С.Эрдэнэ сайд АНУ-д амьдардаг монгол иргэдтэй уулзлаа
Энэ оны аравдугаар сарын 5-ны бямба гаригийн орой, Вашингтон дахь манай ЭСЯ-наа УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ тус хотын монгол иргэдийг хүлээн авч уулзан, сонирхсон асуултад нь хариулж, халуун дотно яриа өрнүүллээ.
С.Эрдэнэ сайд НҮБ-ын хүн амын асуудлаар болсон хуралд оролцохынхоо далимд АНУ дахь монгол иргэдтэй уулзсан нь энэ юм. Сайд яамныхаа хийж буй ажил, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой хуулийн хэрэгжилт, явц, Монгол Улс дахь хүний хөгжил, нийгмийн хамгаалалд тулгараад буй асуудал, гарцын талаар ярив.
Хэрэгжих хугацаа нь саяхан дуусгавар болсон тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай хуульд 500 мянга орчим иргэн хамрагджээ. 1990-2000 онд өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй, эсвэл тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй иргэдийг даатгалд хамруулах зорилгоор уг хуулийг баталсан гэж сайд ярьж байлаа.
Тэрээр “Өнөөдөр Монголын нийгэмд ардчилсан тогтолцоонд шилжээгүй хоёрхон салбар байгаа. Нэг нь эрүүл мэнд, нөгөө нь хууль. Эрүүл мэндийн салбар бол үнэндээ элгээрээ хэвтчихсэн байгаа шүү дээ. Амь тавих гээд л ядаад байгаа амьтныг удаан зовоодоггүй шиг, ингээд хадгалаад байх хэрэггүй байгаа юм. Нэг мөсөн шинэчлэх хэрэгтэй.
Үхэж байгаа хүнийг босгох биш шинэ хүн гаргаж ирэх хэрэгтэй. Социализмын үеэрээ үлдчихсэн бараг ганц салбар, үнэхээр энэ маягаараа бол цааш явахгүй” хэмээн ярьж байв. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд хүний хөгжлийн талаар ч байр сууриа илэрхийлж байсан юм.
Сайд “Салбар дундын бодлого, хөрөнгө оруулалтын талаар УИХ дээр их яригдаж, хэлэлцэгдэж байна. Харамсалтай нь өнөө л зам барилга, дэд бүтэц гэх мэтээр гол хөрөнгө оруулалт хүн рүү биш юм руу л чиглээд байна. Гэтэл хүн нь хөгжөөгүй улс хот улс нь хичнээн сайхан болоод нэмэргүй байдгийг бид харж байгаа. Азийн зарим улс орон байна.
Нийгэм, эдийн засаг нь хөгжөөд л байдаг, хүн нь бахь байдгаараа. Нөгөө сайхан гял цал болсон хурдан галт тэргэндээ шүлсээ хаяад л, хараалаа урсгаад л, хогоо хаяад л зорчиж байдаг” гэж Америкийн монголчуудтай уулзахдаа онцолж байв. Түүнийг санаа, оноогоо хуваалцсаны дараа АНУ-д ажиллаж, амьдарч буй иргэд санал бодлоо илэрхийлэн, асуулт тавьж ярилцсан.
“Өмнө нь хүн амын хөгжлийн тал дээр хэн ажилладаг байсан бэ" гэсэн асуултад тэрээр “Хүн амын хөгжлийн бодлогоо төр өөрөө бараг л тодорхойлдоггүй, ажилладаггүй, хүний хөгжил гэдэг дээр үндсэндээ төрийн бус байгууллагууд л ажилласаар ирлээ л дээ.
Тэр байгууллагуудын нэг хэсэг нь үнэхээр хүн амаа хөгжүүлэх сэтгэлээр ажилладаг бол нөгөө зарим нь боломжийг ашиглаж, бизнес хийх зорилготой, бүр амьжиргааныхаа хэрэгсэл болгочихсон нь ч байна. Ганцхан жишээ хэлэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө ажилладаг гэх ТББ 150-иад байгаагаас долоо найм нь л бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө ажилладаг.
Одоо харин хүн амын хөгжлөө анхаарах төрийн яам байгуулагдаад ажиллаж эхэлсэнд гаднаас хамтран ажилладаг, тусалж дэмждэг байсан НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан, Дэлхийн банк зэрэг байгууллагууд талархалтай байгаа. Нэлээд хэдэн төсөл хөтөлбөрт гарын үсэг зурсан, үйл ажиллагаа эрчимтэй эхлээд байна” хэмээн хариулж байв.
