад байна. Үүн дотор зохистой хөдөлмөр эрхлэлт, бүтээмжтэй хөдөлмөр гэсэн ойлголт орж ирсэн. Нэгдүгээрт монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх явдал. Энэ нь ганцхан жилийн дотор хийх асуудал биш учир хугацаагүйгээр үе шаттайгаар шийдэхээр төлөвлөж байна. Хоёрт :Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн ослыг тэглэх. Гуравт: Зохистой, бүтээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг монгол улсдаа бий болгоё.
Зохистой хөдөлмөр эрхлэлт, бүтээмжтэй хөдөлмөрийг дэлхий нийтээр гол чиглэлээ болгон ажиллаж байна. Энэ нь тухайн хүн тухайн ажил, албан тушаал дээрээ хангалттай цалин хөлс авч, нийгмийн хамгаалалд бүрэн хамрагдаж, нийгмийн түншлэл, хамтын яриа хэлэлцээр хийх боломжоор хангагдсан, эрүүл аюулгүй хөгжих бололцоотой орчинд ажиллах ёстой гэсэн дөрвөн зарчимтай. Хэрвээ энэ дөрөв чиний ажлын байранд хангагдсан байвал зохистой хөдөлмөр эрхлэлт бий болсон гэсэн үг.
Цаашаад энэ дөрөв бүрдсэн цагт цалин хөлс, осол авааргүй ажлыр байр бүрдэж нийгмийн хамгаалал сайжрах юм. Бүтээмжтэй ажил эрхлэлтийг бий болгох нь материал салбарыг түлхүү бий болгоно.
-Цалин хөлс бага байгаа учир орон сууцны зээлэнд тэр бүр хамрагдаж чаддаггүй нэг зовлон байдаг. Энэ талаар танайхаас ямар ажил хийж байна вэ?
Энэ бол орон байр сууцны хангамжийн асуудал. Өмнө нь 6 хувийн зээл одоо 8 хувь болсон. Найман хувийн зээл өгч байгаа нь сайн хэрэг ч гэлээ зээлд хамрагдах босго өндөр байгаа юм.
30 хувийн урьдчилгааг цалин доогуур, хуримтлал үүсгэж чадаагүй байгаа хөдөлмөрчид авахад хэцүү. Тэгэхээр босгыг доошлуулах арга байна уу гэдгийг ард иргэд асууж байна. Доод тал нь 15 хувь болгож болохыг хүсч байна. Зээлийг хүмүүс угаасаа өөрсдөө төлөх учир хөтөлбөрийн хүрээнд багасгах боломжтой
-ҮЭ-ийн байгууллагын цаашдын зорилго юунд чиглэх вэ. Ер нь энэ байгууллага хэр чадамжтай байна?
Энэ зууныг дэлхийн үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд өөрийгөө чадавхжуулах зуун болгосон. Энэ хүрээнд ч хүчтэй боловсон хүчин, чадварлаг ажилчдаар эгнээгээ бэхжүүлж байгаа.
Ер нь өнгөрсөн зуунд ҮЭ-ийг хэр жагсаал хийж, хүчтэй тэмцэж байгаагаар нь хардаг байсан бол одоо өөрчлөгдсөн. 21 дүгээр зуун мэдээлэл, харилцааны зуун учир гэрээ хэлэлцээр хийж, гишүүдийн тулгамдсан асуудлаар харилцан зөвшилцдөг ҮЭ-ийг бий болгохоор зорьж байна. Гэхдээ шаардлагатай үед тэмцэл хийж чадна.
ҮЭ өөрсдийнхөө чадавхийг бэхжүүлэхийн тулд сургалтуудыг зохион байгуулж байна. Өөрөө чадавхитай байж, хэдэн төгрөгөөр цалин нэмэх бололцоог тооцож чаддаг байж ажил олгогчтой шаардлага тавьж чадна. Түүнчлэн бүтцээ бэхжүүлж, гадаад хамтын ажиллагаагаа сайжруулахаар төлөвлөж байгаа. Одоогоор арав гаруй орны ҮЭ-тэй хамтарч ажилладаг. Цаашид улам нэмэгдүүлнэ.
Ярилцсанд баярлалаа.