Эрчим хүчний яам-Нэг жилд
2013.10.02

Эрчим хүчний салбарт бүтээн байгуулалтын нэг жил өнгөрөв

Шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд эрчим хүчний салбарыг тусад нь яам болгон өрх тусгаарлаад нэг жил болжээ. Өнгөрсөн хугацаанд М.Сономпил сайдаар ахлуулсан Эрчим хүчний яам ямар ажил хийж өрнүүлснээ тайлагналаа.

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ард түмэндээ хүргэж буй тус тайланд 2013 онд хийж эхлүүлсэн чухал арга хэмжээгээ онцолж байв. Юун түрүүнд, эрчим хүч, дулааны хангамжийг нэмэгдүүлэх зорилготой станцуудын өргөтгөлийг дурдлаа. "ДЦС 4"-ийн цахилгааны хүчин чадлыг 100 Мегаваттаар нэмэх, дулаан хангамжийг цагт 180 Гегакалори нэгжээр сайжруулах өргөтгөл эхэлсэн.

Ирэх оны гуравдугаар улиралд өргөтгөлийг ашиглалтад өгснөөр "ДЦС-5" гэх шинэ эх үүсвэр ашиглалтад орох хүртэл үүсэх эрэлтийн эрчимжлийг хангах аж. Харин гуравдугаар цахилгаан станцын хүчин чадалд 50 мВт, 100 Гкал/цаг-ийн өргөтгөлийн ажил явж байна.

Сайн мэдээ нь 2013 он дуусахаас өмнө ажил дуусч, дулаан болон эрчим хүчний дутагдлыг бууруулах юм. Нийслэлийн зүүн хэсэгт эрчим хүч, дулааны хэрэгцээ өссөөр байгаа учир "Амгалан ДЦС"-ын ажлыг гацаанаас гаргаж, шуурхайлан эхлүүлсэн.

Одоогоор албан байгууллага, айл өрхийг нүүлгэн чөлөөлж, газар шорооны ажлаа шуурхайлж байгаа аж. 50 гаруй мянган айл өрхийг дулаанаар найдвартай хангах уг станцыг 10 сарын дараа бүрэн хүлээж авах төлөвлөгөөтэй.

Өөр нэгэн бүтээн байгуулалт Өмнөговь Чингис бондын хөрөнгөөс 50 сая ам.доллар хуваарилж, Таван толгойн уурхайг түшиглэн цахилгаан станц барих болсон. 2017 онд ашиглалтад орох станц нь 450 мВт-ын хүчин чадалтай байх аж. Эрчим хүчнийхэн ийнхүү орон нутагт анхаарахдаа 105 сумын иргэдэд хүрэх цахилгааны хангамжийг сайжруулжээ.

Улсын төсвөөр нийт 1276.2 км урт цахилгаан дулааны агаарын шугам барьж, дээрх сумдын дотоод сүлжээг шинэчилсэн байна. Мөн аймгийн төвийн хэрэглэгчдийг дулаанаар таслахгүй байх бодлогоо хэрэгжүүлж Увс, Ховд, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн төвд шинэ ДЦС, дулааны шугам байгуулж эхлэв. Эдгээр ажил 2013-2014 онд дуусах бол Баруун-Урт дахь дулааны станцыг энэ долоо хоногт ашиглалтад хүлээн авах аж.

Эрчим хүчний яам хийж хэрэгжүүлсэн ажлаасаа онцолж буй нэг зүйл нь эрчим хүч, дулааны шинэ эх үүсвэр болох "ДЦС-5"-ыг бүтээн босгох гүйцэтгэгчийг сонгосон явдал.

Эрчим хүчний яам хийж хэрэгжүүлсэн ажлаасаа онцолж буй нэг зүйл нь эрчим хүч, дулааны шинэ эх үүсвэр болох "ДЦС-5"-ыг бүтээн босгох гүйцэтгэгчийг сонгосон явдал. Одоогийн дөрөвдүгээр цахилгаан станцтай хүчин чадлаараа эн зэрэгцэх станцыг Франц тэргүүтэй консерциум байгуулна.

25 жил ашиглаад, улсад хүлээлгэн өгөх гэрээтэй ажил гурван ч удаа тууз хайчилж, сонгон шалгаруулалт болон нээлт хийж олон жил сунжирсаар Шинэчлэлийн Засгийн газрын үед бодит ажил болсонд ЭХЯ-ныхан баяртай байгаа юм. Их бүтээн байгуулалт 3.5 жилийн дараа бүрэн дуусч, үр дүнгээ өгч эхэлнэ.