“Эрүүл мэндийн даатгалын хууль эрүүл мэндийн тогтолцоог шинэчлэх үү" гэж сонирхоход “Эрүүл мэндийн даатгалын тухай” шинэ хууль санаачлаад, өргөн барьсан. Жил хагас хэлэлцлээ. Энэ намрын чуулганаар батлагдчих болов уу. Хууль батлагдвал эрүүл мэндийн тогтолцоон дахь санхүүгийн орчин тэр чигээрээ шинэчлэгдэнэ.
Иргэн бүр цахим карттай болно. Эмчлүүлэгчээ өөрөө сонгодог байхаас эхлээд ер нь л бүх эрхийг даатгуулагч руу чиглүүлсэн хуулийн орчныг бий болгохыг зорьж байна. Үүн дээр эрүүл мэндийн салбар нэлээд эсэргүүцэлтэй хандаж байгаа. Гэхдээ бидний зүгээс тууштай зогсож байна" гэсэн хариу өгч байлаа.
Гадаад дахь иргэд даатгалын шимтгэлээ цахимаар төлөх боломж бий
Чикаго хотоос ирсэн иргэн Д.Хишигдорж нийгмийн халамжийн чиглэлээр судалгаа хийдэг, тэр чиглэлээр АНУ-д сургууль төгссөнөө яриад “Хилийн чанад дахь иргэдийн нийгмийн асуудлыг зохистой шийдвэрлэх нь” хэмээх судалгаа хийснийхээ нэг хувийг С.Эрдэнэ сайдад гардуулж өглөө.
Гадаадад байгаа монголчууд сайн дурын даатгалд хамрагдаж, эсвэл Нийгмийн даатгалтай шууд гэрээ байгуулаад шимтгэлээ цахим хэлбэрээр төлөөд явах боломж бүрджээ.
Д.Хишигдорж “Гадаадын хэрэг эрхпэх газар гэж байгаа атлаа хилийн чанад дахь иргэдийнхээ асуудлыг хариуцсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байхгүй нь тоогүй, ийм төрийн байгууллага бий болгох нь зүйтэй. Гадаадад сурсан оюутан залуусын мэдлэг боловсролыг ашиглах, татах үүднээс нэг консорциум байгуулмаар байна.
Гадаад дахь иргэдийнхээ дунд Монголын төлөө бонд гэж байгуулах боломжтой. Гадаад дахь монголчууд одоо мөнгөтэй болсон. Эх орондоо зүгээр эргээд очих биш ядаж нэг тэрбум төгрөг босгоод очъё. Бид олон жил даатгал, нийгмийн хамгааллын асуудлуудаас хол байсан, энэ талаар ямар нэг бодлого боловсруулж, шийдвэрлэвэл сайн байна” гэсэн санал хэлж байлаа.
Сайд гадаад дахь иргэдийнхээ нийгмийн хамгааллын асуудлыг шийдэх үүднээс эхний ээлжинд нэр бүхий таван улсад нийгмийн хамгааллын атташе суулгах асуудлыг оруулснаа хариу болгож хэлсэн.
Салбарынх нь яамнаас дэмжсэн учраас төсөв батлагдвал ажил болно хэмээн онцолж байв. Нийгмийн даатгалын шимтгэлийн тухайд гадаадад байгаа монголчууд сайн дурын даатгалд хамрагдаж, эсвэл Нийгмийн даатгалтай шууд гэрээ байгуулаад шимтгэлээ цахим хэлбэрээр төлөөд явах боломж бүрджээ.
Суурь боловсрол үнэгүй эзэмших эрх хаана ч үйлчлэх ёстой
Вашингтон хотын Монгол сургуулийн багш Жаргал сургуулийнхаа үйл ажиллагаа, монгол хүүхдүүддээ А, Б-г нь зааж уншуулж бичүүлж сургадаг талаараа танилцуулаад санхүүгийн бэрхшээлтэй байдгаа дуулгав. Тэрээр хүүхдийн хөгжлийн асуудал учраас тусламж тэтгэлэг байж болох талаар лавлалаа.
