2013.09.30

УИХ-ын байнгын хорооны дарга, гишүүд амралтын өдрүүдэд хэнтий аймгийн тариалангийн бүсэд ажиллалаа

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Ганбат нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Хэнтий аймгийн газар тариалангийн гол бүс- Хурх тосгонд энэ амралтын өдрүүдэд ажиллаж, тариа хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажлын явцтай танилцан тариаланчдын санал хүсэлтийг сонслоо. Энэ үеэр гишүүд улсын үрийн будаа хадгалах зориулалттай Шар талын үрийн агуулахын байдлыг үзэв. Энд энэ жил Хятадын Засгийн газрын хөнгөлттэй зээлээр 10 мянган тоннын багтаамжтай үр тариа хадгалах сав /элеватор/ баригдах байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдоод байна.

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Ганбат нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг.

Харин ОБЕГ-ын харъяа 3000 тоннын багтаамжтай улсын үрийн будааны хоёр агуулахын нэгийг нь засварлаж нөгөөхийн нь хана, дээврийн засвар дутуу орхигдоод байгаа юм байна. Үүнд арав гаруй хоногийн өмнө ирж ажилласан ҮХААЯ-ны ажлын хэсэг засварын 5 сая төгрөг шийдэж өгөхөөр амлаад явсан ч одоогоор мөнгө орж ирээгүй байгаа аж. Иймээс тариа хураалт ид явагдаж байгаа энэ үед дээрх агуулахыг яаралтай засварлах шаардлагатай байгааг гишүүдэд танилцууллаа. Энд нэг ноцтой зүйл нь засвар хийсэн агуулахад шинээр хадаж бэлтгэсэн улсын нөөцийн өвсийг нойтон шахуу хурааж хадгалж байгаа нь галын аюул дагуулах эрсдэлтэй байна. Нойтон өвс халж гал гарч болзошгүйг хариуцсан ажилтан нь хэлж байгаа ч дээрээс ирсэн тушаалыг биелүүлэхээс өөр аргагүй гэх аж. Тэгвэл гамшиг ослоос урьдчилан сэргийлж, тэмцдэг байгууллага маань өөрөө ийм аюултай нөхцөл байдал үүсгэж галын аюул осол гаргахаар байдалтай байна.

Тариаланчдад одоо тулгарч байгаа асуудал бол хураасан тариа будаагаа хадгалах агуулах сав, мөн ургацын чанар буюу тариа будааны цавуулаг Хэнтий аймгийн хэмжээнд тааруухан байгаа асуудал, тариа хураалтын ид үед малчид тариаланчдын хооронд үүсдэг мал тарианд ордог зөрчил маргааныг хууль эрх зүйн хүрээнд зохицуулах талаар саналаа тавьж байна.

Энэ жил Хэнтий аймаг 8000 га талбайгаас нийтдээ 12000 тонн үр тариа хурааж авахаар байна.

Ирэх хавар 11 000 га-д тариалах бэлтгэл буюу уринш хийж жилээс жилд газар тариалангийн үйлдвэрлэл сэргэх тийш хандсан, олон аж ахуйнууд газар тариаланд шинэ техник, технологитой орж ирж байгаа юм. Энэ байдалтай танилцаад Хэнтий аймагт үр тарианы элеватор агуулах шинээр барих хөрөнгийн асуудлыг ирэх оны төсөвт суулгах, энэ намрын чуулганаар хэлэлцэх “Газар тариалангийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичигт тариаланчдын санал бодлыг тусгах, эрх зүйн орчны нь тодорхой болгох нь чухал байгааг гишүүд хэлж байна.