Ц.Даваасүрэн: Оюу толгойн гэрээг өөрчилж чадахгүй бол Засгийн газар огцрох ёстой
Өчигдөр УИХ дахь бие даагчдын зөвлөл Оюу толгойн асуудлаар мэдээлэл хийсэн. УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар Оюу толгойн талаар анхнаасаа баримталж ирсэн зарчим дээрээ хатуу зогсож, Оюу толгойгоос монголын талын хүртэх ашгийг 51 хувь болгох ёстой гэдэг байр суурь баримталж байгаа ажээ. Мэдээллийн дараа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс дараах тодруулгыг авлаа.
-Бие даагчдын зөвлөл Оюу толгойн гэрээний талаар анхнаасаа эсрэг байр суурьтай байсан. Харин та бүхэнтэй эвсэж байсан зарим УИХ-ын гишүүдийн байр суурь өөрчлөгдсөнийг та юу гэж дүгнэж байна вэ?
-УИХ-ын 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар нэр бүхий 20 гишүүн шаардлага тавьж байсан нь хоёр жилийн өмнөх явдал. Тэр шаардлагын утга нь Оюу толгой төслийг зогсоох, эсвэл удаашруулах тухай байгаагүй юм. Хамгийн гол нь Оюу толгойн баялаг чинь монголын хөрсөн дор байгаа шүү дээ. Гэтэл яахаараа хөрөнгийн эзэн нь 50 хувиас доош ашиг хүртэх ёстой юм бэ.
Бид монголын талын хүртэх ашгийг нэмэгдүүлэх, бүр 51 хувьд хүргэх ёстой гэсэн байр сууринаасаа ухрахгүй. Харин зарим гишүүдийн хувьд дуу нь ихээхэн суларч зарим нэг нь бүр хэлж ярьж байснаасаа эсрэг байр суурьтай болчихоод л сууж байна. Уг нь бид чинь ард түмнийхээ итгэлийг хүлээж, тэдний эрх ашгийн төлөө бүх чадлаараа зүтгэх үүрэг хүлээсэн хүмүүс шүү дээ. Үнэндээ зарим хүмүүсийн үзэл бодлыг ямар эрх ашиг өөрчлөөд байгааг ойлгохгүй байгаа. Өөрсдийнхөө гаргасан шийдвэрийн эсрэг явна гэдэг нь улстөрч хүнд байж боломгүй зан авир.
-Та бүхний байнга дурддаг УИХ-ын 57 дугаар тогтоол хэзээ батлагдсан, ямархуу зүйл, заалттай талаар жаахан дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
-УИХ-ын 57 дугаар тогтоолыг 2009 оны долоодугаар сарын 16-ны өдөр баталсан. Энэхүү 57 дугаар тогтоолын гуравдугаар заалтад “Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газарт зөвшөөрсүгэй” хэмээн заасан байдаг.
Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг Рио Тинто эхлэн зөрчиж анхны хөрөнгө оруулалт буюу 5.1 тэрбум ам. долларыг дур мэдэн долоон тэрбум болгон нэмэгдүүлсэн.
Гэтэл Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг Рио Тинто эхлэн зөрчиж анхны хөрөнгө оруулалт буюу 5.1 тэрбум ам. долларыг дур мэдэн долоон тэрбум болгон нэмэгдүүлсэн. Энэ нь монголын талын авах ашгийг санаатай хойшлуулж, цаг хожих гэсэн тун бохир арга. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах хэлэлцээрийн үеэр “Үлдсэн 16 хувийг 30 жилийн дараа авч болно. Гэхдээ гэрээний нөхцөлийг 20 жилээр сунгасан тохиолдолд 16 хувиа зах зээлийн ханшаар авч болно” гэсэн заалтыг гэрээнд суулгачихсан. Монголын газрын хөрсөн дор байгаа бүх ард түмний мэдлийн баялгийг ийм хариуцлагагүй гэрээгээр гадныханд сул алдсан хүмүүс өнөөдөр ямар ч хариуцлага хүлээсэн юмгүй явцгааж байна.