Мөн Монгол сургуульд ажиллаж байгаа багш нар ажилласан жилээ тооцуулах боломж бий эсэхийг асуув. С.Эрдэнэ сайд “Эхний асуудлыг шийдэх бүрэн боломжтой. Гадаад дахь иргэд хүүхдийнхээ мөнгийг шууд авч байгаатай адил Боловсролын яам гадаадад байгаа хүүхдээ ч өөрийнх шигээ бодож асуудлыг шийдээд явах боломж бий.
Суурь боловсролыг Монгол Улсын иргэн үнэ төлбөргүй эзэмшинэ гэсэн Үндсэн хуулийн заалт хаана ч биелж байх ёстой.
Суурь боловсролыг Монгол Улсын иргэн үнэ төлбөргүй эзэмшинэ гэсэн Үндсэн хуулийн заалт хаана ч биелж байх ёстой. Танай сургуульд сурч байгаа далан хүүхэд нэг хүүхдэд оногдох хувьсах зардлаа авах учиртай. Монголд өнөөдөр сургууль, цэцэрлэгт сурч, хүмүүждэг хүүхэд бүр хувьсах зардал авч байгаа” хэмээн хариуллаа.
Ажилласан жилээ тооцуулах боломжийн тухайд АНУ-тай тэтгэврийн шимтгэлийг харилцан шилжүүлэх зүйл ярихад тогтолцоо нь их өвөрмөц учраас хэцүү юм билээ. Солонгост ажиллаж байгаа хорь гаруй мянган монгол иргэний тэтгэврийн шимтгэл Монгол Улсад орж байгаа.
Яг ийм гэрээг Чех, Унгарын талтай одоо ярьж байна. Ер нь бол шимтгэлээ төлөхгүй явсаар байгаагийн эцсийн дарамт эргээд төр дээр л бууна. Насны эцэст хөдөлмөрийн чадвараа алдчихсан, огт мөнгөгүй болсон хүнд хоол ундных нь мөнгийг өгөх л ёстой. Төр иргэнээ харж байгаад үхүүлнэ гэж байхгүй" гэсэн хариу хэлж байв.
2000 оноос хойших асуудлыг судална
Уулзалтыг сурвалжилж буй миний бие зар мэдээг Нүүр ном дээр тавьсан билээ. Нүүр номоор дамжуулан нэг асуулт ирсэнд сайд хариу өгөв. Индиана мужид оршин суугч Уранзул “1990-2000 он хүртэл шимтгэлээ нөхөн төлөх хууль амжилттай хэрэгжсэн юм чинь 2000 оноос хойш торгуулаад ч болов нөхөн төлөх боломж бий юу, тийм хууль санаачилж өгөөч" хэмээн хэлүүлснийг дамжуулав.
Үүнд С. Эрдэнэ сайд “1990- 2000 оны үеийг учиртай сонгосон юм. Энэ үед, ялангуяа 1990-1995 онд Монголын төр хүн ам, ажил хөдөлмөрийн бодлого явуулж чадаагүй. Хүмүүс ч олноороо ганзагын наймаа зэрэгт явж байсан. Та бидний ярьдаг “гахай зөөдөг” гэдэг хөдөлмөр бол үнэндээ Монгол Улсын импортын хэрэгцээг хангаж байсан, тийм ч учраас бид тэр хэцүү шилжилтийн үеийг харьцангуй гайгүй давж чадсан.
Нэгэнт ингээд юмаа хийчихсэн улсыг ажил хийгээгүй гэсэн байдлаар давхар шийтгэж болохгүй байсан юм. Угаасаа ажил хийе гэсэн ч тэр үед албан ёсны ажлын байр нь байгаагүй. Хувиараа эрхэлж буй хөдөлмөрийг ажилласнаар тооцох механизм нь ч байсангүй.
Төр үүргээ гүйцэтгэж чадаагүй юм. 2000 оноос хойших гэдэг асуудлыг иргэд ихээр тавьж байгаа. 2000-2008 гэдэг ч юм уу, 2010 он хүртэл ч юм уу, тухайн үед байдал ямар байсан талаар судлах гэж байгаа. Сайн судалгаа хийхгүй бол хавтгайрсан халамж ямар сөрөг үр дагавар авчирдгийг бид харсан” хэмээн хариулав.
Протезийн ганц үйлдвэрт хоёр машин ажиллаж байна
Арлингтон хотод оршин суугч иргэн Оогий Монголд эгч нь протезтой, түүнийгээ солиулахад хэцүү байдаг, эндээс өөрсдөө тусалдаг талаар шүүмжлэн ярьж, протез үйлдвэрлэлийн байдал ямар байгаа талаар асуув. “Таны ярьж байгаа бол яг үнэн. Манайд одоо улсын ганцхан л үйлдвэр бий. Бусад нь хүчин чадал бага, хувийн үйлдвэр.
