Улаанбаатарын 4-р цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх зээлийг дэмжлээ
Төсвийн байнгын хорооны хуралдаан
2013.10.08

Улаанбаатарын 4-р цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх зээлийг дэмжлээ

Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн зээлийн гэрээ”-ний төслийг УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор өчигдөр хэлэлцэн дэмжив.

Ингэснээр ДЦС-4 ТӨХК-ийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд шаардлагатай 4,2 тэрбум иений хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг энэ долоо хоногт эхлүүлэхээр боллоо.

Япон улсын Засгийн Газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Улаанбаатарын 4-р цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх “ төслийн талаар Эдийн засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам бол “ДЦС-4” ТӨХК-ний хамтарсан ажлын хэсэг танилцуулж хэлэлцүүлсэн байна.

Байгуулагдаад 30 жил болсон  ДЦС-4 ТӨХК-ийн тоног төхөөрөмжийг шинэчлэх энэхүү зээлийн хүрээнд Улаанбаатар хотын 70 хувийг эрчим хүчээр хангадаг тус дулааны цахилгаан станцын  үйл ажиллагааг найдваржуулснаар эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх юм.

 Станцын уурын турбинуудын  тохируулгын системийг цахилгаан гидравлик болгон өөрчлөн, хяналт удирдлагыг орчин үеийн системд шилжүүлж тоосон системийн  тээрмийн үндсэн эд ангиудыг шинэчлэн зуухны гадаргуугын бохирдлыг бууруулах техник, технологи нэвтрүүлэн шинэчилэх ажлуудыг төслийн хүрээнд гүйцэтгэж 2017 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.