-Рио Тинтогийнхон монголын талд төлөх ёстой татвараа болж өгвөл төлөхгүй санаатай байгаа нь сүүлийн үеийн үйл явдлуудаас анзаарагдаж байгаа. УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргын хувьд энэ үйл явцыг юу гэж дүгнэж байна вэ?
-Ер нь Оюу толгойн Хөрөнгө оруулатын гэрээнд зааснаар нийт оруулсан хөрөнгийн хэмжээний 10 хувийг татвараас чөлөөлж байгаа. Оюутолгой бол хаана ч байхгүй давуу эрхээр татвараас чөлөөлөгдсөн. Ийм хөнгөлөлтүүдийг эдэлсэн болохоор зардлаа өсгөж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх сонирхолтой байгаа. Монгол Улс татвараас маш их хэмжээний мөнгө олох байсан ч бүгдийг чөлөөлсөн нь маш муу гэрээ болсныг харуулж байгаа юм.
Оюу толгой компани өмнө нь маш их хэмжээний татвараас чөлөөлөгдөж байсан, цаашид ч гэсэн татвараас зайлсхийх явдал ажиглагдсаар байна. Тухайлбал, Алтны худалдаанд ил тод байдлыг хангах тухай УИХ-д өргөн баригдсан хуулийн Алтны нөөц ашигласны төлбөрийг бууруулах тухай заалт бий. Өмнө нь алтны худалдаанд тавьсан таван хувийн рояалти төлбөрийг 2.5 хувь болгон өөрчилсөн байгаа. Үүнийг тайлбарлахдаа Оюу толгой компанийн алтыг оруулж ирнэ гэж тайлбарлаж байгаа. Монгол Улс өөрийн алтаа оруулж ирэхийн тулд татвараас чөлөөлнө гэдэг нь өөрсдийгөө доромжилсон хэрэг. Оюу толгой ирэх жил 29 тонн алт экспортолно. Дэлхийн зах зээл нэг кг алтны үнээр буюу 50 мянган доллараар тооцох юм бол борлуулалтаасаа 1.5 тэрбум ам.доллар олох боломжтой.
Оюу толгой ирэх жил 29 тонн алтэкспортолно.
Хэрэв одоогийн хуулиар рояалтийн татвар нь таван хувиар тооцвол 75 сая ам.доллар болно. Үүнийг одоогийн шинэ хуулиар тооцвол 37 сая ам.доллар болж буурна. Оюу толгойд нийтдээ 1800 тонн алт байгаа. Тэгээд алтных нь олборлолт жил ирэх тусам нэмэгдээд явна. Монголчууд үнэхээр харамсмаар их баялгаа гадныханд зүгээр алдах болчихоод байна. Гэтэл бид дотооддоо Урт нэртэй хуулийн хүрээнд 170-аадхан тонн алтны төлөө мөн ч их хэрэлдэж байгаа шүү дээ. Эмгэнэлтэй бөгөөд инээдэмтэй байгаа биз. Мөн Оюу толгой ирэх жилээс “Эрдэнэт” үйлдвэрийн хэмжээний борлуулалт хийх ёстой.
Гэтэл Хөрөнгө оруулалтын гэрээний 9.10.3-т зааснаар “Бүтээгдэхүүн экспорт, борлуулалтын солилцооноос гадаад улсад олсон бүх орлогоо гадаад улсад хадгалах, чөлөөтэй зарцуулна” гэсэн заалт байгаа.
Өөрөөр хэлбэл, ирэх жилээс хийх борлуулалтын мөнгө бүгд гадаадад хадгалагдаж, чөлөөтэй зарцуулагдахаар болоод байгаа юм. Тэгэхээр бид валютын хомсдолд орох нөхцөл бүрдэнэ. Тиймээс одоогийн ТУЗ-ийн гишүүд энэ заалтад өөрчлөлт оруулах, УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх тал дээр анхаарлаа маш сайн хандуулж ажиллах ёстой.
-Оюу толгойн алт, тэндээс олсон ашгийг гадаадад байршуулах нь Монгол Улсад шууд болон шууд бус ямар үр дагавартай вэ?