Шинэ яамны хувьд сэргээгдэх эрчим хүчний тухайд тусгайлсан хэлтэс ажиллуулж, багагүй анхаарсан. М.Ангараг даргатай тус албаныхан 2013 онд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Салхит ууланд 50 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц хүлээн авсан билээ. "Ньюком" группийн барьж байгуулсан станц нь төвийн эрчим хүчний системд 30 гаруй мВт-ын цахилгаан нийлүүлдэг болсон.

Ингэснээр 150 мянган тонн нүүрс хэмнэж, хүлэмжийн хийн ялгарлыг 180 мянган тонноор бууруулсан тооцоо гарчээ. Энэ бүх ажлыг нэгтгээд ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт "Бүтээн байгуулалтын нэг жил өнгөрлөө” хэмээн дүгнэсэн юм.

-Эрчим хүчний үнэ тариф өөрчлөгдсөн байгаа. Үүний үр дүнд танай салбарын алдагдал, ялангуяа станцуудын алдагдал буурах шинж ажиглагдав уу?

ЭХЯ-ны ТНБДарга Д.Дэлгэрцогт:

-Бид мэдэж байгаа. Эрчим Хүчний эх үүсвэрүүд хуучирч, насжилт ихсээд шинэчлэлгүй хуримтлагдсан учраас санхүүгийн чадамж их суларсан. 2012 оны дүнгээр 66 тэрбум төгрөгийн алдагдалтай байв. Үүний улмаас үнэ өөрчлөх, нэмэх асуудал байнга ярьж ирсэн.

Шинэчлэлийн Засгийн газар манай салбарт үнийн хувьд олон талын судалгаа хийж өөрчилсөн юм. Үүнийг ард иргэд ч хүлээн зөвшөөрсөн нь юу гэвэл хэрэглээнээс хамаарч үнэ ханшийг тогтоох явдал. Тэгэхээр үнэ өслөө гэж хэлэх нь оновчгүй болов уу.

Д.Дэлгэрцогт: Эрчим Хүчний эх үүсвэрүүд хуучирч, насжилт ихсээд шинэчлэлгүй хуримтлагдсан учраас санхүүгийн чадамж суларч, 2012 оны дүнгээр 66 тэрбум төгрөгийн алдагдалтай байв.

Товчхондоо, зохистой хэрэглэж байгаа бол үнэ хэвээрээ, зохисгүй буюу их хэмжээгээр ашигласан тохиолдолд арай өндөр үнээр тооцож байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эрчим хүчний салбарын алдагдал 45 тэрбум төгрөг хүрсэн.

Гэтэл сая хэлсэн ухаалаг хэрэглээг үнэ ханшаар урамшуулах тогтолцоо наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн шүү дээ. Тэгэхээр алдагдал оны хоёрдугаар хагасаас л нөлөөлнө гэсэн үг. Бидний урьдчилан тооцоолж байгаагаар салбарын алдагдлыг зургаа орчим тэрбум төгрөгөөр бууруулах болов уу.

Гэхдээ эцсийн дүн 2014 онд гарна, тэр үед салбарын шинэчлэл бүрэн хэмжээгээрээ хэрэгжинэ. Ерөнхий үр ашгийн төсөөллөөр алдагдлыг 30 орчим тэрбум төгрөгөөр бууруулах боломжтой гэж үзэж байгаа. Гэхдээ зардал нэмэгдэх шалтгаан бий. Жишээ нь, ОХУ-аас бид шаардлагатай, үед 170 мВт хүртэл эрчим хүч импортолдог.

Өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээний үед найдвартай байлгах үүднээс 210 мВт хүргэж өсгөсөн. Тэгэхээр төдий хэмжээнд зардал нэмэгдэнэ гэсэн үг. Одоо есдүгээр сарын байдлаар импортолсон эрчим хүчний зөрүүний төлбөрийг мянганы сорилтын сангаас төлөхөөр байгаа. Хойшид үүсэх зөрүү төлбөрийг манай салбар бие даан хариуцах юм.

-2013-2014 оны өвөлжилт манай дулааны системд нэлээд том сорилт болно. Доголдол үүсч, хөлдөж болзошгүй гэж яриад байгаа. Энэ бүхэн хэр үнэний ортой вэ?

