300 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийн талаар ярилцлаа
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан БНТУ-ын Экзим банкны дэд захирал буюу зээлийн хэлтсийн дарга Алааддин Метиныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
БНТУ-ын ерөнхий сайд манай улсад айлчлах үеэрээ барилгын салбарт 500 сая ам долларын хөнгөлөлттэй зээл үзүүлэх боломжтой талаар ярилцсаны дагуу Турк улсаас зээл авах асуудал яригдаж байна.
Туркийн Экзим банк 300 сая ам долларыг жилийн 3,75 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай өгөх боломжтой гэдгээ Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханыг БНТУ-д ажлын айлчлал хийх үеэр илэрхийлсэн юм.
Туркийн Экзим банк 300 сая ам долларыг жилийн 3,75 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай өгөх боломжтой гэдгээ Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханыг БНТУ-д ажлын айлчлал хийх үеэр илэрхийлсэн юм.
Энэхүү зээлийг Улаанбаатар хотод 5000 айлын орон сууц барихын зэрэгцээ барилгын материалын үйлдвэрүүд шинээр барьж байгуулахад зориулах юм. Иймээс нөхцөл байдлыг газар дээр нь үзэхээр Туркийн Экзим банкны удирдлагууд манай улсад энэ өдрүүдэд ирээд байна.
БНТУ-ын Экзим банкны дэд захирал буюу зээлийн хэлтсийн дарга Алааддин Метин Монгол Улсын Засгийн газрын баталгаа чухал болохыг уулзалтын үеэр онцлов.
Экзим банк 20 сая ам доллараас дээш зээл олгоход баталгаа шаарддаг. Тиймээс баталгаа гаргасны дараа зээл олгоно гэлээ. Түүнчлэн орон сууцны барилга барихад Туркийн компанийг оролцуулах талаар хөндөв.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “5000 айлын орон сууц барих газрыг товлосон байгаа.
Энэ жил Баянголын аманд дэд бүтцийн ажлууд нь хийгдсэн” гэв.
Түүнчлэн жилд 200 мянгаас 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүдийн талаар мэдээлэл өгч эдгээр үйлдвэрүүдийн төсөлтэй танилцахыг хүслээ.
Уулзалтанд манай талаас БХБ-ын сайд Ц.Баярсайхан, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, СБТГ-ын дарга Г.Мэргэнбаяр, Туркийн талаас Түрк Улсын Экзим банкны дэд захирал буюу зээлийн хэлтсийн дарга Алааддин Метин, Азийн бүсийн зээл хариуцсан хэлтсийн даргын орлогч Фырат Дурсун, БНТУ-ын ЭСЯ-ны Дэд тэргүүн Тунжер Кыяак нар оролцлоо.
Туркийн Экзим банкны төлөөлөгчид манай улсад ажиллах үеэрээ Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банк, НЗДТГ, МҮХАҮТанхим зэрэг байгууллагуудтай уулзаж байна.