Протезийн төвийг Үндэсний сэргээн засварлалтын төв болгон өргөжүүлж, өнгөрсөн жил гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн, байр сав, сэргээн засварлах, эмчилгээ оношилгооных нь төвийг байгуулж өгсөн
Тэр ганц үйлдвэрт маань яг одоогоор хоёрхон машин л ажиллаж байна. Бусдыг нь дан гараараа хийж байгаа. Манай түүхэнд Иркутск, Москвад протезоор бэлтгэгдсэн арван хоёр хүн байдаг юм байна. Түүнээс хоёр нь одоо ажиллаж байгаа, бусад арав нь тэтгэвэртээ гарах нь гараад, бурхан болох нь болж.
Боловсон хүчний хангалт тэгэхээр үнэндээ байхгүй байгаа. Тиймээс бид Протезийн төвийг Үндэсний сэргээн засварлалтын төв болгон өргөжүүлж, өнгөрсөн жил гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн, байр сав, сэргээн засварлах, эмчилгээ оношилгооных нь төвийг байгуулж өгсөн. Одоо энэ жил дахиад зургаан тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ.
Түүнийхээ 1.8 тэрбум орчмыг нь протезийн үйлдвэртээ тоног төхөөрөмж авах, шинэчлэхэд зарцуулахаар төлөвлөж байгаа. Засгийн газар дэмжсэн, Их хурал дээр батлагдчихвал овоо ажиллачихна. Боловсон хүчний хангалт дээр НҮБ-ын Хүн амын сан, Дэлхийн банкинд асуудлаа танилцуулаад хамтран ажиллах хүсэлтээ илгээчихсэн байгаа.
Эрүүл мэндийн даатгалын хууль батлагдвал эмч, эмнэлгүүд өвчтөнөөсөө зугтах биш татах гэж өрсөлдөнө
Өндөр настан, иргэн Санждорж: Эрүүл мэндийн даатгалын хууль батлагдсанаар даатгуулагч өөрөө эмчээ сонгоно гэж байна. Гэтэл нөгөө эмч нар чинь хуучны л хүмүүс, яг хэвээрээ, өрхийнхөө эмнэлэгтээ л үзүүл, тэдэн ч төгрөг тэнд энд төл гээд байх вий?
Эрүүл мэндийн даатгалын хууль батлагдсанаар эмнэлгүүд аль болох олон даатгуулагчийг татах гэж өрсөлдөж эхэлнэ.
С.Эрдэнэ: Шинэ хууль үйлчилж эхэлбэл тийм юм болохгүй, харин ч таныг маш дуртайяа хүлээн авна. Элдэв юм нэхэх байтугай харин ч шууд л наашаа гэх болно. Учир нь үйлчлүүлж буй нэгж даатгуулагчаар санхүүжилт тооцогдож орох юм. Тиймээс эмнэлгүүд аль болох олон даатгуулагчийг татах гэж өрсөлдөж эхэлнэ.
Үүний тул сайн эмч нараа хадгалах, цалинг нь ч нэмэх нь зайлшгүй болно. Эмч нарын нийгмийн асуудал ч давхар шийдэгдэх боломжтой. Одоо бол сайн нь ч 500 мянга, муу нь ч 500 мянга, адилхан авдаг. Хэдэн ч өвчтөн үзсэн ялгаагүй.
Тэгэхээр эмч нар өглөө номерынхоо хэдэн өвчтөнийг үзчихээд л цайны цагаараа гарч яваад үдээс хойш эргэж ирэхгүй байна. Түрүүнд нэг хүн хэлж байна, Эрүүл мэндийн салбарт болгоомжтой хандаарай гэж. Үнэндээ болгоомжтой хандаад байх юм байхгүй. Элгээрээ хэвтчихсэн байгаа. Амьсгаа тавих гэж байгаа хүнээс юунаас нь айх вэ?
Тэтгэврийн зөрүү яг арилсан уу?
Иргэн Санждорж: Тэтгэврийн зөрүүг арилгасан гэж ярьдаг. Таны хувьд яг арилгасан гэж үзэж байна уу? Яагаад үүнийг асууж байна гэхээр таныг хариулсны дараа надад бас тайлбарлах, өөрөөр үзэх шалтгаан байгаа юм л даа.
