Гаалийн байгууллагад онц байдал зарлажээ
Гаалийн ерөнхий газар
2013.10.09

Гаалийн байгууллагад онц байдал зарлажээ

Сангийн сайд Ч.Улаан саяхан Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбатад үүрэг өгсөн байна. Сайдаас өгсөн үүргийг хэрэгжүүлж О.Ганбат даргын тушаалаар гаалийн байгууллагын хэмжээнд 2013 оныг дуустал санхүүгийн онц байдал зарлажээ.

Энэ талаар эх сурвалжаас тодруулахад, “Улсын төсөв алдагдалтай байгааг хүн бүр мэдэж байгаа. Энэхүү алдагдлыг нөхөх үүргийг Сангийн сайд гаалийн байгууллагынханд өгсөн. Учир нь, гаалийн байгууллага төсвийн орлогын багагүй хувийг бүрдүүлэх ёстой ч ядаж нормоо биелүүлээгүй яваа” гэлээ.

Гаалийн байгууллага төсвийн орлогын багагүй хувийг бүрдүүлэх ёстой ч нормоо биелүүлээгүй

О.Ганбат даргын тушаалын дагуу ГЕГ-ын ихэнх байцаагчийг орон нутагт хуваарилан ажиллуулж байгаа ажээ. 2013 оныг дуустал хэрэгжүүлэх санхүүгийн онц байдлын хүрээнд төвөөс томилогдсон байцаагч гаалийн газар, хороонд ажиллаж зөрчил илрүүлэн улсын төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг авсан байна.

Дашрамд дурдахад, гаалийн ажилтнууд унаа, хоол, нэгж, сонин захиалга, урамшууллын мөнгөө цалингаасаа тусдаа авдаг. Энэ мөнгийг ГЕГ-аас түр хугацаагаар түдгэлзүүлжээ.