-Маш муу үр дагавартай. Оюу толгойгоос орж ирэх ёстой энэ бүх баялгийг гадагш нь алдчихвал олон улсын банк, санхүүгийн томчууд цөмөөрөө монголыг тойроод явчихна гэсэн үг. Монголын бүх баялаг гадагшаа ачигдах болчихоод байгаа энэ заалтыг зайлшгүй өөрчлөх ёстой. УИХ-ын 57 дугаар тогтоолын өөрчлөлтийг одоо л маш хүчтэй тавих учиртай. Хөрөнгөө нөхсөнөөс хойш 50-аас доошгүй хувь эзэмших байр суурин дээр хатуу зогсох хэрэгтэй. Гэрээ байгуулсан нөхдүүд ийм нэг тайлбар байнга л хийдэг.
УИХ-ын 57 дугаар тогтоолын өөрчлөлтийг одоо л маш хүчтэй тавих учиртай. Хөрөнгөө нөхсөнөөс хойш 50-аас доошгүй хувь эзэмших байр суурин дээр хатуу зогсох хэрэгтэй.
Юу гэхээр Оюу толгой, Рио Тинто, монголын Засгийн газрын хооронд байгуулсан гэрээнд “Оюу толгой Монголия” компанийн 66 хувийг гадагш нь зарах болвол монголын талаас асууна гэж байгаа. Харин энэ 66 хувийг эзэмшиж байгаа “Айвенхоу майнз” буюу одоогийн “Turguoise Hill Resources” компанийн 51 хувийг хэн нэгэнд зарахад монголын талаас асуухгүй гэсэн заалт байгаа.
Өөрөөр хэлбэл Оюу толгойн нийт баялгийн 66 хувийг эзэмшиж байгаа компанийн 51 хувь буюу гол хувьцаа зарагдахад монголчууд юу ч хийж чадахгүй хараад л сууж байх нөхцөл бүрдчихээд байна. Өөрөөр хэлбэл “Turguoise Hill Resources” компанийн 51 хувийг бидний байнга болгоомжилдог өмнөд хөршид зарагдахад бид үнэндээ юу ч хийж чадахгүй, ямар ч асуудалгүй болчихоод байна.
Үндсэндээ монголын газрын хөрсөн дор байгаа энэ их баялгийг гадны хэдэн нөхөд орж ирээд тайван замаар буюу луйврын гэрээгээр дээрэмдээд аваад явахад бид үнэхээр юу ч хийж чадахгүй хараад сууж байх нөхцөл бүрдчихээд байгаа. Энэ чинь одоо ер нь юу болж байна вэ.
Харин бид өөрсдийн баялаг буюу Оюу толгойнхоо 51 хувийг эзэмшдэг болчихвол хөрөнгө оруулсан нөхөд үлдсэн 49 хувийг хэнд зарах нь хамаагүй байхгүй юу. Жишээ нь Эрдэнэт монголд үүрд үлдсэн нь бид 51 хувийг нь эзэмшиж байгаатай л холбоотой. Хэрвээ Эрдэнэтийн 51 хувь оросын талд байсан бол ах нар түүнийг зараад Эрдэнэт ч түүнийг дагаад аль нэг тийшээ алга болох байсан.
-Одоо нэгэнт байгуулчихсан гэрээний алдааг засах боломжтой гэж үү?
-Боломж үргэлж байдаг. Оюу толгойн гэрээний хувьд Рио Тинтогийнхон ч алдаа гаргасан л байгаа. Харин одоо тэд тэр алдаагаа засах гэж оролдож болзошгүй. Тэгэхээр бид өрсөх ёстой. Оюу толгойн ТУЗ-ийн гурван шинэ гишүүнд монголчууд ихээхэн итгэл найдвар хүлээлгэж байгаа.
-Хэрвээ Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулж чадахгүй бол яах вэ?
-Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний Монголын талд туйлын хохиролтой зүйл заалтыг өөрчилж чадахгүй бол энэ Засгийн газар огцрох ёстой.