"Дулааны шугам сүлжээ" ТӨХК-ийн захирал Н.Хайдав:

-Улаанбаатар хотын 2, 3, 4 дүгээр ДЦС-аас гаргадаг дулааны хэмжээ цагт 1585 Гкал байдаг. Ирэх өвлийн байдлаар 1580 Гкал/цаг хэрэглээтэй байна гэсэн тооцоо гарлаа. Ингэснээр нийлүүлэлт, хэрэгцээ хоёр тэнцлээ гэсэн үг. Ирэх оноос ДЦС-уудын өргөтгөл, шинэ станц ашиглалтад орохоор хүндрэл харьцангуй багасна. Тэгэхээр энэ өвөл үнэхээр анхаарч, бүх хүчин чадлаа дайчилж, бэлэн байдалд ажиллах хүнд үе болох юм.

-Өчигдөр/уржигдар/ 2, 4 дүгээр дулааны цахилгаан станцад гэмтэл гарсан гэж байсан. Энэ ямар шалтгаантай байсан, хэрхэн шийдвэрлэсэн бэ. Цаашид ийм зогсолт гаргахгүйн тулд ямар арга хэмжээ авсан бол?

ЭХЯ-ны Эрчим хүчний хэлтсийн дарга Д.Чимиддорж:

-Ням гарагт "ДЦС-4"-т хүчдэлийн бууралт болсноор нэг зуух зогссон байгаа. Энэ техникийн шалтгааныг тогтоож, шуурхай арга хэмжээ авч импортоор 200 орчим мВт цахилгаан оруулж ирсэн. Гэвч хэрэглээ энэ хязгаарыг давсан учраас төвийн бүсийн зарим газарт эрчим хүчний хязгаарлалт хийсэн юм. Одоо бол станцад гарсан алдааг засч, бүх зүйл хэвийн ажиллаж байна.

ЭХЯ-ны ТНБДарга Д.Дэлгэрцогт:

-Нөхцөл байдлыг ерөнхийд нь тайлбарлалаа. Би ч өмнө нь хэлсэн манай эрчим хүчний эх үүсвэрүүд хуучирсан. Тиймээс цаашид бид өргөтгөл биш шинэчлэл хийе гэдэг санал гаргаад Эдийн засгийн хөгжлийн яамтай зөвшилцсөн байгаа. Энэ бол дэвшилтэт технологи, техникийн шинэ үе авчирна гэсэн үг.

Дөрөвдүгээр станц маань 30 гаруй жил ажиллалаа, хоёрдугаар станц гэхэд 48 жил болж байна. Өргөтгөөд байх боломж улам хомсодсон шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Нэг тоо хэлье. "ДЦС-4" гэхэд жилд 14 тэрбум төгрөгийг том болон бага тоног төхөөрөмжийн засварт зарцуулдаг юм шүү дээ.

-Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн зун дулаан, эрчим хүчний салбарын үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр зөрчилтэй болон цахилгаан, дулааны дэд бүтэц дээр барьсан барилгыг буулгах талаар ярьж байсан. Энэ ажил ямар үр дүнд хүрсэн бэ?

"Дулааны шугам сүлжээ" ТӨХК-ийн захирал Н.Хайдав:

-Нийслэлийн Засаг дарга Бат-Үүл манай байгууллагын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцахаар ирэхдээ тодорхой үүрэг, захирамж гаргасан. Зөрчилтэй барилгыг дулаанаар хангахгүй байхыг сануулсан юм. Ялангуяа, дулааны хангамж доголдох магадлалтай, хамгийн эрсдэлтэй бүс болоод буй Баянзүрх дүүрэг, Зайсангийн нутаг дэвсгэрт барьсан зөрчилтэй барилгад дулаан олгохгүй.

Хамгаалалтын шугам зөрчсөн 300 гаруй тохиолдол бүртгэгдсэн.

Ийм зөрчилтэй байгууллагын нэрсийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан зарласан. Нөгөө талаас дулааны шугам, дэд бүтцэд ойрхон буюу дээр нь барьсан зөрчилтэй барилгын талаар яригдсан. Хамгаалалтын шугам зөрчсөн 300 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Яг дэд бүтэц дээр барьж, байгуулсан 33 барилга бий.

Хэрэв нийслэлийн Газрын албаны зөвшөөрөлтэйгөөр барьж байгаа бол тухайн зөвшөөрлийг цуцлуулах захирамж гарсан. Зарим газарт ийм захирамж гаргаад, газар олгосон шийдвэр хүчингүй болсон. Харин заримыг нь хуулийн байгууллагаар дамжуулан зөрчил арилгуулахаар ажиллаж байна. Бүх зөрчил хараахан шийдэгдээгүй.