Н.Алгаа: Лиценз нь хүчингүй болсон компаниуд 80 гаруй тэрбумын хохирол амссан
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа
2013.09.09

Н.Алгаа: Лиценз нь хүчингүй болсон компаниуд 80 гаруй тэрбумын хохирол амссан

Хууль бусаар олгосон уул уурхайн 106 тусгай зөвшөөрлийг Баянгол дүүргийн шүүхээс хүчингүй болгосон. Энэ талаар Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаагаас тодрууллаа.

-   Шүүхийн шийдвэрээр 106 тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Танай байгууллага үүнд ямар байр суурьтай байна бэ?

Энэ асуудал Ашигт малтмалын газрын дарга, Кадастрын газрын дарга хоёртой холбоотой эрүүгийн хэрэг. Гэтэл шүүх үүнд “Хохирогч тал байна уу, гэрчүүд байна уу” гэхгүйгээр шүүхийн эцсийн шийдвэрийг гаргасан. Нэг ёсондоо зөвшөөрлөө хүчингүй болгосон 24 аж ахуй нэгж, байгууллага гэрч шүү дээ.

Гэтэл шүүх гурван шатны хурлаар тэднийг оролцуулахгүйгээр зөвхөн шинжээчдийн дүгнэлтэд үндэслэж шийдвэр гаргасан байна. Шүүх энэ хэргийг тал бүрээс нь нягтлан нотлон судалж шийдвэр гаргах ёстой байсан. Үүссэн асуудалд хохирсон хохирогчдын асуудлыг бодоогүй. Тиймээс шүүхийн шийдвэр оновчгүй болсон.

-Тусгай зөвшөөрлөө хүчингүй болгосон 24 аж ахуйн нэгж танай байгууллагын гишүүд үү?

Тийм. Бидэнд хандаад асуудлаа хэлээд ярилцаж болно.

-Танайх гишүүн байгууллагуудаа хэрхэн хамгаалах вэ. Давж заалдах ч юм уу?

Ийм эрх зүйн орчин манай байгууллагад байдаггүй. Учир нь энэ хэрэг төрийн албан хаагч албан хэргээ урвуулан ашигласан эрүүгийн хэрэг учраас бидэнд тийм эрх байхгүй. Шүүхийн үйл явц дунд шүүх гэрч болон хохирогч талуудыг оролцуулаагүй нь хуулийн дагуу лицензээ аваад үйл ажиллагаа явуулж байсан компаниудад маш том хохирол учруулсан.

Багануурын уурхайн хувийн компанийн лицензийг хүчингүй болголоо

-Энэ олон компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос болж 55 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт зогссон гэсэн?

-Гаднаас орж ирэх 55 тэрбум төгрөгөөс гадна энэ салбарт орж ирсэн 25 тэрбум төгрөг гацаад байна. Зарим компани баяжуулах үйлдвэрээ бариад үйл ажиллагаагаа явуулж байсан. Одоо энэ асуудлаас болж ажил нь зогсоод байна.

- Манайх Хөрөнгө оруулалтын тухай хуулиа шинэчлэх гэж байна. Та энэ хуулийн талаар ямар байр суурьтай байна?

Энэ хууль нэг мөр болбол эрх зүйн хувьд маш таатай Орчин бүрдэнэ. Учир нь энэ олон хуулийн өөрчлөлт болон дээрх хэргээс болоод гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд хүлээлт үүсээд байгаа юм. Харин удахгүй гарах нэмэлт өөрчлөлт энэ асууДлыг шийднэ гэж бодож байна.