С.Эрдэнэ: Тэтгэврийн зөрүүг арилгах тухай хуулийг миний бие өөрөө санаачлаад батлуулж ажил хэрэг болгосон зүйл байгаа юм. Яагаад тийм хууль санаачлах болсон бэ гэвэл 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийхийг хавьгүй багаар тогтоосон байдаг.
Тэгээд олон мянган ахмадынхаа санал хүсэлтээр энэ хуулийг санаачлан, батлуулсан, тэр хууль маань батлагдсанаар 178 мянган ахмад иргэн тэтгэврийнхээ зөрүүг арилгасан байдаг. Надад бол их л талархдаг юм. Таны хувьд ямар гомдолтой байдгийг одоо сонсъё.
Иргэн Санждорж: Зөрүү арилгаснаар зуун мянган төгрөг нэмэгдсэн л дээ.
С.Эрдэнэ: Янз бүр байгаа. Зарим нь бүр 500 мянга ч нэмэгдсэн байдаг юм шүү.
Иргэн Санждорж: Аа тэр тийм байх. Тэрнээс хойш би хоёр жил тэтгэвэр авч байна, өмнө нь 18 жил хуучнаар авсан л даа. Гэтэл бүтэн 18 жил сар бүр 100 мянга дутуу аваад байсан болоод байх шиг. Тэгэхээр л зөрүү үнэхээр арилсан уу гэж асуугаад бай- гаа маань тэр.
С.Эрдэнэ: Аан зөв. Таны наад яриад байгаа асуудал бол зөрүү биш хохирлын асуудал байна. Зөрүүг бол арилгасан, хуулиас хойш адил хэмжээгээр авч байгаа. Хуулийн шинэчлэл, тэнцэтгэлээс болж өмнө авч чадаагүй мөнгө бол хохирол юм. Үүнийг үнэн хэрэгтээ нөхөн олговроор нөхөх ёстой. Гэвч харамсалтай нь таны авч чадаагүй тэр 18 жилийн дутуу мөнгийг өгөх сан манай Нийгмийн даатгалд байхгүй л дээ. Шууд дампуурна.
Гишүүн сайдын ажил гишүүн бус сайдынхаас илүү ахицтай байдаг нь үнэн
Иргэн Төмөрбат: УИХ-ын гишүүн Төрийн сайд байдгийг та юу гэж үздэг вэ? Аль нэг ажил нь цалгардах биш үү? “Хоёр зүйл байна л даа. Нэгд улс төрийн аль ч нам гаднаас хүн авчраад сайдаар тавихад хэцүү.
Гэр бүлийн үнэт зүйл гэдэг юмыг хүртэл намууд үгүй болгох нь.
Нөгөөтэйгүүр өнөөгийн бидний хууль боловсруулж буй орчинд үнэндээ гишүүн сайд нь бодлогоо боловсруулаад хуулиа бариад орж ирэх нь гишүүн бус сайдынхаас илүү ахицтай байгаа юм аа. Тиймээс хууль эрхзүйн орчноо л өөрчлөхгүй бол гишүүн сайдын ажил цалгардах биш, харин ч гаднын сайдынх цалгардах нь илүү болчихоод байна.”
Намууд байшин барилгаараа хүртэл өрсөлдөж байна
Хүмүүсийн яриа нийгмийн халамжаас илүү улс төр лүү шилжиж, цаашид өнөөгийн улс төрийн байдал, намууд, УИХ-ын гишүүдийн тухай болон өрнөв.
С.Эрдэнэ: “Намуудыг гишүүнчлэлгүй болгох нь зүйтэй. Үгүй бол одоо нэг гэр бүл дотор хүртэл маргаан тасрахгүй л байна. Гэр бүлийн үнэт зүйл гэдэг юмыг хүртэл намууд үгүй болгох нь. Намуудыг гишүүнчлэлгүй болгоод санхүүжилтийг нь ил тод байлгах хэрэгтэй.
Өнөөдөр намын хандив гэж хэдэн саяар биш хэдэн тэрбумаар тоологдох мөнгө яригдаж байна. Сүүлдээ бүр намууд байраараа уралдаж ч байх шиг. Энэ бүхнийг зогсоох ёстой” гэх мэтээр яриа удаан үргэлжилсний эцэст Элчин сайд Б.Алтангэрэл уулзалтыг хааж үг хэллээ.